МОНГОЛ АРДЫН НАМД ТАЛАРХАЖ БАЙНА

2017 Оны 12 Сарын 11

Германы Социал Демократ Нам /ГСДН/ 2017 оны 12 дугаар сарын 07-ноос  09-ний өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 5000 гаруй төлөөлөгчтэйгөөр Их хурлаа хийлээ. Уг Их хурлаар Намын дарга Мартин Шүлц төлөөлөгчдийн 81,9 хувийн саналаар дахин намын даргаар сонгогдож, шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад удирдах албан тушаалтнуудаа сонголоо. Мөн энэ удаагийн их хурлаар намын удирдлагуудыг Германы засгийн газар байгуулах эвслийн засгийн газарт орж ажиллах асуудлаар Христийн Ардчилсан Намтай яриа хэлэлцээ хийх эрхийг олгож байгаагаараа онцлог болж байна.

Тус хуралд үзэл баримтлал нэгтэй МАН-аас Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Гантулга, МАН-ын Гадаад харилцааны албаны дарга Б.Мөнхжин нарын албаны хүмүүс оролцож байна. Тэд хурлын үеэр ГСДН-ын дарга Мартин Шүлцтэй уулзаж, дахин сонгогдсонд нь МАН-ын нэрийн өмнөөс баяр хүргэв.

Мөн Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх ГСДН-ын Дэд дарга Торстен Шефер-Гүмбэл, Гадаад бодлогын газрын дарга Себестиан Бради нартай хоёр талын уулзалт хийж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. “Улс төрийн хүнд амаргүй цаг үед бидэнтэй хамт байж, дэмжсэн МАН-д чин сэтгэлээсээ талархаж байна. МАН нь манай ГСДН-ын Ази тив дэх гол түнш мөн” гэж ноён Шефер-Гүмбел онцлов.

Түүнчлэн, Прогрессив Аллианс байгууллагын Ерөнхий зохицуулагч Константин Войноф, Фридрих Эбертийн сангийн дарга Күрт Бек нартай уулзаж санал солилцов.  

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал