Б.Лхагважав: ОУВС-гийн өмнө очихдоо Монголчууд эв нэгдэлтэй, нэг ойлголттой байх ёстой гэдэгтэй санал нэг байна.

2017 Оны 4 Сарын 13

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд зарим татвар нэмэгдүүлэхээр болсонд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас шүүмжлэлтэй хандаж, албан шаардлагыг УИХ-д хүргүүлээд байсан юм. Уг шаардлагыг хүлээн авахгүй бол эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулна гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонслоо. Уулзалтаар талууд санал нэгдэж, тохиролцоонд хүрсэн байна.

Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “УИХ-ын дарга М.Энхболд, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тэргүүтэй бүрэлдэхүүн МҮХАҮТ-ын тэргүүлэгч, Удирдах зөвлөлөөс томилогдсон таван хүний бүрэлдэхүүнтэй уулзлаа. Бид хүргүүлсэн шаардлагынхаа хүрээнд харилцан ярилцаж, дүгнэлтэд хүрлээ. Танхимаас тавьж байсан найман шаардлагын тав нь төрийн менежменттэй холбоотой. Төрийн албан хаагчдын орон тоо, төсвийн зардал, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд гэх мэт.

Энэ асуудлаар Ажлын хэсгүүд гаргаж, харилцан ярилцахаар болсон. УИХ-ын дарга М.Энхболдын онцолсноор Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай гэрээ хийж чадвал Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банкуудад аудит оруулна. Үүний дараа нийтийн мөнгө, нийтийн санхүү, татварын бодлогыг шинээр хийх загвар дээр МҮХАҮТ, Засгийн газар, УИХ хамтран ажиллах шийдэлд хүрч байна. Бидний тавьсан шаардлага аравдугаар сарын 1 гэхэд үйл ажиллагаагаар баталгаажих ёстой. Дөрөвдүгээр сарын 28-нд ОУВС-гийн өмнө очихдоо монголчууд эв нэгдэлтэй, нэг ойлголттой байх ёстой гэдэг асуудлыг ойлгож байгаа. Бидний үйл ажиллагаа цаашдын хамтын ажиллагаа ямар байх вэ гэдгээс шалтгаална” гэлээ.

   Ийнхүү УИХ-ийн дарга М.Энхболд төсвийн тодотголын хүрээнд төр засаг болон хувийн хэвшлийн хооронд үүсээд байсан үл ойлголцлыг зөвшилцөлд хүргэж чадлаа.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал