УИХ-ын гишүүн Д.Гантулга Архангай аймагт ажиллалаа

2017 Оны 3 Сарын 14


УИХ-ын хамгийн залуу гишүүн, НАМОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга “Залуу малчдыг дэмжих аян”-ыг санаачлан хэрэгжүүлж УИХ-ын чуулган завсрласан энэ өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байгаа билээ. Тэрбээр аяныхаа хоёр дахь хэсгийг өнөөдөр Архангай аймгаас эхлүүлсэн байна.


УИХ-ын гишүүн Д.Гантулга болоод албаны хүмүүсийг Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан тэргүүтэй удирдлагууд хүлээн авсан бөгөөд айлчлалынхаа хүрээнд тэрбээр аймгийн төрийн албан хаагчид болоод ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, МУБИС-ийн Архангай аймаг дахь багшийн сургуулийн оюутан залууст тодорхой сэдвүүдээр лекц уншиж, сургуулиудын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, санал бодлоо солилцжээ.


Үүгээр ч зогсохгүй тэрбээр аймгийн Гэр бүл Залуучуудын Хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үеэрээ тэрбээр хүүхдийн оролцоог бүх шатанд дэмжсэн сайн санал санаачлагыг дэмжин ажиллах, дэлхий нийтийн хүүхдийн төлөө авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг Монголын хөрсөнд буулгаж, ажил хэрэг болгох тухай санал зөвлөмжийг ч өгч байв.


УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд Монголын морин спорт, залуу уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд холбооныхоо салбар зөвлөлийг Архангай аймагт байгуулж, даргаар нь залуу уяач С.Ганзоригийг томилсон байна.


Харин “Залуу малчдаа дэмжих аян”-ныхаа хүрээнд Архангай аймгийн Цахир сумын малчин Сэнгээнгийн Гэрэлт-Одод тавин эм төлөг хандивлажээ. Энэхүү хандивын санхүүжилтийг “Монгол минь” тоглолтоороо дэмжин, хамтран ажиллаж буй "Увертюра" хамтлагийн тоглолтын орлогоос бүрдүүлж байгаа юм байна.


УИХ-ын гишүүн Д.Гантулгын ажлын айлчлал маргааш Өвөрхангай аймагт үргэлжилнэ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал