Элэгний вирус устгах “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэгчдийг хүлээн авч уулзлаа.

2017 Оны 4 Сарын 20

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-ын “Гилеад Саинсис” компанийн Ази, Номхон далайн орнууд хариуцсан захирал Бен Кемарк, “ЛФАзиа” компанийн дэд захирал Петер Инг, тус компанийн Монгол Улсыг хариуцсан менежер Самсон Чой, бүс нутаг хариуцсан менежер Данни Чинг нарыг хүлээн авч уулзлаа.

“Гилеад Саинсис” компани Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, элэгний С вирусийг устгах үйлчилгээтэй “Харвони” эмийг нэн хямд үнээр олгох, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар Архангай аймгийн 45-60 насны, элэгний С вирустэй хүмүүсийг дээрх эмээр үнэгүй эмчлэх үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн олон мянган монгол хүнийг элэгний хавдрын өвчлөлөөс сэргийлж, С вирустэй хүмүүст эмийн хандив, тусламж үзүүлж байгаад нь талархал илэрхийлэв. Тэрбээр “Намайг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхад буюу 2006 онд манай Засгийн газар “Эрүүл монгол хүн” хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх эхлэлийг тавьж байлаа. Та бүхэн монгол хүн бүрийг эрүүл саруул байлгах Монголын төр, засгийн бодлогын хэрэгжилтэд тодорхой хувь нэмэр оруулж байна. Хөтөлбөр Архангай аймгаас хальж, бүх Монголын хөтөлбөр болоосой гэж хүсэж байна” хэмээн онцоллоо.

Ноён Бен Кемарк “Бид хөтөлбөрөө дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн. Гэхдээ танай улсад хэрэгжүүлсэн шиг үр дүнд хүрсэн нь үгүй. Монголын төр, засгийн байгууллагууд бүрэн дэмжсэнд талархал илэрхийлье. Маш богино буюу 5-6-хан сарын дотор энэ нүсэр ажлын голыг нугалж, үр өгөөжийг иргэдэд хүртээхэд Монголын талын чин сэтгэлтэй, эрмэлзэл төгс, чадварлаг багийн гүйцэтгэсэн үүрэг их юм. Архангайд хэрэгжүүлсэн туршилт цаашид загвар болж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх суурь нөхцөл болно гэдэгт би эргэлзэхгүй байна” гэлээ.

Энэ үеэр Архангай аймгийн элэгний С вирустэй иргэдийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх төслөө нийт улсын хэмжээнд хэрэгжүүлж, элэгний С вирусийн халдваргүй Монгол Улс болоход дэмжлэг үзүүлэх талаар УИХ-ын дарга М.Энхболд, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар ноён Бен Кемаркт хүсэлт тавилаа.

Хүсэлтийн хариуд “Хандив тусламж, үнэгүй зүйл өрөөсгөл талтай байдаг. Тухайн улсын Засгийн газар зохих хүчин чармайлт тавьж, санхүүжилтийн асуудлаа шийдэх буюу эрүүл мэндийн даатгал зэрэг хөшүүргүүдийг ашиглан, хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй. Монгол Улс элэгний өвчлөлөөс иргэдээ сэргийлж, вируст гепатитийг бүрэн устгах чин эрмэлзэлтэй байгаад бид гүнээ талархаж байна” гэж ноён Бен Кемарк хэллээ.

“Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд В вирусийн эсрэг “Виреад” эмийг 2014 оны 9-р сард, С вирусийн эсрэг “Совалди” эмийг 2015 оны 1-р сард, “Харвони” эмийг 2015 оны 5-р сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэн, түгээж эхэлжээ. Гурван сарын буюу нэг курс эмчилгээ нь 94.000 ам долларын үнэтэй “Харвони” эмийн нэг сарын хэрэглээг 400, нэг улирлынхыг 1200 ам доллараар 2015 оны 6-р сараас худалдаж эхэлсэн бөгөөд 2016 оны 9-р сард Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй хэлэлцээ хийж, нэг сарын хэрэглээний эмийн үнийг 300 ам доллар болгосон юм.

Одоогийн байдлаар 6000 гаруй хүн эмчилгээнд хамрагдаж, эмчилгээний үр дүн 99 хувьтай байна. Архангай аймгийн 1000 иргэний эмчилгээнд шаардагдах 2.3 тэрбум төгрөгийн эмийг тус компаниас үнэ төлбөргүй хандивлаад байгаа ажээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал