"Чалько" компанийн өрийг бүрэн төлж дуусгалаа

2017 Оны 3 Сарын 30


"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагууд өнөөдөр БНХАУ-ын "Чалько" компанид тавьсан зээлээ бүрэн төлж дуусгасан талаараа мэдээллээ.
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани 2011 онд БНХАУ-ын “Чалько” компанитай гэрээ байгуулж 250 ам.долларын зээл авсан. Мөн 2012 онд нэмж 100 сая ам.доллар зээлж байсан юм. Энэхүү зээлийг тус компанид экспортлох нүүрсээрээ эргэн төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан түүхтэй. Тухайн үеийнхээ тооцооллоор бол энэ өрийг 2013 онд багтаан төлж барагдуулахаар төлөвлөөд байв. Гэвч нүүрсний үнэ унаснаар төлөвлөсөн хугацаандаа төлөх боломжгүй болсон гэж тайлбарладаг. Ийнхүү удтал төлөгдөөгүй байсан өрийг өнөөдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж дуусгасан ажээ.
Зургаан жил сунжирч, гурван Засгийн газар дамжсан энэхүү өрийг төлж барагдуулсан талаараа "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд " Энэхүү өрийг барагдуулснаар Баруун болон Зүүн цанхийн уурхайгаас олборлосон нүүрсний орлого Улсын төсөвт орохоор боллоо. Зургаан жил сунжирсан өрийг 7 сарын хугацаанд төлж барагдууллаа. Энэ бол Засгийн газрын зөв бодлого, чиглэлийн үр дүн юм.


Энэхүү өрийг барагдуулахад Монгол Улсын Засгийн газраас өгсөн оновчтой чиглэл болох нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого. Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэрүүд голлон нөлөөлсний дээр “Эрдэнэс-Таван толгой’ ХК-ийн зөв менежментийн үр дүн юм.
2016 оны 9 дүгээр сард тонн тутамд 27 ам доллараар борлуулж байсан нүүрсний үнийг 10 дугаар сард 33 ам.доллар. Олборлогч компанитай хэлэлцсэний дүнд 12 дугаар сард 50 ам.доллар. 2017 оны нэгдүгээр сараас 59.3 ам доллар болгон 120 хувиар өсгөсөн бол Цанхийн Баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72.5 ам.долларт хүргэж өмнөх үнээс 169 хувиар өсгөсөн. Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендерт “Монгол Уурхайчид" түншлэл шалгарсан.


Үндэсний оператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдлээ. Ингэснээр Баруун уурхайн олборлолтын зардал Зүүн уурхайн олборлолтын зардлаас ойролцоогоор 2 дахин буурч, Тавантолгойн ордыг Монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан явдал боллоо.
2017 онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаас зэрэг 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөсөн. Ойрын хугацаанд Таван толгойн хувьцааг "амь оруулах"-ыг хичээх болно. Энэ жил хийхээр төлөвлөж буй ажлуудын хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ ондоо багтаж "Хуралдай" бондтой тэнцэх хэмжээний мөнгийг олохыг хичээж байна. Мөн энэ ондоо IPO гаргах ажлын бэлтгэл ажлыг хийнэ. Чадвал оны сүүлээр IPO хийнэ.
2020 он хүртэл хийх ажлын тухайд чанар стандартын тогтолцоог бүрдүүлнэ. Таван сая хүртэлх тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барина. Цанхийн уурхайд өөрсдөө олборлолт хийдэг болно" гэлээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал