Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид ээ

2017 Оны 6 Сарын 29

         

        Монгол Улсынхаа тусгаар тогтнол,  бүтээн байгуулалт, хүн амын эрүүл мэнд, боловсрол, шинэ цагийн бодлого үйл ажиллагаатай хүйн холбоотой хөгжин, зүтгэж ирсэн манай нам үеийн үед гишүүд, дэмжигчид та бүхнийхээ чин сэтгэл, хүсэл тэмүүллээр хөглөгдөж, хурц шүүмжлэл, шударга бодлоор ташуур авч, магтаал сайшаалаар урамшин дэвжиж өнөөдрийн өндөрлөг буюу 96 дахь жилийнхээ  зунтай золгосон  байна.

       Энэ зуны цаг агаар урд жилүүдийнхээс аагим халуун, улс төрийн сонгууль ч  өрсөлдөөн ихтэй болж байгааг намын гишүүд төдийгүй жирийн иргэд ч ярьж байна.  Намынхаа журмын нөхдийн итгэл  сэтгэл, дэмжлэгийг өвөртлөн  Монгол Улсын 7 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Миеэгомбын Энхболд миний бие “Эвтэй Монгол, Ээлтэй төр“ уриан дор өрсөлдөж, анхан шатны сонгуулиар нийт сонгочдын 30,71 хувийн санал аваад байгаа нь та бүгдийн минь хичээл  зүтгэлийн үр дүн, намын  аппарат, гишүүн бүрийн чармайлт, иргэдийн их дэмжлэг гэж үзэж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  М.Энхболд намайг дэмжин ажиллаж, халуун сэрүүнийг үл харгалзан, замын бартаа саадыг ч түүртэлгүй туулж ирсэн та бүхэндээ  баярлалаа. 

    Сонгуулийн төв байгууллага дахин санал хураалт явуулах шийдвэр гаргаж,  манай улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэд дахин саналаа өгөх гэж байна. Миний төлөө саналаа өгсөн сонгогчдын үнэлгээг нэр дэвшигч би ялалтын эхлэл төдийгүй МАН шинэ бодлого менежментээр ажиллах дохио гэж хүлээн авлаа. Тиймээс  ч намын нөхөдтэйгээ зэрэгцэн сууж, эрдэмтэн мэргэдийн санаа оноог тусган дэвшүүлж, иргэдийнхээ саналыг авсан мөрийн хөтөлбөр байгаа олж,  сонгогчдын талархалыг хүлээлээ гэж дүгнэж байна.

      Монгол Ардын нам эвийг эрхэмлэдэг. Төрийн төв -тогтвортой бодлого барьж, иргэн рүүгээ чигэлсэн зоригтой шийдвэрүүдийг гаргасаар ирсэн юм. 2016 оны сонгуулиар  манай намд итгэл үзүүлсэн  сонгогчдодоо бид хийсэн ажил, хэлэх үгтэй  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж байна. Намын эрх ашгаас илүүтэй төр, түмний эрх ашгийг дээгүүрт тавьж, эдийн засгийн бодлогодоо эрс өөрчлөлт хийж, Монгол Улсын санхүү, мөнгөний авдар арвижиж байна. Өрийн дарамтаас шат шатаар салж, өөдлөх гэрээ хэлцлүүд хийгдэж эхэлсэн. Энэ бүхэн бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН бүхий л шатанд зүтгэл гарган ажилласаны үр дүн. Мөнгөгүй гэж гомдол мэдүүлээгүй. Эдийн засаг хямралаа гээд элгээ бид эвхэн суусангүй. Борви бохисхийлгүй ажилласанаар манай улсын  санхүүгийн зэрэглэл ч өслөө.

      Ийм цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна.  Өрсөлдөгчөө  миний бие болон МАН хүндэтгэлтэй хандаж, шударга өрсөлдөх зарчим, бодлогын өрсөлдөөнийг санал болгож ирсэн. Энэ удаагийн сонгууль  гүтгэх, гүжирдэх, харлуулах, муутгах тал нь илүү давамгайлж,  сонгогчдын саналыг өнгө мөнгөөр хэмжиж буйд иргэнийхээ хувьд, намын дарга, нэр дэвшигчийн тухайд  харамсаж байна.

 Идүүлсэн бут ургаж, идсэн эрүү хувхайрдаг гэсэн өвөг дээдсийн зүйр үг бий.  Бэрхшээл  гүтгэлгийг хүлээцтэй даван туулж, үнэнийг  цаг алдалгүй тайлбарлахын зэрэгцээ,  бүх ард түмнийхээ эрх ашиг, улс гүрнийхээ нэр хүндийг ямагт дээгүүрт  тавих болно.

 Журмын нөхөд өө

     Монгол Улсын хувьд түүхэн сонгууль болж байна. Энэ сонгуульд улс төрийн ууган хүчний гишүүд, дэмжигчид шат шатандаа хариуцлагатай ажиллаж, өмнө олсон амжилтаа ахиулан баталгаажуулж, ялалтын төлөө тэмүүлэн ажиллацгаая.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал нь хувь хүнд биш улс гүрний нэгдмэл эрх ашигт зориулсан төрийн өндөр босго гэдгийг ямагт санаж “Нэгдмэл бодлого - Нэгдмэл зорилго”-тойгоор дахин санал хураалтанд оролцож, ялалтаа  бататгая.

 Төрийн нэгдмэл бодлого - Түмнийг  тэгш дүүрэн амьдруулна.

  Мөнх тэнгэр Монгол Улсыг маань ивээж, Монголын  ардын түмэн маань мэргэн сонголтоо хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Ардын Намын дарга  Миеэгомбын Энхболд

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал