МАН Төв аймгийн бүх хэсгийн хороонд хяналтын тооллого хийлгэх шаардлага хүргүүлэв

2017 Оны 7 Сарын 7

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын явцтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрээр “Төв аймагт 07.00 цагаас 13.00 цаг хүртэл нэг ч хэсгийн хороонд санал авах, тоолох автомат машин нь ажиллаагүй байна. Энэ нь СЕХ бэлтгэл ажлаа хангахдаа учир дутагдалтай ажилласны илэрхийлэл. Төв аймаг бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын өөрийнх нь нутаг, УИХ-д удаа дараа сонгогдсон тойрог нь. Энэ аймагт МАН-аас нэр дэвшигч М.Энхболд илт давуу байдлаар ялалт байгуулах нь тодорхой. Тиймээс санал авах, тоолох машин ажиллахгүй байгаа нь зориуд санаатайгаар зохион байгуулсан ажил байж болзошгүй гэж хардаж байна. Дахин санал хураалтын бэлтгэлийг хангахдаа СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн удирдлагаар хангаж чадаагүй нь харагдаж байна. Тиймээс бид СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. СЕХ-ны удирдлагуудтай уулзахад Ч.Содномцэрэн дарга “Өмнөх сонгуулиудаар санал авах, тоолох машин маань гацах, эвдрэх, программын алдаа гарах тохиодол гарч байсан” гэх мэтээр үл тоосон байдалтай байлаа. Өмнөх сонгуулиудаар нэг аймгийн бүх хэсгийн хороонд санал авах, тоолох машин нэгэн зэрэг ажиллаагүй тохиолдол ганц ч удаа гарч байгаагүй. Тиймээс үүнийг сонгуулийг будилантуулж, үр дүнд нь нөлөөлөх гэсэн санаатай үйлдэл байж болзошгүй. Улмаар хоёр шаардлагыг СЕХ-нд тавьж байна. Нэгдүгээрт, Төв аймагт ямар шалтгааны улмаас санал тоолох машин ажиллаагүй гэдгийг тогтоож олон нийтэд мэдээлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, Төв аймгийн бүх хэсгийн хороонд намуудын төлөөллийг байлцуулан хяналтын тооллого хийхийг шаардлагатай. МАН шат шатны сонгуульд оролцохдоо СЕХ-ны шийдвэрийг ямагт дээдлэн хүндэтгэж байсан. Гэтэл эрх баригч нам учраас хууль хүчний байгууллага, СЕХ-нд нөлөөлж байгаа мэт буруу ойлголтыг түгээж байгаад харамсч байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв. Тэрээр дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Тусгай таних тэмдэг бүхий бугуйч зүүсэн иргэдэд гурван саналын хуудас өгч бөглүүлж байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Олон нийтийн сүлжээгээр явж байгаа асуудлыг мэдэхгүй байна. МАН болон нэр дэвшигчийн штабын зүгээс ийм зүйл зохион байгуулаагүй.

-Төв аймагт 07.00-13.00 цагийн хороонд санал авах, тоолох машин ажилласангүй гэж байна. Одоо бүгд ажиллаж байгаа юм уу?

-13.00 цагаас эхний машин нь ажиллаад эхэлсэн тухай мэдээ ирсэн. Харин бүх хэсгийн хорооны машин хэвийн ажиллаж байгаа тухай мэдээлэл ирээгүй байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал