МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ байгаагүй олон төлөөлөгчтэй их хурал болно

2017 Оны 11 Сарын 2

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхээс 28 дугаар Их хурлын бэлтгэл ажлын явцын талаар тодрууллаа. 

- Энэ сарын 20-22-нд хуралдуулахаар товлосон МАН-ын Их хурлын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?

- Намын Бага хурлын IX хуралдаан 9 дүгээр сарын 25-нд хуралдаж, намын ээлжит XXVIII  Их хурлыг 1309 төлөөлөгчтэйгөөр арваннэгдүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хуралдуулах товыг тогтож, төлөөлөгч сонгох журмыг баталсан. Тэр дагуу Их хурлын бэлтгэл хангах Ажлын хэсэг байгуулагдаад ажлаа эхлээд явж байна. Намын анхан байгууллагын үүрийн даргаас эхлүүлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд оролцсон чиглэл тус бүрийг хариуцсан салбар ажлын хэсэг байгуулагдаж, хариуцсан ажлуудаа хийж байна. Үндсэндээ бэлтгэл ажил жигд, хэвийн явагдаж байгаа.

- МАН-ын ээлжит Их хурлаар ямар ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх вэ?

- Мэдээж, Манай намын Их хурлуудын тогтсон жишгийн адилаар  Намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга тайлан илтгэл, Хяналтын хороо тайлан илтгэл гэсэн XXVII их хурлаас хойшх Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тухай, мөн цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлүүд тавина. Ний\слэл, аймаг, сум, багаас намын гишүүдийн төлөөлөл болж ирсэн  Их хурлын төлөөлөгчдийнхөө санал, шүүмж мэдээллийг сонсоно. Намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх болно.

Улс эх орны хөгжлийн асуудал, нийгэм эдийн засгийн талаар төлөөлөгчдөд маань ярих, хэлэх зүйл багагүй бий гэж бодож байна. Олон нийт Их хурлаар намын дотоод асуудлаа л шийднэ гэж харж байж болох юм. Гэвч улс эх орны эрх ашиг, хөгжлийн бодлого, нийгэм эдийн засгийн өмнө тулгамдаад буй асуудлуудын дэргэд өчүүхэн зүйл. Тийм ч учраас 100 жилийн түүхтэй тулхтай намын хувьд их хурлын төлөөлөгчид маань улс эх орны өмнө тулгамдсан асуудалд түлхүү анхаарлаа хандуулж, ухаан зарах байх гэж хүлээж байна.   

- Их хурлаар МАН-ын даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсч, таамаг дэвшүүлж эхэлсэн байна. МАН-ын даргыг ямар зарчмыг үндэслэн сонгох вэ?

- Намын дарга М.Энхболд ажлаа өгнө гээд өнгөрсөн 7 дугаар сард намын Удирдах зөвлөлд зарлачихсан. Тийм учраас шинэ даргаа сонгоно. Сонгохдоо шударга, ардчилсан зарчмаар сонгодог тэр жишиг үйлчилнэ гэж ойлгож байгаа. Намын Удирдах зөвлөлөөс бодлогоор дэвшүүлэх хүний нэрийг Их хуралдаа оруулах нь зүйн хэрэг. Түүнээс гадна төлөөлөгч дундаас нэр дэвшүүлж өрсөлдүүлэх, нэр дэвших нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, ардчилсан зарчмаар нэр дэвшүүлж, Их хурлын нийт төлөөлөгчдийн дунд явуулсан санал хураалтын үр дүнгээр намын дарга сонгогдоно. Энэ зарчим үйлчилж ирсэн, цаашид үйлчилнэ.

- Их хурал болох гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүргийн намын анхан шатны байгууллагууд Их хурлын төлөөлөгч сонгох ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын явц ямар байна вэ?

- Их хурлын төлөөлөгчдийг Намын Бага хурлаас баталсан журмын дагуу 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс намын гишүүдийн тоотой уялдуулан олгосон мандатын дагуу анхан шатны байгууллагын хурлаар ил тод, шударга өрсөлдөөний зарчмыг ханган өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 7-ны дотор сонгоно. Энэ үйл явц ид өрнөж, хэвийн, эмх цэгцтэй, шударга, зохион байгуулалт сайтай явагдаж байна гэж хэлж болохоор байна. Өмнөх хурлуудыг бодвол 1309 төлөөлөгч буюу хамгийн олон төлөөлөгч оролцох болсноороо онцлог хурал болох гэж байна.

-Төлөөлөгчдийг ямар журмаар хэрхэн сонгох вэ?

- Намын гишүүдийн үзэл бодлыг Их хурал дээр илэрхийлэх чадвартай, хурлаас гарсан шийдвэрийг намын гишүүн, дэмжигчдэд сурталчлан таниулж хэрэгжүүлэхэд үлгэрлэн ажиллах, тус тусын намын байгууллага хамт олны итгэлийг хүлээсэн, удаа дараа сонгуульд идэвхтэй оролцсон гишүүдийг төлөөлөгчөөр сонгохыг журамлан намын анхан шатны байгууллагуудад хүргүүлсэн. Манай намд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 152 хороо, 330 сум тэдгээр харъяалагдах 1815 үүр ажиллаж байна. Тиймээс Их хурлын төлөөлөгчдийн тоог тогтоохдоо тухайн аймаг  нийслэлийн намын байгууллагын гишүүдийн тоо намын нийт гишүүдийн хэдэн хувийг эзэлж байгаад харьцуулан хувилж тогтоосны дээр аймаг сум, дүүргийн хорооны тоогоор төлөөлөл байх зарчмыг харгалзан үзсэн. Их хурлын төлөөлөгчөөр сонгогдох гишүүд намын үүрийн бүх гишүүдийн хуралд өөрийн биеэр суух бөгөөд хурал удирдах, тооллогын комисст орж ажиллахыг хориглосон.

Түүнчлэн Хуралд зөвхөн тухайн намын байгууллага болон Иргэний үнэмлэхний хаягаар буюу Улсын бүртгэлээр тухайн сум хороонд сүүлийн хагас жил оршин суусан гишүүд намын бат илэрхийлэх, иргэний үнэмлэхээ шалгуулан хуралд оролцож, нэр дэвших, санал өгөх эрхтэй. Ний нуугүй хэлэхэд өмнө нь Улаанбаатар хотоос нэг нөхөр очоод л нэг үүрийн хуралд ороод сонгогддог байсан бол энэ удаагийн  их хуралд төлөөлөгч сонгох журамд энэ байдлыг хааж өгсөн байгаа. Үүнд анхан шатны намын байгууллагууд ихээхэн сэтгэл хангалуун байгаа гэж хэлж болно. Мөн Их хуралд төлөөлөгчөөр нэр дэвшигч нь  тухайн аймаг сум, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон болон намын хорооны сонгуульт ажил хашдаг бол харьяалал харгалзахгүйгээр нэр дэвшиж болох юм. Намын дүрмийн дагуу нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар санал хураалтыг зохион байгуулахаар журамласан.

- МАН төрийн эрхийг бариад жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил сайшаал, шүүмжлэлийн аль алийг нь дагуулж байна. Цаашид нийгэм, эдийн засагт нэлээд эерэг өөрчлөлт авчрахын тулд юунд анхаарал хандуулах ёстой гэж харж байна вэ?

- Иргэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засагт ямар өөрчлөлт гарсан, өмнө нь ямар байсан гэдгийг бэлхнээ мэдэж байгаа. Ж.Эрдэнэбатын танхим өмнөх Засгийн газраас ямар эдийн засаг хүлээж авсныг санаж байгаа байх. Доройтлын туйл болчихсон, эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт амь тавих дээрээ тулсан тийм л эдийн засаг хүлээж авсан. Жил гаруйн хугацаанд сэхээнээс гаргаж, хугацаа тулсан өр зээлийг төлж, энгийн тасагт шилжүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлд оч хаяж, ОУВС-тай амжилттай хэлэлцээр хийж чадсан нь маргах аргагүй үнэн. Алдаа оноо байсныг үгүйсгэхгүй. Одоо эдийн засгийг сайжруулах, тогтвортой хөгжүүлэхэд анхаарч ажиллах, улмаар намын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд зорьж ажиллах учиртай. 

Шинэ Засгийн газар бүрэлдээд хэдхэн хонож байгаа ч ирэх оны төсөв төлөвлөгөөг хэлэлцэх, эдийн засгаа чадавхжуулах гээд тулгамдаад байгаа асуудлуудад хэдийнэ ороод ажиллаад эхэлж байна. ОУВС-тай зарим асуудлаар тохиролцоонд хүрсэн, Гэрэгэ бондоор 800 сая ам.доллар амжилттай босголоо гээд хүндэрсэн асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, гарц олохоор эрмэлзэж байна. Намын зүгээс ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шахаж ажиллах нь тодорхой. 

100 жилийн түүхтэй МАН Монгол Улсын нөхцөл байдал хүнд үед олон удаа даван туулж, улс эх орны өмнө тулгарсан олон бэрхшээлийг шийдэж ирсэн. Хойшид ч шийднэ. Эцэст нь хэлэхэд, энэ нам эв нэгдэл, эрхэм зорилго, сахилга бат, зарчим, туйлбартай байж гэмээнэ улс орны ямарч хүндрэл, улс төрийн ямарч бохир заваан бэрхшээлийг даван туулна. Үүний төлөө манай намын 210 мянга гаруй гишүүд дэмжигчид зүтгэнэ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал