“Хөдөлмөрчин түмний нийгмийн захиалга” гардуулав

2017 Оны 5 Сарын 31

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны удирдлага, мэргэжил, үйлдвэрлэлийн холбоодын төлөөлөл Монгол Ардын Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод иргэдийн аж байдалд тулгараад байгаа өнөөгийн тулгамдсан асуудлуудаас нэн тэргүүнд анхааралдаа авч, ажил хэрэг болгох саналуудыг тусгасан “Хөдөлмөрчин түмний нийгмийн захиалга” баримт бичгийг гардуулж өглөө.


Уг баримт бичиг 4 бүлэг, 23 зүйл заалттай аж. Тэдгээрт үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, ард түмний эв нэгдлийг хангах, шударга ёсыг тогтоох, иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг асуудлууд багтжээ.
Баримт бичгийг хүлээн аваад УИХ-ын дарга, МАН-ын дарга, тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд “Сонгууль албан ёсоор эхлэх цаг ойртлоо. Хөдөлмөрчдийн захиа даалгаврыг гардуулж өгч байгааг талархан хүлээж авч байна. МҮЭ, МАН-д нийтлэг эрх ашиг бий. Тэр нь иргэн бүхний сайн сайхны төлөө гэсэн зарчим. Манай нам эх орноо хөгжил дэвшилд хөтөлж, иргэдээ сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдруулахыг эрмэлзлээ болгосон зүүн төвийн нам. Тиймээс энэхүү баримт бичигт багтсан асуудлууд миний мөрийн хөтөлбөрт ямар нэг хэмжээгээр туссан гэдэгт итгэлтэй байна. Цаашид хөдөлмөрчин түмнийхээ захиа даалгаврыг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” гэлээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал