3-р сарын 8-ны өдөр баярын өдөр үү, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр үү

2016 Оны 3 Сарын 7

1910 онд 2-р Интернационал анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн чуулганыг “Конценхаген” хотноо хуралдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгожээ. Тус баярын санаачлагыг Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин гэж үздэг бөгөөд анх хэзээ санаачилсан нь тодорхойгүй байдаг байна.

Ингээд анх тус баярыг 1911 оны 3 сарын 19-нд Австри, Дани, Герман, Швейцари зэрэг орны сая гаруй хүн тэмдэглэж байсан түүхтэй аж. Дэлхийн Улс орнууд тус баярыг бүх нийтийн баярын өдөр болгон тэмлэж эхэлсэний учир нь эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зорилоготой юм. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг өмнө нь Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр хэмээн жил бүрийн 3-р сарын 8-нд өргөнөөр тэмдэглэн иржээ.

Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай тус баярыг Зүүн Европ, Орос зэрэг хуучин Зөвлөлтийн блокийн орнуудад өргөн тэмдэглэдэг. Сүүлийн үед ихэнх улсад “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдөр гэх утга нь алдагдаж харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд хайраа илэрхийлэх болон, Эх үрсийн баяр , Гэгээн Валентины өдөр зэрэг олон баяртай төстэйгээр тэмдэглэдэг болсон нь энэ өдрийн үнэ цэнийг алдагдуулж байгаа юм. Монгол улсад ч мөн адил уг өдрийг хэт тууширч баярын шинжтэй болгон тэмдэглэдэг. Харин зарим томоохон улс орон болон бүс нутгуудад “Нэгдсэн Үндэстний Байгууллага” анхны улс төрийн, хүний эрхийг хамгаалах утгыг нь хадгалах зорилготой, даян дэлхийн эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгч, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг байна.

Дашрамд хэлэхэд 1911-оны 3 сарын 25-нд Нью-Йорк хот дахь нэгэн оёдлын үйлдвэрт гал гарч, 140 ажилчин нас барсны ихэнх нь эмэгтэй байсан бөгөөд аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас нас барагсдын тоо олон болсон гэж үзсэн бөгөөд энэ нь ч нөлөөлж Дэлхийн нэгдүгээр дайны өмнө буюу 1913 оны 3 сарын 8-нд Европ даяар энхтайвны төлөө жагсаал өрнөж байжээ.

Эх сурвалж: Miss.mn

Нийтлэгч: Э.Намуунзаяа