"3узаан"-аараа зуунтай тэнцэх зургаан сар

2017 Оны 1 Сарын 25

Ардын нам энэ удаад төрийн эрх бариад зургаан сар боллоо. Соёолон морьд шиг хурдтай хүчтэй залуу удирдагчдын баг сонгогчдын даалгаврыг биелүүлэхээр гарааны зурхайгаас нижигнэнхэн хөдөллөө. Тэд энэ зургаан сарыг “зузаан”-аараа зуунтай тэнцэхүйц болгож чаджээ. Юуны түрүүнд нөхөр Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгосон нь энэ цагийн өнгөн дээр нүдээ олсон зөв сонголт болсон гэж харж байна. Ямар ч атугай зөв шударга тэмцлийг удирдан зохион байгуулах авьяас чадвартай төрийн зүтгэлтэн мөн гэдгийг өнгөрсөн зургаан сарын буцлам халуун үйл явдлууд нотлон харууллаа. Мөхөс миний анзаарснаар бол нас, мэргэжил, мөс жудаг, дотоод ухаан, гадаад төрх байдлаараа энэ хүн Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд бүрнээ тохирч байна. Түүнээс гадна Ардын намын дэвшүүлсэн Шадар сайд У.Хүрэлсүх, Хэрэг эрхлэхийн сайд Ж.Мөнхбат, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Байгаль орчны сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам, тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн гээд чухам л арслангийн аманд гараа хийхээс буцахгүй залуу сайд нар зоригтой ажиллаж байгааг тэмдэглэе. Дөрөв хөрвөсөн ат ачааны хүндийг даана, дөч эргэсэн эр хүн ажлын хүндийг даана гэж манай ард түмэн яалт ч үгүй мэргэн сургажээ. ХХ зууны Монгол Улс үнэхээр л дөч эргэм насны Ерөнхий сайдтай үедээ л ялж мандаж байсан. Догсомын Бодоо 35, Пэлжидийн Гэндэн 38, Анандын Амар 42, Юмжаагийн Цэдэнбал 37 насандаа тус тус Монголын гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх албанд тохоон томилогдоод албан үүргээ нэр төртэй биелүүлж явсан түүх байдаг. Залуу сайд нараар зонхилон бүрдсэн энэ удаагийн Засгийн газар нь “ноёдын хулгай” хэмээн нэрлэж болох маш хүнд хэцүү боловч түүхий өндөг шиг өвөрмөц эмзэгхэн нэгэн асуудлыг сөхжээ.

“Ноёдын хулгай” гэдгийн ноёдод баг, хорооны Засаг даргаас эхлээд төр, засгийн тэргүүн хүртэл бүх албан тушаалтныг хамруулж байна. ”Ноёдын хулгай” гэж ноёдыг хулгайлдаг хулгайг бус ноёдын хийдэг хулгайг нь хэлж байна. Төрөөс төрсөн тэрбумтнууд гэдэг шиг “төрөөс төрсөн хулгайч” гэж байдгийг дэлгэн тавилаа. 

Үүгээр зарчмын хувьд түүхэн эргэлтийн чанартай тэмцлийг эхлүүлж амжлаа. Үүнээс үүдэн “зузаанаараа” зуунтай тэнцэх зургаан сар гэж томьёоллоо. Асуудлаар дүүрэн Монголын хазгай хэлтгий бүхнийг тэгшлэхийн тулд давын өмнө бодлогын шинэтгэл хийхийн хамт “ноёдын хулгай“-г уудлан илчилж устгах агуулга бүхий шинэ тэмцэл өрнүүлэх хэрэгтэй болсныг шинэ удирдагчдын баг яалт ч үгүй залуу тулдаа л онч мэргэн онилж чадсан шиг байна. Монгол оронд учраад байгаа эдийн засаг санхүүгийн өнөөгийн хямрал гэдэг нь Монгол Улсын хамаг л өнгөтэй өөдтэй бүхнийг юуны түрүүнд хулгайч ноёдын хүчирхэг бүлэглэлүүд цөлмөж, хуурайлсны балаг мөн болох нь танигдлаа. Тэгэхээр Монгол Улс хямарсан бус харин хамаг байдаг мөнгө, санхүүгээ мөнөөх хулгайч ноёдын бүлэглэлүүдэд хуу хамуулчихаад, “модоо барих”-ын даваанд тулсан юм байна. Үүнийг бүхнээс түрүүнд анзаарч, бодит байдлын мэдээлэл өгөх хэлбэрээр анх илчлэн тавьснаараа түүхэнд дурсагдах томоохон үйл хэрэг бүтээхээр зориглон эхэлсний төлөө Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баяр хүргэе. “Ноёдын хулгай” гэдэг бол манайхны мал, машин, халаас, орон байрны гэхчлэн нэрлэдэг хулгай шиг эгэл жирийн хүний хийж чаддаг  бусармаг үйлдэл хараахан биш байна. Өөрөөр хэлбэл, ямар ч алдартай “шилийн сайн эр” хийж үл чадах үлэмж нууц аргачлал бүхий мэргэжлийн хулгай мөн байна. Ноёдын хулгайч гэдгийг амьд дүрээр нь сэтгэе гэвэл хэлтгий захтай шар хамбан дээл өмсч, улаан орхимж ороож, том эрхи зүүсэн, эрээн алаг муур багштан ном судар айлдах дүр үзүүлэн хуурч байгаад гэнэн цайлган сэтгэлтэй ам цагаан хулганыг сэм сэмхэн барьж идэж байгаагаар төсөөлөхөд л болно. Учир нь, эдгээр хулгайч ноёд түшмэд бол ”муур багш”-ийн хүмүүн төрөлтөн мөнөөсөө мөн. Ноёдын хулгайч  гэдэгт миний бие төр, засгаа мэхэлдэг авлига хээл хахуулийн, татвараас зайлсхийж завшдаг (өршөөлөөр илэрсэн 30-40 их наядын эзэд, оффшор дансныхан шиг) татварын орлогын, төрийн өмчит Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг томоохон уул уурхайг тойрсон хэсэг бүлэг луйварчин, банк санхүү тойрч мөнгө хүүлдэг, мөнгө угаадаг, валютын ханш хөөрөгддөг мөнгө санхүүгийн дээрэмчин, төрийн зөвшөөрөл тойрч лиценз, тендер, панзалдаг дамчин хулгайч нарыг хэлж байна. Хамгийн адтай нь, олон түмэнд ихэд итгэгдсэн төрийн албан тушаалтан хийгээд тэрбумтан баячуудын нэр сүрээр халхавчлан хийдэг хулгай тул хэд хэчнээнийг халаасласан ч ял завшин үлдэж болдог “эзэндээ ээлтэй хулгай “ мөн бололтой. Даян дэлхийн энх тайвны хөдөлгөөнийг санаачлан манлайлагч, их эрдэмтэн агсан Ж.Кури бээр “Зарчимгүй, болчимгүй хүнд эрдэм бүү өг, хэрэв тэдэнд эрдэм өгчихвөл түүгээрээ ард түмнийг хохироож зовооно” гэж хэлсэн тухай уншсанаа саналаа. Манайд одоо иймэрхүү л хүнд гачлан тохиолдоод байна. Сонин сэтгэгдэл ч төрдөг боллоо. Юу гэвэл, ноёдын хулгайч болгох гэж эрдэм ном сургаж, нам төрийн зүтгэлтэн болгодог юм шиг дүр зураг тодорч байна. Гэвч яалаа гэж тийм байх билээ. Хүүхэд залуусыг бага балчраас нь мөс жудагтай, үнэнч шударга хүн болгон хүмүүжүүлж тэр бүр чадахгүй байгаагаас энэ төрлийн хулгай ийнхүү хуурай газрын “цунами салхи” болтлоо газар авсан шиг байна.

Нэр нэгтийн чих нэг, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр “ноёдын хулгай” гэж ярихаар хийсэн нүгэлгүй, шулуун шударга бусад сайд, дарга, баяд ноёд, ажил хэрэгч түшмэдийн чих халууцаж байж болох юм. Гэвч санаа зовох явдалгүй. Монголын ард түмэн чухам хэн нь хар бараан мөртэй хулгайч, хэн гуай нь сүүн цагаан явдалтай зүтгэлтэн мөн болохыг нэр цохон хуруугаараа чичлэхгүй байвч зөн совингоороо ялган таньж байгаад итгэж болно. Энэ төрлийн хулгайн тухайд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн, Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт, Ч.Хүрэл­баатар, Ж.Энхбаяр, Д.Хаян­хярваа, Ц.Даваасүрэн, Г.Зандан­шатар, Т.Аюурсайхан, Д.Тэр­бишдагва, хатан зоригт эмэгтэй Д.Сарангэрэл, Ц.Цогзол­маа М.Оюунчимэг зэрэг Ардын намаас төрсөн төрийн мэргэн түшээд түүнийг өөрийн өнцгөөс харж, өөрийн үг хэллэгээр улам хурц тод илчлэхийн хамт эдүгээ Монгол орны нөхцөл байдал улам хүндэрч байгааг сануулж байна. Бас Ж.Батзандан, О.Баасанхүү, З.Нарантуяа зэрэг сөрөг хүчний зарим түшээ ч хүч нэмэн дэмжиж байгаад талархах ёстой биз. Ноёдын хулгайтай тэмцэхэд намчирхах шаардлага огт байхгүй ээ. Филиппинд хар тамхичид, Хятадад авилгачидтай эрс шийдэмгий тэмцэж байгаа шиг манай Монголд “ноёдын хулгай”-тай эрслэн тэмцэх халуухан тэмцэл нэгэнт эхэлжээ. Ухрах газар үлдээгүй. Азнах хугацаа ч байхгүй. Хэрвээ өчүүхэн төдий алгуурлах гэвэл сөрөг дайралт хүчээ авч, энэ төр засгийг арчаад хаячих нигууртай. Манай ахмад нөхдийн анзаарснаар бол “ноёдын хулгай”-тай хийх тэмцэл анх эхэлснээ бодвол баахан сулраад “эсгий татсан хөгшин азарга” гэдэг шиг нэг л сулбайгаад явчихлаа. Ийм байж огт болохгүй. “Ноёдын хулгай”-тай хийх тэмцэл бол эцсийн бүлэгт монгол түмний тэнгэрлэг хувь заяаны төлөө, ядуурлаас ангижирч нийтээр чинээлэг амьдрах боломжийн төлөө тэмцэл мөн тул түүнийг сулруулбал эх орноосоо урвахтай агаар нэгэн ухралт болно. Саяхан болсон МАН-ын ээлжит бага хурал дээр намын  дарга М.Энхболд Эрдэнэтийн 49 хувьд Ардын намаас  нэг ч хүн оролцоогүй гэж хэлсэнд сэтгэл цэлмэлээ. Үүгээр сэтгэлийнхээ бачимдлыг нэгэн зуур тайлаад ахмадын талаар цөөн үг хэлье. Ойрын өдрүүдэд ахмад буурлууд туйлын их баяртай байна. Шив шинэхэн Засгийн газар хийгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ахмадуудын талаар шинэ хуулийн төсөл оруулж ирлээ. УИХ үүнийг үзээд эвэртэй туулай үзсэн мэт бишүүрхсэнгүй, харин ч дэмжин сайшааж байна. Өнөөгийн өндөр настан бид азтай юм байна. Учир юу гэвэл, ахмадуудын үүрэг зорилго, тэдний жаргал зовлон гэдэг нь миний ойлгож байгаагаар бол хан хорвоогийн хамгийн эмзэг нарийн бөгөөд туйлын эрхэм нандин асуудлын тоонд зүй ёсоор орно. Насыг нь наслаагүй бол эрдэм ухааны таамаг баримжаагаар төдийлөн сайн танигддаггүй нэн бэрхтэй хорвоо энд оршин байдаг. Алдарт Бермудын гурвалжин, аль эсвэл нисдэг таваг гэгчтэй зүйрлэхэд алдаа болохгүй. Ахмад настан гэдэг нь монгол гүрнийг сүмбэр уул гэвэл бэл нь, сүн далай гэвэл ундарга нь, ургамал ногоо гэвэл үндэс нь, түмэн настын бэлгэдэл гэвэл хас тэмдэг нь гарцаагүй мөн байна. Энэ л онцгой чанараараа монгол эх орныг хүн, мал, хөрөнгө мөнгөтэй нь халуун хэвлийгээсээ төрүүлсэн өрлөг дээдэс нь өөр хэн ч биш зөвхөн манай элэнц хуланц, өвөө эмээ, аав ээжүүд юм. Энэ өнцгөөс харвал өнөөгийн УИХ нь Монголын ахмад настны халдашгүй дархан байдлыг хуульчлан тогтоохоор ухаанаа уралдуулж байна. Тийм ээ, манай ахмадууд бол заавал биелүүлдэг түүхэн үүрэг зорилго, зайлшгүй дагадаг түгээмэл ариун ёс суртахуунтай өрлөг дээдэс мөн. Тэдний түүхэн үүрэг хариуцлага бол Монголын үндэсний дэвшилт өв уламжлал, ёс заншил хийгээд хэл соёлыг нүд цавчихгүй харуулдан манаж хойч үедээ ариун дагшнаар нь дамжуулж өгөх явдал. Харамсалтай нь, манай Монголын өндөр настнууд даан ч цөөхүүлхнээ үлджээ. Монголын бүх хүн амын ердөө найм орчим хувь нь тэтгэврийн ахмадууд гэсэн тоо баримт байна. Арван хоёр хүний дунд ганцхан ахмад настан оногддог гэсэн үг. Ийм цөөхүүл тул цаг чөлөөгүй хүүгэх даяаршлын жихүүн шуурганы өмнө хүчин мөхөстөж тэр хэмжээгээр Монгол эх орон минь монголоо алдсаар л байна. Тэгтэл Япон зэрэг улсад арван хүн тутмын 3-4 нь өвөө эмээ нар байдаг учраас тэд үндэснийхээ өв соёлыг ариун дагшнаар нь хамгаалж чаддаг байгаа юм. Тэгэхээр ахмад настныг урт удаан наслуулан хүн амд эзлэх тоо хэмжээг ахиулах нь төрийн бодлогын том асуудал болж байна. Үүнийг манай залуу удирдагчид олж харсны ач буянаар энэхүү асуудлыг өнөөдрийн далай шиг их ажлын дундуур зориуд цаг чөлөө гарган хэлэлцэж байгаад талархаж байна. Монголын ахмадууд ялангуяа 80-аас дээш насныхан урд өмнө нь үзэж мэдэхгүй олон том бэрхшээлтэй нүүр тулгарч байна. Энэ бол энгийнээр хэлэхэд, нийгмийн зүгээс ирж байгаа сэтгэл оюуны хүнд дарамт шахалтын тухай асуудал юм. Эрт галбын үед нүүдэл гүйцэхгүй болсон өндөр настнаа алсын уулын энгэрт амьдаар нь залж орхиод нүүдэг байсан гэх зүрх шимшрэм домог яриа байдаг. Хөөрхий тэднийг төдөлгүй хээрийн зэрлэг араатнууд бариад л идчихдэг байсан биз. Тэгтэл алс утгаар нь сэхээрвэл түүнтэй бараг л агаар нэгэн гэмээр оюун сэтгэлийн шаналал настан буурлуудад олонтаа тохиолдож байна. Өндөр настныг улс нийгэмд одоо ч хэрэгтэй хүн хэвээр байгаа гэж үзэхгүй үл тоомсорлох, амьд сэрүүн байхад нь ор тас мартах, нэгэнт туулсан ухамсарт амьдралынх нь утга учрыг үгүйсгэн ад шоо үзэх зэрэг хүний ёсноос гажсан бүдүүлэг явдлыг энд хэлж байна. Энэхүү зэрлэг араншин өнөө үеийн өндөр настны сэтгэл оюуныг араа шүдээ арзайлгасан махчин араатан шиг дотроос нь зулгааж байгаа юм. Эзгүй хээр зэрлэг араатны дунд орь ганцаараа хаягдсан мэт айж эмээхэд хүргэж, хорхойд ч хоргүй хөөрхий эмзэгхэн сэтгэл зүрхийг нь хайр найргүй хэмлэж байгаа энэ л аюул хөнөөлийг зохих хэмжээгээр ухамсарлаж, түүнийг алхам алхмаар холдуулж зөөлрүүлэхсэн гэхдээ энэ удаагийн УИХ, Засгийн газар нэн чухал хуулийн төсөл санаачлан хэлэлцэж байна хэмээн чин сэтгэлээс талархаж байна. Ахмадуудад бэлэг сэлт, эмнэлэг сувилал, халамж тэтгэвэр маш чухал хэрэгтэй нь үнэн боловч цаашид золгон учрах хорвоогийн шаргал өдрүүдийг сэтгэл амар туулахад урам зоригийг байнга сэргээж байх шаардлага бийг дурдъя. Энд онцлон хэлэхэд,  ”насны хишиг” хүртээх журам тогтоох гэж байгаа нь хүнийг өндөр нас насалсны төлөө шагнан урамшуулж буй цоо шинэ бөгөөд цаашид насны буян хайрласан утгаараа түүхэнд алтан үсгээр бичигдэх бурханлаг санаачлага хэмээн үнэлж байна.

 

Х.ЦЭВЛЭЭ 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн

 

 

Бидэнд ирсэн санал хүсэлтүүд:

Сайнаа МАН-ын залуу гэр болон 4 өөс дээш хүүхэдтэй айлыг хамгийн түрүүнд орон сууцжуулна гэсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа. Мөн гэртээ суугаад хүүхдээ хардаг эмэгтэйчүүдийг дэмжих бодлогуудыг дэмжиж байна. 86989547
Билгүүн Би ирээдүйд улс орноо нуруундаа үүрч явах Монгол улсын залуу иргэн. Би хариуцлагатай зөв хүн байж, өөрийн хийж чадах зүйлээрээ улс орондоо хувь нэмэрээ оруулна. Намайг эх орондоо амар тайван ажиллаж амьдрах боломжийг МАН бүрдүүлж чадна гэдэгт итгэж байна . 88974841 muunuu_1@yahoo.com
Саруулгэрэл Монгол Ардын намынханд итгэж байна. Та бүхэн ялж байж ард олон арай амар жимэр амьдарна гэдгийг өнгөрсөн 4 жил маш сайн ойлгож авлаа. Та бүхэнд амжилт хүсье saynaa_nu@yahoo.com
register-РХ93072611 МАН-д итгэж байна. Туршлагаараа ч боловсон хүчнээрээ ч тэр МАН яалт ч үгүй илүү нам. Нийслэлчүүд та бүхэн дахиж битгий алдаарай гэж захимаар байна аа 99197042 vinsanity.vinsanity@yahoo.com
register-РХ93072611 Амжилт хүсье. МАН заавал ялаарай. Өнгөрсөн дөрвөн жил ард түмний амьдрал үнэхээр хүнд хэцүү болж, өдөр хоногийнхоо хоолноос илүүг бодож чадахгүй хэмжээнд хүрлээ. Уг нь үндэстэн мөрөөдөлтэй бол улс хөгжинө гэдэг. Ингэж ард түмэн нь хоолоо яая даа гэж бодоод өдөр хоногийг өнгөрөөгөөд байхаар яаж улс орон маань хөгжих билээ дээ. Та бүхэн ялж улс эх орон, ард түмэндээ ээлтэй бодлого хөтөлбөрөө сайн хэрэгжүүлээрэй. Би МАН-ын нэр дэвшигчид санал аа өгнө. 99197042 vinsanity.vinsanity@yahoo.com
otgonbayr Сайн байна уу? Би танай намыг дэмждэг залуу байна аа. Та бүхнийг дэмжиж туслахад бэлэн байгаагаа илэрхийлж байна аа. 95209817 oodko_zurg@yahoo.com
С.Амаржаргал Цахим нам хэсгээр чинь танай намд бүртгүүлсэн. Нэлээд удаж байна. Одоог болтол эргэж холбоо барьсангүй. Намын батлахаа авсангүй. БИ бодохдоо эргэж холбоо бариад намын үүрээр дамжуулаад батлахаа авна гэж бодсон юм 99962531 Amaraa1107@gmail.com
gombojav Боловсролоо танихгүй хэлбэрдэж өдийн боллоо. Уг нь << хөгжил >> ухагдуунаар дамжиж байж боловсролоо ойлгох байсан.Хүний хөгжлийн асуудал 1963;2010 онд ЗГ бодлого болон дэвшсэн ч хэрэгжүүлж чадалгүй өдийн боллоо. Ажлаа юунаас эхлэх байж вэ? Бүтцийн болон технологийн ямар шинэчлэл хийх вэ? асуудлаар илтгэл хээлцүүлье. Зохион байгуулахыг хүсье. 99286745 go.gombojav@yahoo.com
Мөнхбаяр Сайн байна уу Манай Мөнх ноос нөхөрлөл өвөлжилт хүндэрч байгаа аймгийн малчиддаа зориулж монгол хонины ноосоор болон зузаан цулхайгаар малын нэмнээ, төлийн элгэвч, төлийн уут, бээлий зэргийг үйлдвэрлэж байна. манай нөхөрлөл нь хямралын үед ажлын байраа хадгалж үлдэх зорилготойгоор өндөр ашиг харалгүйгээр хамгийн боломжит үнээр нийлүүлж байна. Орон нутгийнхаа малчидад тусалж дэмжих сонирхолтой байгаа аж ахуй нэгж, хувь хүмүүс байвал хамтарч ажиллахад таатай байх болно. 99063726 muugii_3726@yahoo.com
Gantulga Цахим нам гэснээр намд элсэх өргөдлөө өгсөн хариу алга байна. 88048801 88048801 gantulga_0411@yahoo.com
Ирсэн захиас »