Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит "Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн" эхэллээ

2017 Оны 2 Сарын 1

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойн хүрээнд  Зэвсэгт  хүчний 2017 оны Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн Их жанжин Сүхбаатарын нэрэмжит ҮБХИС-ийн  Биеийн тамир, спорт сургалтын төвд эхэллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын Орлогч дарга, Бригадын генерал Ж.Бадамбазар, ҮБХИС-ийн захирал, Хошууч генерал Я.Чойжамц, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Н.Гантулга, Биеийн тамир, спортын тасгийн дарга хурандаа Д.Цог-Эрдэнэ, Жанжин Д.Сүхбаатарын зээ охин хатагтай Т.Сүхжаргалмаа “Армийн генерал асан Батын Дорж” сангийн тэргүүн, зээ охин н.Энхмаа болон бусад албаны хүмүүс оролцож, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.

"Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг бөгөөд энэ талаар Биеийн тамир, спортын тасгийн дарга хурандаа Д.Цог-Эрдэнэ "Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн хувьд Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цөөн байгууллагуудын нэг гэдэг утгаараа энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Д.Сүхбаатар жанжны хувьд цэрэгжлийн гимнастикт онц сайн хүн байсан учраас манай зэвсэгт хүчний алба хаагчдын хувьд бахархал болж явдаг.

Тиймээс ч энэ хүний нэрэмжит "Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулсаар багагүй хугацааг үдсэн байна. Энэ жилийн хувьд 32 байгууллагын 190 гаруй тамирчид өргөн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаагаараа онцлог боллоо" хэмээсэн юм.  Зэвсэгт  хүчний 2017 оны "Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах" тэмцээнээс нийт 25 медальтан төрж, "Зэвсэгт хүчний аварга” хэмээх алдарыг хүртэх юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал