УИХ-ын дарга М.Энхболд МҮХАҮТ-ын удирдлага, гишүүдтэй уулзалт хийв

2017 Оны 11 Сарын 30

            Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөл, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүдтэй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзлаа.

Уулзалтад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, тус Танхимын дарга М.Оюунчимэг, орлогч дарга М.Сарандаваа болон “Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатар, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан, “Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл нар оролцлоо.

Танхимын төлөөллийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзсан бөгөөд тэд төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох, үйлдвэрлэгчдэд хууль эрх зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх, татвар нэмэхээс илүүтэй татварын бааз суурийг тэлэхэд анхаарах, төрийн үрэлгэн байдлыг өөрчилж, цомхон, чадварлаг болгох, төрийн менежементийг сайжруулах, төсвийн зардлыг нэмэхгүй байх, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг нэн яаралтай хувьчлах зэрэг 8 зүйлийн шаардлага, хүсэлт тавьж байсан билээ.

УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгийнхээ эхэнд “Та бүхний тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу Засгийн газарт 9 зүйл бүхий УИХ-ын даргын зөвлөмжийг хүргүүлсэн. Нийтдээ Засгийн газарт албан ёсоор 3 удаа хандаж, Засгийн газраас зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар бидэнд эргэж мэдэгдсэн. Хэдийгээр дутуу дулим асуудал байгаа ч бүхэлд нь авч үзвэл бидний хамтын ажиллагаа ахицтай байна гэж хэлж болно” гэлээ.

Тэрбээр улс орны эдийн засгийн байдал нэг үеийг бодвол дээрдэж, өсөлт гарч байгаа ч иргэдийн ахуй амьдрал, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт мэдрэгдэж, дэмжлэг болж чадахгүй байна. Тиймээс та бид хууль эрх зүйн болон бодлогын асуудлуудаар цаашид тогтвортой хамтран ажиллах нь чухал. УИХ-аас энэ онд багтааж Банкны салбарын хуулиудыг өөрчлөн шинэчлэхээр зорьж байна. Ингэхдээ хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэл бизнесийнхэн, иргэдийн төлөөллийг оролцуулан, санал бодлыг нь сонсож, нэлээд нухацтай авч үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа гэв.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Татварын орлого байнга давж биелж, нийт дүн нь 1.1 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ бол манай бизнес, үйлдвэрлэлийн салбарынхан үүргээ сайн биелүүлж байна гэсэн үг. Цаашид татварын дарамтыг багасгахад анхаарлаа хандуулна уу гэж юуны өмнө хүсье. Эдийн засагт өсөлт гарч, татварын орлого давж биелж байгаагийн шалтгааныг зөв харж, анхаарлаа юунд төвлөрүүлэхээ оновчтой тодорхойлох нь нэн чухал.

МҮХАҮТ-аас өнгөрсөн хугацаанд 2500 гаруй компанийг хамруулсан “Монголын бизнесийн орчны судалгаа”-г хийлээ. Түүнчлэн эрдэмтэн судлаачидтай хамтран “Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол” гэсэн томоохон хэмжээний баримт бичиг боловсруулж гаргалаа” гээд дээрх хоёр судалгааны эмхэтгэлийг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулав.

Ноён Б.Лхагважав “Дөрөвдүгээр сард Тантай уулзахдаа гардуулсан 8 зүйл хүсэлт, шаардлагын дагуу холбогдох байгууллагууд ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлснийг бид мэдэж байгаа. Гэхдээ олигтой өөрчлөлт ороогүй асуудлууд ч бий. Тухайлбал, 2018 оны төсвийн зардал өмнөхөөсөө буурсангүй. Төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг ядаж ХК болгох, хувьчлах асуудлаар ямар ч өөрчлөлт гарсангүй. НӨАТ-ын шинэ тогтолцоо хэрэгжсэнээр татварын орлого нэмэгдэж байгаа ч бүтээмж талдаа огт өөрчлөлт алга. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Зөрчлийн тухай” хууль бизнес эрхлэгчдэд томоохон дарамт учруулж эхэллээ. Татварын болон хууль, хяналтын байгууллагын байцаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь нэн чухал байна” гэж тэмдэглээд МҮХАҮТ-ын “Санал хүргүүлэх тухай” албан тоотыг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.

Уг албан тоотод банкны зээлийн хүүг захиргаадлын аргаар биш, бусад арга замаар хэрэгжүүлэх саналаа тусгасан байна. Түүнчлэн валютын ханшийн өсөлт, зөрүүгээс болж хохирч, алдагдал хүлээж буй компаниудад төлбөрийг зээл авсан өдрийн ханшаар төлөх боломж олгох, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад зарим өөрчлөлт оруулах, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан Төсвийн хяналтын зөвлөлд МҮХАҮТ-ын төлөөллийг багтаах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг яаралтай хувьчилж, бизнесийн зарчмаар ажиллуулах, төсвийн хөрөнгө оруулалт, концессийн гэрээ, зээлээр хийгдэж байгаа бүх үйл явцыг ил тод, нээлттэй болгох асуудлуудыг тусгажээ.

Уулзалтад оролцсон “Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатар валютын ханшийн өөрчлөлтийг тооцох арга зам, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар банкны хадгаламжийн хүүг бууруулах, “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг хуулиар биш, бусад боломжит арга хэрэгслээр шийдэх, “Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт улсын төсвөөс санхүүждэг олон төрлийн сангуудыг цэгцлэх, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл татварын хуулиудад өөрчлөлт оруулахдаа баримтлах зарчмын асуудлуудыг хөндөж ярилаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир банкны зээлийн хүүг хуулиар хязгаарлах, эсэх болон татварын багц хуулиудыг шинэчлэх, бизнесийн орчныг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр УИХ, Байнгын хорооноос баримталж буй чиглэлийн талаар товч танилцуулав.   

УИХ-ын дарга М.Энхболд Та бүхний саналыг бид анхааралтай судалж үзэх болно. Цаашид УИХ-аас бизнес, эдийн засгийн орчныг сайжруулах, эрх зүйн тогтолцоог оновчтой өөрчлөн шинэчлэх чиглэлээр МҮХАҮТ, бизнес эрхлэгчидтэй нягт хамтран ажиллах болно гэж төгсгөлд нь хэллээ.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын зөвлөх Ц.Мөнхбаяр нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ