Монгол Ардын Намын XXVIII Их хуралд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тавьсан илтгэл

2017 Оны 12 Сарын 5

Монгол Ардын Намын XXVIII Их хуралд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн толилуулсан Намын Бага хурал, Удирдах Зөвлөлийн тайлан.

 

  • Их хурлын хүндэт төлөөлөгчид өө,
  • Журмын эрхэм нөхөд өө,
  • Хүндэт зочид-хатагтай, ноёд оо,
  • Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, сайн сайхны ерөөл өргөн дэвшүүлж буйг минь хүлээн авна уу.

Монгол Ардын Нам бүх шатны сонгуульд ялагдаж цөөнх болсон тэр үед олонхийн байгуулсан төр, засгийн эрх баригчид зөвхөн хувийн бодлоо голлон хэт дураар авирлаж, хууль ёсыг уландаа гишгэж, бас манай намыг хавчин хяхаж байсан хүнд хэцүү үед нам маань ээлжит ХХVII Их хурлаа хийсэн нь түүх болон үлджээ.

            Одоо бид УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж дахин эрх баригч нам болчхоод ээлжит ХХVIII Их хуралдаа сэтгэл хангалуун хуран цуглараад байна. Намын нийт гишүүд, Их хурлын төлөөлөгч Та бүхэндээ халуун баяр хүргэе.

           

             Журмын эрхэм нөхөд өө,

Монгол Ардын Намын 2016 оны жилийн эцсийн байдлаар 211 гишүүнтэй байна.Үүнээс 49,8 хувь нь эмэгтэй, 50,1 хувь нь эрэгтэй, 56 хувь нь 18-45 насны залуучууд юм. Манай намд аймаг, нийслэлийн 22 хороо, сум тосгоны анхан шатны 345 хороо, анхан шатны 1876 үүр, 1400 хэсэг, мэргэжил сонирхлын 85 бүлэг,бүлгэм ажиллаж байна. Эдгээрээс тус Их хуралд 1309 төлөөлөгч Та бүхэн сонгогдон оролцож байна.

            Намынхаа ажил, амьдралыг 310 гишүүнтэй Намын Бага хурал, 33 гишүүнтэй Удирдах Зөвлөл, 65 гишүүнтэй УИХ дахь намын бүлэг, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, 5 газар, 2 алба бүхий 49 ажилтантай Ажлын алба удирдан зохион байгуулж ирлээ. Манай намд жигүүр, фракци байхгүй.

            Монгол Ардын Намын XXVII Их хурлаас сонгогдсон Намын Бага хурал, Намын Удирдах Зөвлөл, тэдгээрийн Ажлын албаны тайланг XXVIII Их хуралдаа дараах байдлаар эмхлэн товч толилуулъя.

            Нам бол зөвхөн дотроо, өөрөө өөртэйгээ ажилладаг институц биш билээ. Намын ажил өөрөө гадагш, дотогш хандсан улстөрийн бодлого, практикийн үйл ажиллагаа юм. Манай нам энэ зарчмыг харгалзан баримталж ажиллаж байна. Тайлагнахад:

            Нэг. Монгол Ардын Нам гадаад орчинтойгоо ажилласан байдлын талаар.

            Нам оршин тогтнож, улс орондоо идэвхтэй, үр ашигтай зүтгэхийн тулд гадаад орчноо сайн судалж, олон нийтэд бодлого, зорилгоо зөв ойлгуулах нь нэн чухал гэдгийг Та бид сайн мэдэж байгаа.

            Нам өөрөө идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхгүй бол намд таатай гадаад орчин аяндаа бүрэлдэхгүй. Ийм болохоор манай нам юуны түрүүнд иргэд, сонгогчидтойгоо ажиллахад ихээхэн анхаарч ирсэн түүхтэй. Энэ уламжлалаа бид хадгалсаар байна.

 Энэ тухайд хумьж илтгэвэл:

  • 2014 онд Намын даргаар ахлуулсан ажлын хэсэг 6 аймагт, Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 4 аймагт ажиллаж, тухайн аймаг бүрийн намын хороодтой хамтран ард иргэдтэй уулзалтууд зохион байгуулав. Уулзалтуудад 5000 орчим намын гишүүн, иргэд сонгогчид оролцжээ. Уулзалтуудын үеэр улс орны  улстөрийн нөхцөл байдал, нийгэм-эдийн засгийн асуудлууд, намын дэвшүүлсэн зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

Мөн онд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүд, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд оногдсон хуваарийн дагуу 21 аймагт 2 удаа, нийслэлийн таван дүүрэгт тус бүр нэг удаа очиж ажиллан намынхаа бодлого зорилтыг танилцууллаа.

  • Мөн 12 аймгийн намын хороод тус тус аймгийнхаа идэвхтэн, сонгуультны зөвлөгөөнийг зохион байгуулж намын анхан шатны байгууллагуудаа удирдлага, арга зүйгээр ханган, идэвхжүүлж 3046 намын сонгуультнуудыг хамруулсан болно. Монгол Ардын Намын XXVII Их хурлын бодлого, шийдвэрийг сурталчлах 2 дахь удаагийн аяны хүрээнд 9 дүүрэг, 21 аймаг болон сумд хамрагдсан байна.
  • 2015 онд УИХ-ын чуулганы завсарлагаар намын удирдлагууд болон УИХ дахь дахь  бүлгийн гишүүд орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийх хуваарь гарган улстөр, эдийн засаг, нийгэм, намын дотоод ажлын асуудлаар яриа таниулга хийëээ. Манай нам            2015 онд “Бид хамтдаа” аян зохион байгуулж 21 аймаг, 330 сум, суурин газрууд, нийслэлийн 9 дүүрэг, 152 хороог хамарч 6 сарын турш иргэд, сонгогчидтойгоо уулзаж ажилласан юм. Сайн туршлагыг олж нээх, хүмүүсийн санаа бодлыг уудалж ярилцах, нийгмийн тулгамдсан асуудлыг мэдрэн мөрийн хөтөлбөртөө тусгах нь энэ аяны зорилго байв. Энэ аян зорилгоо сайн биелүүлж анхан шатны байгууллагуудыг идэвхжүүлэх, сонгогч, иргэдэд намынхаа бодлого, зорилтыг ухуулан танилцуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
  • Монгол Ардын Нам оппозици хүч байх үедээ Удирдах Зөвлөл, УИХ дахь намын бүлэг хамтран 2016 онд, УИХ-ын намрын чуулганы завсарлагааны үеэр 18 аймаг, нийслэлийн 7 дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзалт хийж Намын бүлгийн ажлын тайланг танилцуулсан нь чухал үр дүнд хүргэсэн юм.
  • Мөн онд Улсын Их Хурлын сонгуулийн дараа Орон нутгийн сонгуулийг угтаж “Монгол Улсын Засгийн газрын-100 хоног”-ийн хүрээнд Монгол Ардын Намын удирдлагууд, Засгийн газрын болон Улсын Их Хурлын гишүүдийн баг бүрэлдэхүүн зохих хуваарийн дагуу орон нутагт ажиллав. Тус арга хэмжээнд холбогдсон ярианы сэдвийг

Удирдах Зөвлөлийн Ажлын алба бэлтгэн боловсруулж, өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд 16 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт тус тус ажиллан иргэд, сонгогчидтой уулзалт хийж салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхэд анхааран ажиллалаа. Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүд сонгогдсон тойрогтоо ажилласан байна.

  • 2017 онд Намын Удирдах Зөвлөлийг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга нарын ахалсан ажлын хэсгүүд тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Стратеги академи, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр 2 дугаар сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрүүдэд 14 аймагт ажиллаж, 4800 гаруй иргэд сонгогчид, намын гишүүдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсон, Намынхаа мөрийн хөтөлбөр, УИХ болон Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, салбар, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхэд анхаарч ажиллав. Энэ хүрээн дэх уулзалт давхардсан тоогоор 76-д хүрчээ.
  • 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангах, намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Монгол Ардын Намын Удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг “ЭВ НЭГДЭЛ-ХАРИУЦЛАГА-ЯЛАЛТ” гэсэн уриатайгаар 5 бүсэд хийлээ. Тус зөвлөгөөнүүдэд 21 аймгийн Монгол Ардын Намын хорооноос нийт 1406 намын ажилтан оролцсон байна.

 

Тайлангийн хугацааны 4 жил дотор манай нам Төрийн сонгуульд идэвхтэй оролцож ялахыг ч үзлээ, ялагдахыг ч үзлээ. Үүний аль аль нь ганцаар зогсохгүй байж болохыг манай нам ямагт анхаарч ажиллах ёстой болж байна.

           

2016 оны Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалтанд хүрсэн. Улмаар, эдгээр сонгуулиас 5 сарын дараа болсон сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд манай нам оролцохдоо бас үнэмлэхүй ялалт байгуулсан юм. 330 сумаас 232 буюу 70,4 хувьд нь, нийслэлийн 9 дүүргийн 6 буюу 66,6 хувьд нь манай нам ялсан билээ.

           

Харамсалтай нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд манай намаас нэр дэвшигч ялж чадсангүй. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, сонгуульд амжилттай оролцох, үүний тулд УИХ-ын сонгуульд оролцохдоо намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг Засгийн газар бүрэн хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн, аливаа сонгуулийн жаяг ёсоор зохион байгуулалтын бүхий л зохих бүтцийг бий болгож, нам бүхэлдээ хөдлөн ажилласан юм. Манай нам тус  сонгуульд амжилтад хүрч чадаагүй нь олон янзын нөхцөл шалтгаанаас болсон бизээ.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш намын удирдлагын зарим хэсгийн дотор үл ойлголцол үүсэж, түүнийг далимдуулан талцуулах явдал гарсан нь нууц биш билээ. Намын эв нэгдэлд харш хоосон хардлага сэрдэл, гомдол тунирхал бидний дунд байх ёсгүй хэмээн бодож байна. Намын дотоод нэгдэл уриа лоозон дээр бус, бодит байдлыг байгаагаар нь ойлгоход үндэслэх ёстой гэдэг нь амьдралаас харагдаж байна.

Тус сонгуулийн дүнгийн талаар Намын Бага хурлаар хянан хэлэлцэж дүгнэлтээ нэгэнт хийсэн тул одоо энд нэмж ярих зүйлгүй.

            Манай намын гадаад орчинд Монгол Улсын аль ч намын Засгийн газар, улмаар УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагаа бас орно. 2013 оны сонгуулиас хойш ард иргэдийн амьдрал 2012 оныхоос дордож, эдийн засаг төдийгүй нийгмийн сэтгэл зүйд хямрал тохиосон тул манай нам улстөрийн оппозици хүчний хувьд Ардчилсан намын Засгийн газар, Улсын Их Хуралд хандаж эсэргүүцэл, сануулгын акцыг иргэд, иргэний нийгмийн төлөөллийн оролцоотойгоор 5 удаа зохион байгуулсан. Бас, нөхцөл байдлыг харгалзсаны үүднээс  Ардчилсан намын хүсэлтээр Засгийн газартай нь хэсэг хугацаанд хамтран ажиллав. Энэ хамтрахыг улс орны амьдрал өөрөө объектив ёсоор шаардаж байлаа. Харин дараа нь манайхныг түлхэн хөөсөн нь субъектив ааш авирын илрэл болсон юм.

 

Ардчилсан намын Засгийн газартай Монгол Ардын Нам хамтарч ажиллах болсонтой холбогдуулан манай намын Удирдах зөвлөл 16 зорилт, 53 арга хэмжээ бүхий “Эдийн засгийн хямралаас гарах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэгт хүргүүлснээр “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-т 19 санал нь тусгагджээ.

 

Нам 2016 оны сонгуулиар байгуулагдсан өөрийн Засгийн газарт ч зарчмын асуудлаар санаа бодлоо хэлж хамтран ажиллаж ирлээ. Үүнд холбогдсон 15 төрлийн бичиг баримт боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн юм. Эдгээр баримт бичигт Засгийн газар маань УИХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэдгийг үндэслэн, Засгийн газраас боловсруулсан 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд дүн шинжилгээ хийж, Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс орхигдуулсан болон өөрчилсөн зүйлсийн  талаар судалгаа хийж санал боловсруулан Засгийн газарт хүргүүлснийг онцлон хэлэх хэрэгтэй байна.

 

Манай нам мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхгүйгээр дараагийн сонгуульд ялалт байгуулна гэвэл хий мөрөөдөл болж таарна. Иймд намын мөрийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд намын удирдлага байнгын хяналт тавьж шалгаж, дүгнэж байх шаардлагатай байна.

 

УИХ-ын сонгуульд оролцохдоо манай намаас дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөр гэхэд л бодлогын чанартай Ерөнхий, аймгуудад хийх бүтээн байгуулалтыг дурдсан Тодорхой гэсэн хоёр үндсэн хэсэгтэй байгаа.

 

Намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд, улмаар Засгийн газрын гишүүд, шат шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаад холбогдох шатны намын байгууллагын удирдагчид байнга анхаарч, шаардлага тавьж хөтөлбөрөө биелүүлэхэд нь тусалж байх нь чухал боллоо. Намын энгийн гишүүд маань ч энэ чиглэлээр анхаарч байхыг Та бүхнээсээ хүсэж байна. Ер нь, нам нийтээрээ хөдөлж, санаачилж, зүтгэж байж л бид хөтөлбөрөө хэрэгжүүлж чадна.        

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр намын нэр хүнд өсөх төдийгүй хөтөлбөрийг өмнөө барьж сонгогдсон нөхөд ч дараа удаагийн дахин сонгуульд өрсөлдөхөд ялахад нөлөөлөх нэгэн чухал хүчин зүйл болох юм. Амласнаа биелүүлж сурахгүй бол хариуцлагад суралцаж чадахгүй, ингэснээр намын болон нийт олны итгэлийг даахгүйд хүрнэ гэдгийг Та бид дор дороо хатуу санаж явах нь зүйтэй.

           

Манай намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдэд их мөнгө хөрөнгө зарцуулахгүйгээр зохион байгуулалт, удирдлага-менежментийг сайжруулах аргаар хэрэгжүүлж болох амлалт олон бий. Энэ талаар ухаан зарж, арга эвийг хайх хэрэгтэй. Ухаандаа, эмнэлэг, төрийн бусад үйлчилгээн дэх хүнд суртал, хэт төвлөрөл, чирэгдлийг арилгах нь хүн амын сэтгэл зүй, ахуй амьдралд сайнаар нөлөөлөх нэг чухал зам мөр юм гэж манай нам хөтөлбөртөө дурьдсаныг хэрэгжүүлэхэд их хөрөнгө мөнгө шаардахгүй билээ.

           

Намын Удирдах Зөвлөлийн Ажлын алба УИХ дахь Монгол Ардын Намын бүлэгтэйгээ хамтран ажиллаж ирëээ. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд Намын Удирдах Зөвлөлийн Ажлын алба дүн шинжилгээ хийж, эдийн засгийн асуудлаар 13, уул уурхайн асуудлаар 3, нийгмийн асуудлаар 5, хууль эрх зүйн асуудлаар 4 нийт 25 сэдвээр танилцуулга бэлтгэж, санал боловсруулан Намын бүлэгт хүргүүлж байсан нь гишүүдийг мэдээллээр хангахад зохих үүрэг гүйцэтгэсэн юм.

 Илтгэгч энд УИХ дахь өөрийн намын бүлэг, Засгийн газраа намын гадаад орчны байдалтайгаар хэлж буй нь тэдгээрийг намынхаа гадна гарган ойлгож байгаа хэрэг огтхон ч биш ээ. Гагцхүү эрхэлсэн ажил үүрэг, нам ба төр засгийн хоорондын чиг үүргийн ялгаа заагийн үүднээс л хэлж байгаа юм.  Угаасаа бид бүгдээрээ нэг намын гишүүд, энд амьдралын логикт захирагдахаас өөр аргагүй юм.

            Манай намын гадаад орчинд бусад улс орны намууд бас орно.

           

Тайлангийн хугацаанд Монгол Ардын Нам гадаад орнуудын улстөрийн намуудтай харилцах чиглэлээр олон чухал арга хэмжээ зохион байгууллаа.

           

Монгол Ардын Нам СоцИнтерний байгууллага, түүний гишүүн намуудтай харилцаа холбоогоо өргөжүүлж ирлээ. Хөрш орнуудын болон бүс нутгийн эрх баригч, бас нөлөө бүхий намуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийлээ. Монгол Ардын Намын удирдлагууд гадаадад айлчилж, гадаадын өндөр түвшний айчлалыг хүлээн авсан байна. Монгол Ардын Нам зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудын холбоо-Прогрессив Аллианс-Дэвшилтэт эвсэл байгууллагын ээлжит Бага хурлыг Улаанбаатар хотноо 2017 оны 05 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Тус хуралд 5 тивийн 40 гаруй улс төрийн нам, олон улсын байгууллагууд оролцсон юм. Энэхүү хурал нь Монгол Ардын Намаас олон улсын хэмжээнд зохион байгуулсан, оролцсон улстөрийн намуудын төлөөлөл, хамрах хүрээгээрээ хамгийн том арга хэмжээний нэг болсон юм. СоцИнтерний дэд Ерөнхийлөгч, Дэвшилтэт эвсэл-Прогрессив Аллианс байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр манай намын төлөөлөл сонгогдон ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Журмын эрхэм нөхөд өө,

            Намын амьдрлын гадаад орчин бол бидний амьсгалах нэгэн чухал агаар юмаа. Улс оронд болж байгаа үйл явлууд, олон  түмний сэтгэл зүйн хөдөлгөөнтэй холбогдон манай намын гадаад орчин байн байн өөрчлөгдөж байна. Бас гадаад улс орнуудын намуудын байдалд ч өөрчлөлт  хөдөлгөөн орсоор байна. Энэ бүх өөрчлөлтийн явцыг урьдчилан харах нь бидний нэн чухал зорилт юм. Бид юуны өмнө, дотоодын дэмжигчдийн ганхалтын учир шалтгааныг нарийвчлан судалж, шинээр бий болж буй орчиндоо хурдан зохицохыг анхаарах нь их чухал боллоо. Аль цэгт, хаана сул ажиллаж байгаагаа судлан мэдрэхгүй бол бид гадуур өрнөж буй идэвхжлээс хоцорно. Идэвхгүй байж болохгүй, бодлого үйлдлийн маань идэвх суларвал бид сүүл барихад хүрэх нь ойлгомжтой юм. Намын гадаад орчин дотоод амьдралтай нь, дотоод амьдрал нь гадаад орчинтой нь салшгүй холбоотой билээ.

           

Хоёр. Намын дотоод амьдралын талаар товч танилцуулъя.

            Өнөөдрийн байдлаар  манай намын Бага хурал 310 гишүүнээс бүрдэж байгааг түрүүнд хэлсэн. Тайлангийн хугацаанд намын Бага хурал 11 удаа хуралдаж цаг үеийн болон зарчмын олон асуудал хэлэлцэж, нийт 57 тогтоол гарган хэрэгжүүлсэн байна. Намын Бага хурал 10 удаа хуралдахдаа Намын дүрэмд 4 удаа  өөрчлөлт оруулжээ.

           

Намын Бага хурлын дундаж ирц 82 хувь байсан бөгөөд гишүүдийн 51 хувь нь хуралдаанд тасралтгүй оролцжээ. Намын Бага хурлын IX хуралдаан хамгийн өндөр ирцтэй (94,8 хувь) байлаа. Бага хурлын хуралдаанд огт ирээгүй гишүүн нэг, ганц удаа ирсэн гишүүн нэг байна.

 

Намын Бага хурлын хуралдаан улс орон, намын амьдралын чухал ач холбогдол бүхий асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэдэг тул Бага хурлын гишүүд ямар ч албан тушаал хашиж, ямар ч ажил эрхэлж байлаа ч нэгэнт сонгогдсон учир оногдсон үүргээ биелүүлэх, намынхаа бодлого, шийдвэрийг боловсруулахад оролцож, намын удирдлагын хүсэлт, санал санааг хэрэгжүүлэхэд анхаарч байх нь чухал юмаа.

 

Намын Удирдах Зөвлөл эдүгээ 33 гишүүнтэйгээр ажиллаж байгааг түрүүнд хэлсэн. Тайлангийн хугацаанд Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд 4 удаа өөрчлөлт орсон байна. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны байдлаар Намын Удирдах Зөвлөл 79 удаа хуралдаж  179 тогтоол гарган гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллажээ.

           

Удирдах Зөвлөл Намын Дүрэмд заасны дагуу

  • Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнийг байгуулах
  • төр, засаг, намын албан тушаалд нэр дэвшүүлэх
  • орон нутагт ажиллах аян
  • үндэсний форум зохион байгуулах
  • зохих журам шинэчлэн батлах
  • Бодлогын хороо байгуулах
  • НАШБ-ын удирдах ажилтны зөвлөгөөн хийх
  • улс орны дунд хугацааны хөгжлийн стратеги боловсруулах
  • Удирдах Зөвлөлийн Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг тогтоох
  • бодлого шийдвэр боловсруулах болон цаг үеийн ажил, арга хэмжээнд холбогдсон ажлын хэсэг байгуулах
  • сонгуулиудын бэлтгэл ажлыг хангах
  • зохион байгуулалтыг нь бүрдүүлэх
  • Ажлын албаны тайлан төлөвлөгөөг батлах
  • УИХ, Засгийн газарт чиглэл өгөх зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж байлаа.

Бүхэлд нь хэлбэл, намын Удирдах Зөвлөлийн ажил намын амьдралын бүхий л хүрээний асуудлаар стратегийн болон тактикийн шийдвэр гаргаж хэрэгжүүлэхэд чиглэгдэж ирлээ.

           

Намын дотоод амьдралын бүх асуудлыг, Намын дүрэм ёсоор, Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар толгойлуулсан, намын Удирдах Зөвлөлөөр байгуулагдсан намын Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн, удирдлагад нь ажилладаг ажлын албад, ажиллагсад хариуцдаг билээ.

           

Тайлангийн хугацаанд намын Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн 53 удаа хуралдаж 305 тогтоол шийдвэр гарган хэрэгжүүлээд байна.

           

Ажлын алба Монгол Ардын Намын ХХVII Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, шат шатны намын байгууллагын уялдааг хангах, удирдах ажилтнуудын санал бодлыг сонсон идэвхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Ажлын алба дээр дурдсан олон зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. 

 

Удирдах Зөвлөлийн Ажлын алба орон нутгийн намын байгууллагуудтайгаа нягт холбоотойгоор ажиллаж ирлээ. Тайлангийн хугацаанд Ажлын алба 15 аймгийн намын хорооны ажилтай газар дээр нь очиж танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө, ажил сайжруулах тодорхой үүрэг даалгавар, зөвлөмж өгч ажиллав. Намын хороод харилцан туршлага судлах ажлын хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Монгол Ардын Намын хороодын дарга, дэд дарга нар гурван аймагт тусгай хөтөлбөрийн дагуу ажиллалаа. Намын хороодын дэд дарга нар орон тоогоор ажиллаж буйг энд цохон тэмдэглэе. Ажлын алба аймаг орон нутагт үүссэн нөхцөл байдлын хүрээнд дөрвөн аймагт ажилласан болно.

           

Анхан шатны байгууллагууд маань намын үндэс учраас бид тэр зүг рүүгээ бүхий л бололцооныхоо хэрээр дээд зэргийн анхаарал тавих хэрэгтэй байна, үүнийг цаг үе ч шаардаж байна. Намын доод, дунд, дээд шатанд сонгогдсон бүх удирдагчид чухам үүрээ, ингэхлээр гишүүдээ ажил үйлсийнхээ тулах цэг хэмээн үзэж хандахыг бүүр хэвшил болгох хэрэгтэй.

 

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх нь намын нөлөөг өргөтгөхөд чухал ач холбогдолтой юм.

 

            Гишүүдийнхээ боловсролын байдлыг судалж үзвэл түвшин нь буурсаар байгаа нь санаа зовоож байна. Тухайлбал, дээд боловсролтой намын гишүүд 2013 онд 24 хувь байсан бол 2015 онд 22,5 хувь болж буурчээ. Мөн 2015 онд бага боловсролтой гишүүн 9,3 хувь байсан бол 2016 онд 10,8 хувь, бүрэн бус дунд боловсролтой гишүүн 2015 онд 22,5 хувь байсан бол 2016 онд 28 хувь болж өссөн байна.

            Ийм учраас намын ажилтан, намын гишүүдийг сургах, мэдлэг боловсролыг нь  дээшлүүлэх, давтан сургах, хүний нөөцийг бүрдүүлэх ажлын хүрээнд олон чухал арга хэмжээ авлаа.

           

Бидний ажлын бүх амжилт боловсон хүчнээс, хүний нөөцөөс, зөв томилгооноос хамаарах болно.

           

Албан тушаалын зөв хуваарилалт намын амьдралд амин чухал ач холбогдолтой юм. Сонгуулийн үр дүнгээр албан тушаал хуваарилахдаа намын хэмжээнд албан ёсоор тогтсон журам, шалгуур, хэм хэмжээг хатуу баримтлан сахихгүй бол нам Хөтөлбөрөө хэрэгжүүлэх, Дүрмээ мөрдөх бололцоо багасдаг байна.

 

 Ингэснээр намын нэр хүнд буурч, бүтээлч, дайчин чадвар нь суларч, намын эв нэгдэлд хохирол учирдаг нь амьдралын үнэн юмаа.

 

Сонгуулийн ялалт, ялагдал нь намаас төр, засгийн албанд дэвшүүлсэн боловсон хүчин хариуцсан ажил, хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж, намынхаа ажилд хэрхэн оролцож байгаагаас ихээхэн хамаардаг байна. Нам бол амьд организм гэцгээдэг. Тэгвэл тэр амьд организмаа тэтгэн авч явах нь намын байгуулсан төр засаг, тэдгээрийн албан хаагчид юм. Байгуулсан төр, засаг нь намаа үл тоомсорлон орхидог ёс жаяг хаана ч байхгүй. Эрх барьж буй нам бол байгуулсан төр, засгийнхаа эд эс нь мөн гэдгийг энэ ертөнцийн хаана ч, хэн ч, үгүйсгэдэггүйг бид хайхрахгүй байх учиргүй билээ. Намын  гишүүн хэн ч гэсэн намдаа гишүүнийхээ ухаан бодол, хараа нүдээр хандаж байх ёстой.

           

Намаасаа сонгогдож, томилогдсон төр, засгийн албан хаагчдад хариуцлагын шаардлага тавьдаг нь намын зүгээс бүхнийг захиран удирдах гээд байгаа хэрэг биш билээ. Нам нэр хүндээ, нэр төрөө хадгалж байх үүднээс бүх гишүүдээ ялган үзэхгүйгээр зохих шаардлага тавьдаг нь жам юм. Яагаад гэвэл, энэ нэр төрийн цаана сонгууль ч, намын оршихуй ч нуугдаж байдаг билээ.

Тайлангийн хугацаанд намын ухуулга сурталчилгаа, судалгааны чиглэлээр ихээхэн анхаарлаа. Суртал ухуулгын ажил нь,

            -Намын удирдлага орон нутагт очиж ажиллах,

            -Намын удирдах ажилтны улсын болон бүсийн зөвлөгөөн хийх,

            -Аймаг, нийслэлийн намын удирдах ажилтны зөвлөгөөн хийх,

            -“Иргэдийн цаг”- уулзалт зохиох,

            -“Иргэдийн индэр”-  хэлэлцүүлэг хийх,

            -“Бид хамтдаа” - үндэсний форум зохион байгуулах,

            -“Иргэдийн цаг” - аян зохиох зэрэг олон хэлбэртэйгээр хийгдлээ.

           

Эдгээр аян, уулзалтын үеэр “Үндэсний форум” тунхаг бичиг гаргаж, “Ардын индэр”, “Иргэдийн цаг” аянаар Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар хэд хэдэн аймгуудад биечлэн очиж ажиллав. “Ардын индэр” хэлэлцүүлэг 13 удаа 3 сарын турш болж салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд олноороо оролцсон байна.

 

Намынхаа төв хэвлэл “Монголын үнэн” сониныг чанаржуулах талаар хэдэн зүйл хэлье. Намын суртлын ажлыг хэрэгжүүлэхэд тус сонины гол үүрэг оршино. “Монголын үнэн” сонины нийтлэлийн бодлого, санхүүжилтийг шинэчлэн сайжруулах, захиалгын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь чухал болж байна. Нийтлэлийн үзэл санааг гишүүд, дэмжигчиддээ ойртуулах хэрэгтэй байна.

Сониноо захиалж унших хөдөлгөөнийг намын гишүүдийн дунд идэвхтэй өрнүүлэхийг Та бүхнээсээ хүсэж байна. Сонинд намын түүх, намын одоогийн ажил хэргийн байдал, намын бодлогын асуудлыг өргөнөөр нийтэлж байх нь чухал юм. Намын гишүүд ч санал, үзэл бодлоо бичиж сониноо нийтлүүлж байхыг намын амьдрал шаардаж байна.

 

Ажлын алба судалгааны асуудалд ихээхэн анхаарч ирлээ. Сонгуульд холбогдуулан намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны шугамаар нам болон намаас нэр дэвшигчийн рейтингийн талаар аймаг, нийслэлд судалгаа хийхэд нийт 50000 орчим хүн хамрагджээ.

 

            Түүний хамт намын дэргэд сургалт, судалгааны “Стратеги” академи  ажиллаж байна. Намын дүрэм ёсоор хараат бус, бие даасан, ашгийн бус байгууллага болж зохион байгуулагдсан энэ академи сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, РR, номын сан гэсэн 4 чиглэлээр ажиллаж байна.         

Намын санхүүжилт бидний нэн чухал асуудлын нэг юм. Энэ бол газар бүхэнд байдаг асуудал. Намын санхүүгийн амьдралыг эдүгээ намын Сан хөрөнгийн газар хариуцан ажиллаж байна. Тус газар Монгол Улсын хууль, тогтоомжийг хатуу баримтлаж, Монгол Ардын Намын ХХVII Их хурлаас дэвшүүлсэн зорилт, намын Бага хурлуудын хуралдаан, намын Удирдах Зөвлөл, Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд  үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. 

 

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санхүүжилтийн асуудлыг 2015 онд төрийн аудитаар шалгуулж, зөрчил дутагдалгүй гэсэн дүгнэлтээр 2016 оны ээлжит УИХ-ын сонгуульд оролцсон байна. Тус газар 2016 оны УИХ-ын сонгуулийн зардлын тайланг гарган Сонгуулийн ерөнхий хороо, Татварын ерөнхий газар, Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд хүргүүлэн хянуулахад зөрчилгүй гэсэн дүгнэлтийг аудитын байгууллагаас өгчээ.

           

Мөн оны Орон нутгийн сонгуулийн 21 аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн зардлын тайланг хянуулахад зөрчил дутагдалгүй гэсэн үнэлэлт авчээ.

           

Тус газар аймаг, нийслэл, дүүргийн нягтлан бодогч нарт 2016, 2017 оны сонгуулийн санхүүгийн тайлан гаргалт, баримт бүрдүүлэлт, шалгалт, аудит хийлгэх, сонгуулийн санхүүгийн процессийн талаар 2 удаагийн сургалт хийж мөн шат шатны сонгуульд нэгдсэн санхүүгийн бодлого, зөвлөмжөөр хангаж ажиллалаа.

           

 

            Манай намын дэргэд Ахмадын холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо гэсэн төрийн бус байгууллагууд идэвхтэй ажиллаж байна.   

 

 

            Журмын эрхэм нөхөд өө,

            Тус Их хурал намынхаа Мөрийн хөтөлбөр, Дүрэмд зарим саналуудыг оруулах болно. Энэ талаар холбогдох ажлын хэсгүүд илтгэнэ.

 

Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,

            Засгийн газар хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлууллаа.

           

Улс орныхоо нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх ойрын, түүнээсээ ургасан алсын зорилтыг зөв тодорхойлж чадсан, дотоод гадаадтай холбогдсон бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн, хүн амын эрүүл мэнд, боловсролын асуудлыг анхаарлынхаа төвд авсан төсөв л хэрэгтэй байсныг энэ Засгийн газар онож анхаарчээ.

           

Энэ төсөв өмнөх жилийн хэмжээнээс бага байгаа ч УИХ-ын сонгуулийн үед манай нам ард түмэндээ амласан зорилтуудыг биелүүлэх боломжийг тооцон төлөвлөжээ. Тухайлан онцолж хэлэхэд, тус төсөвт:

  • 2018 онд улсын хэмжээнд 82 сургууль, 127 цэцэрлэгийн барилгыг шинээр барих, дуусгаж амжилгүй он дамжин үлдээд байгаа бүх сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилгыг гүйцээж ашиглалтад оруулах;
  • Оюутны боловсролын зээлийг үргэлжлүүлэн олгох;
  • Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар хөнгөлөх;
  • “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 100 хувь санхүүжүүлэх;
  • “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • 400 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй дүйцүүлэн 119 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх;
  • Ажилгүйдлийг бууруулах, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхээр 147 тэрбум төгрөгийг аймаг бүрт олгох зэргээр төсөвлөсөн нь манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилтод бүрнээ нийцэж байна.

 

Хөгжлийг дэвжээж, хүнээ бодсон зоригтой, шийдвэртэй алхмууд хийж байгаа Засгийн газрынхаа бодлого, үйл ажиллагааг дэмжих, тогтвортой ажиллуулах нь чухал байна.

 

            Бидний намыг өвөг дээдэс маань үндэслэн байгуулсны 100 жилийн ой, түүхийн том мөчөөр яривал, цай буцалгахын зуурт тохиох гэж хүлээж байна. Намынхаа түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхтэй холбогдуулан тус Их хурал онцгойлсон Уриалга гаргаж гишүүд, дэмжигчид, олон нийтэд хандах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

           

Эв нэгдэлтэйгээр, учрыг ойлголцох зарчмаар, улс орныхоо эрх баригчийн хэм хэмжээ, зиндаа, ноён нуруутайгаар намынхаа 100 жилийн ойг ёслол төгөлдөр, баяр баясгалантай, амжилт бүтээлтэй тэмдэглэхийн өлзийтэй сайхан ерөөлийг Та бүхэндээ, намынхаа нийт гишүүддээ өргөн дэвшүүлье.

           

Төгсгөлд нь хэлэхэд Монголын ард түмэн энэ өдрүүдэд та биднийг анхааралтай ажиглаж байгаа. Монгол Ардын намын XXVIII их хурлаас гарах шийдвэр зөвхөн манай намын төдий бус, биднийг итгэлийн нүдээр харж байгаа Монголын Ард түмний язгуур эрх ашигтай салшгүй холбоотой шийдвэр байх болно гэдгийг бид мартах ёсгүй.          

Монгол Ардын Намын XXVIII Их хурал намынхаа болон Монгол Улсынхаа түүхэнд сайнаар үлдэх болтугай.

                                                                        Баярлалаа.

           

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал