”Төрлийн” албыг халж, залуу мэргэжилтнийг дэмжинэ

2017 Оны 2 Сарын 2

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад залуу боловсон хүчнийг татан оролцуулах зорилгоор ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжин гарав” салбарт зохион байгуулж байна.

 

Өмнө нь манай улсад 1940, 1975, 1986 онуудад Нийслэл хотын хэмжээнд залуусыг төрийн албаны ажлын байранд урьж байсан туршлага бий. Харин зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш төрийн албыг нээлттэй зарлаж байсангүй. Иймд зах зээлээс хойш анх удаа Улаанбаатар хотод төрийн албаны нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулагдаж буйгаар энэхүү арга хэмжээ онцлог гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байна.

 

Орой 20.00 цаг хүртэл үргэлжлэх эл өдөрлөгт хагас өдрийн байдлааар 1000 гаруй залуус ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлэн бүртгүүлжээ. Бүртгэлийн системээс хянахад сонгон шалгаруулалтад оролцохоор 1978-1996 онд төрсөн залуус маш идэвхитэй бүртгүүлсэн. Тэд 1-2 гадаад хэлтэй, БНСУ, АНУ, Англи, ОХУ, БНХАУ-д хотын тээвэр, инновацийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн өндөр боловсролтой залуу боловсон хүчин буйг мэргэжилтнүүд хэлж байлаа.

 

 

ОХУ-д хотын инженер мэргэжил эзэмшсэн Г.Баяртүвшин гэх залуугаас нээлттэй өдөрлөгийн талаар сэтгэгдлийг нь сонсоход “Өнөөдөр өөрийн мэргэжлийн дагуу ажлын байр хайж байна. Нээлттэй ажлын байр учраас тавигдаж буй шаардлага боломжийн санагдлаа. Би сургуулиа 3.2 голч дүнтэй өнгөрсөн жил төгссөн. Миний сурацлсан мэргэжил маш эрэлттэй. Гэвч эдийн засаг хямралтай байгаа учраас эрэлт багассан шиг санагддаг. Төрийн албанд ажиллах сонирхолтой  байсан учраас боломжийг хүлээж байлаа. Өнөөдөр сайхан боломж тохиож буйд баяртай байна. Би цахимаар анкет бөглөлөө. Нийтийн тээврийн газартай уулзаж, зөвлөмж авлаа. Эхний шалгаруулалтад тэнцсэн хүмүүс утсаар мэдэгдэнэ гэсэн. Дараа нь төрийн албаны шалгалт өгнө. Түүнд тэнцсэн хүн дараагийн шат буюу ажлын ярилцлаганд орно. Ярилцлаганд шалгарсан нэг  хүн ажилтай болно. Сонгогдоно гэдэгтээ найдаж л байна” хэмээлээ.

 

Г.Баяртүвшинтэй адил хотын инженерийн чиглэлээр ажиллах сонирхолтой олон залуус сонгон шалгаруулалтад оролцож байлаа. Залуусын ихэнхи нь гадаадад сургууль төгссөн өндөр мэргэжилтэй залуу боловсон хүчин буй ажээ.

 

Энэ талаар НДЗТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Э.Дагиймаа “Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хотоор дагнасан мэргэжилтэн бэлтгэдэг болсон. Түүнд манай залуус суралцаад ирсэн байдаг. Тиймээс өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг ирж ажиллах урилгыг бид тавьж байна. Сүүлийн үеийн хүүхдүүд олон улсад мэргэжил эзэмшсэн, 1-2 гадаад хэл эзэмшсэн дэлхийн залуучууд болсон. Тийм учраас энэ залуусыг төрийн албанд авч, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах юм. Тухайлбал нийтийн тээврийн төсөл хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл маань Англи, Герман хэлээр явагдана. Тиймээс энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн залуусыг авч ажиллах бодлого барьж байгаа юм.

 

Нөгөөтэйгүүр Төрийн албанд залуучууд ажилд орох гэхээр танил тал, хамаатан садан, аль нэг намын хүнээр яриулах шаардлага байдаг гэж олон нийт ярьдаг. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар төрийн албаны шалгалтандаа маш сайн дүн авсан бол танил тал хайх шаардлагагүй өөрийн ур чадвараар ажилд орох боломжийг олгож байна. Зарим хүмүүс төрийн албаыг “төрлийн алба” гэж ярих нь бий. Тйимээс Улаанбаатар хотын удирдлагууд үүнийг халж, залуус боловсон хүчнээр хүч сэлбэж хавар эхлэх шинэ бүтээн байгуулалтад залуусаа оролцуулах юм” хэмээн ярилаа.

 

Бүртгүүлсэн залуус дунд ирэх долоо хоногт сонгон шалгаруулалтыг явуулах аж. Харин сонгон шалгаруулалтад тэнцээгүй залуусыг нөөцөд бүртгэж, төрийн албаны шаардлага хангаагүй халагдсан ажилтны оронд автоматаар ажилд авах юм байна. Сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлөл хуулийн дагуу явуулах аж.

Нийтдээ Нийслэлийн 34 агентлаг, Нийслэлийн өмчит 40 үйлдвэрийн 22 ажлын байрыг нээлттэй зарлажээ. Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд зарлагдсан нарийн мэргэжлийн нэрлэвэл:

Хотын хөгжлийн инженерчлэл (Urban Development Engineering): 

Авто замын барилгын инженер
 

  • Давхар, зам гүүрийн инженер
  • Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер
  • Барилгын инженер (LIRA-CAПP, MONOMAX-CAПP зэрэг барилгын тооцооны програм, AUTOCAD барилгын зургийн програм, MICROSOFT OFFICE програмыг эзэмшсэн)
  • Хот төлөвлөлтийн эдийн засагч
  • Хотын нийтийн тээврийн инженер (BRT)
  • Эко хороолол, орон сууцны инженер
  • Үерийн далан сувгийн инженер
  • Мэдээллийн технологийн инженер (System admin, Unix, Red Hut, сүлжээний manage төхөөрөмж, сүлжээ хамгааллын төхөөрөмж дээр ажиллах чадвар-тай. Java, My SQL програмчлалын хэлний мэдлэгтэй, кодчлох загвар (Demo) бэлдэх) 

Олон нийтийн бодлого боловсруулалт (Public Administration):

  • Хотын менежментийн менежер
  • Үл хөдлөх хөрөнгийн менежмент
  • Инновацийн удирдлага
  • Гэрээ, эрхийн мэргэжилтэн (FIDIC сургалтын гэрчилгээтэй)
  • Төслийн удирдлага (Project Management Professional)
  • Хотын социологич
  • Хотын патентчин
  • Event management (Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах)

Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт (Improvement of Urban Environment Policy):

  • Сэргээгдэх эрчим хүчний инженер
  • Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер
  • Дендерлогич
  • Ногоон байгууламжийн төлөвлөгч
  • Цэвэрлэх байгууламжийн технологич – инженер
  • Байгаль орчны эрсдлийн удирдлага

Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент (Fiscal Policy Management):

  • Хотын санхүүч
  • Хотын эдийн засагч
  • Олон улсын мэргэшсэн аудитор 
  • Хотын инженер барилгын инженер, хотын санхүүч 

Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлийг эзэмшсэн, эсхүл эдгээр мэргэжлээр магистрт суралцаж буй нийслэл хотын бүтээн байгуулалтад оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус Нийслэлийн албан ёсны цахим хуудас болох www.Ulaanbaatar.mn сайт руу нэвтэрч, “Нээлттэй ажлын байр” цонхыг дарж, цахим анкетыг бгөлхө юм Онлайн бүртгэл энэ өдрийн 20.00 цаг хүртэл нээлттэй байх юм.

 

Г.Тэгшсүрэн

Сүүлийн: НИЙСЛЭЛ

Онцлох: НИЙСЛЭЛ