МЭНДЧИЛГЭЭ

2017 Оны 11 Сарын 10

  Монгол ардын намын төв хэвлэл, манай улсын хэвлэл, мэдээллийн анхдагч  “Монголын Үнэн” сонин өнөөдөр түүхт 97 жилийн ойн баяртайгаа золгож байна. "Монголын үнэн" сонины эрхэм уншигч Та бүхэндээ болон сонины редакцийн үе үеийн ажилтан, ахмад буурлууддаа хэвлэлийн энэ хуудсаар дамжуулан баярын мэндийг хүргэж, амьдрал бүтээлд нь аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

 “Үнэн” нэртэйгээр анх хэвлэгдсэн тус сонин Монголын түүхийн “Үнэн толь” болсоор ирснийг түүхийн хуудас болон үлдсэн уг сонины өдөр тутмын бүх дугаарууд илтгэн харуулах биз ээ.

“Монголын үнэн” сонин зөвхөн манай намын төв хэвлэл байгаад зогсохгүй Ардын хувьсгал, Социалист ба Ардчилсан хувьслийн хөтөч нь байж нийгмийн цаг үеийн бүхийл өөрчлөлтийн эхлэл нь байсан гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз ээ. Энэ ч утгаараа Монголын орчин цагийн нэгэн зууны түүхийн хэлхээ, олон түмний дуу хоолойн илэрхийлэл юм.

  Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авах үйл хэрэг, социалист бүтээн байгуулалтын он жилүүдэд дэлхий нийтийн Монголыг харах, Монголын ард түмэнд дэлхийн соёлыг таниулах цонх нь байв. Улс орны амьдралын бүхий л үйл явдлын зэрэгцээ Монгол хүн улсынхаа тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгч, НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлэх, 1924, 1940, 1960, 1992 онд баталсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, Монгол хүн сансарт ниссэн зэрэг дотоодын томоохон үйл явдлыг сурталчлан таниулахын зэрэгцээ дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг ард иргэддээ танин мэдүүлж ирсэн "Монголын үнэн" сонины томоохон хувь нэмэр мөн.

Өнгөрсөн үеийн энэ олон мянган ололт амжилтыг “Үнэн” сонины сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх суртал, нийтлэлийн бодлогоос салгаж үзэх аргагүй ээ. 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл явц хүмүүнлэг иргэний ардчилсан зөвшилцлийн зарчмын үндсэн дээр амжилттай явагдахад “Үнэн” сонин түүний удирдлага хамт олны ухаалаг, зарчимч байр суурь, нийтлэлийн бодлого  томоохон үүрэг гүйцэтгэснийг өнөөдөр мартах учиргүй.

"Монголын үнэн" сонины нийтлэлийн бодлого нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэж, олон урьгалч үзэл бүхий мэдээллүүд нь нийгэмд тэргүүлэх хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглэхэд таатай байна.

  Олон нийтийг соён гэгээрүүлэх, нийгмийн болон Монгол Ардын Намын үйл амьдралыг сурвалжлан сурталчлах үүргээ нэр төртэй биелүүлж яваа “Монголын үнэн” сониныхоо хамт олонд мэндэлсэн өдрийн халуун мэндийг дэвшүүлж, уран бүтээл туурвилын их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА          Д.АМАРБАЯСГАЛАН

                           

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал