Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг өнөөдөр өргөн мэдүүлнэ

2017 Оны 9 Сарын 27

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар нар өнөөдөр энэ сарын 25-ны өдөр хуралдсан МАН-ын IX бага хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ удаагийн Бага хуралд нийтдээ 294 гишүүн оролцож, 94.8 хувийн ирцтэйгээр дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцсэн юм. Хурлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордоноо 16 цаг хуралдаж, асуудлуудаа амжилттай хэлэлцэж дууслаа. Энэ удаагийн хурлаар МАН-ын даргын улс төрийн илтгэлийг хэлэлцүүлж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон талаарх дүгнэлтийг хэлэлцэж, сонслоо. Мөн намын 28 дугаар Их хурлыг ирэх 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсоноос гадна Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан гээд олон асуудлыг шат дараатай шийдвэрлэсэн үр бүтээмжтэй хурал болж өндөрлөсөн.

Ирэх 11 дүгээр сард хуралдах МАН-ын 28 дугаар их хуралд нийтдээ 1309 төлөөлөгч оролцохоор болсон. Энэ 1309 төлөөлөгчийн 18 хувь нь Улаанбаатар хотоос, 82 хувь нь хөдөө орон нутгаас оролцохоор болж байгаа юм. 30 дахь Ерөнхий сайдыг тодруулах санал асуулгад нийтдээ гурван нэр дэвшигч өрсөлдсөн. Ингээд хуралд оролцсон 294 гишүүний 188 нь буюу 63.9 хувь нь Ухнаагийн Хүрэлсүхэд, 101 нь буюу 34.1 хувь нь Өлзийсайханы Энхтүвшинд, тав нь буюу 1.7 хувь нь Нямаагийн Энхболдод санал өгснөөр дийлэнх олонхийн санал авсан Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулан Ухнаагийн Хүрэлсүхийн нэрийг МАН-ын даргын гарын үсэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн мэдүүлэх гэж байна” гэлээ.

Дашрамд өгүүлэхэд МАН-ын IX Бага хурлаар төрийн албанд шилжсэн 11 хүнийг чөлөөлж, нэр бүхий 11 хүнийг шинээр Монгол Ардын Намын Бага хурлын гишүүнээр нөхөн сонгожээ. 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал