Маршал Х.Чойбалсаны мэндэлсний 122 жилийн ой тохиож байна

2017 Оны 2 Сарын 8

Өнөөдөр Монгол төрийн нэрт зүтгэлтэн, МАН-ыг үндэслэгч, Маршал, Хошой баатар Хорлоогийн Чойбалсаны мэндэлсний 122 жилийн ой тохиож байна.

Өнөөдөр тохиож буй түүний 122 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Тусгаар тогтнолын талбайд байрлах Монгол Улсын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Монгол Ардын Намын Хорооны дарга, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Ц.Баярхүү, аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын тэргүүний V сургуулийн сурагчид оролцлоо.

Маршал Чойбалсангийн Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө төр засаг, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж, гэгээн дурсгалыг нь мөнхжүүлж, Дорнод аймгийн төв болон Чойбалсан сумыг түүний нэрээр нэрлэснээс гадна Улсын тэргүүний V сургууль, зэвсэгт хүчин, хилийн цэргийн олон анги, суманг түүний нэрэмжит болгон, хөшөө дурсгалыг нь босгосон байдаг билээ. 

ТҮҮНИЙ НАМТАР ТҮҮХИЙГ СӨХВӨЛ

 Х.Чойбалсан нь Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу /одоогийн Чойбалсан сум/-нд төрсөн. Бага насандаа Сан бэйс, Угтамын хийдэд шавилан сууж байгаад 1912 онд Нийслэл Хүрээн рүү оргон очиж ачаа бараа зөөх зэрэг ажил хийхийн хамт автономит Монголын анхны сургуульд орж суралцжээ.

1918 оны эцсээр Нийслэл хүрээнд байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн, 1920 онд Зөвлөлт орос улс, Коминтернтэй холбоо тогтоохоор очиж нам байгуулж, ардын хувьсгалын ялалтыг хангахын төлө тэмцэж явсан 7 хүний нэг, 1921-1928 онд бүх цэргийн дэд жанжин, цэргийн зөвлөлийн гишүүн, бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, 1931-1935 онд мал тариалангийн яамны сайд, 1935 оноос Ардын СНЗ-ын орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан. Тэрээр 1939 онд Ардын СНЗ-ын Ерөнхий сайдаар томилогдсон. “Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсэж байгуулагдсан товч түүх” ном зохиогчдын нэг.

Монгол улсын тусгаар тогнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн төрийн гарамгай зүтгэлтэн Х.Чойбалсанг 1952 онд Москвад эмчлүүлж байгаад нас баржээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал