Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо

2017 Оны 12 Сарын 13

-Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд энэ сарын 5-нд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль ажилладаг.  Эдгээр сургуулийн багш, ажилтан, ажилчдын илүү цагийн хөлс олгоход шаардагдах 574,6 сая төгрөгийг 2018 оны төсвийн жилээс тус сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэр гаргалаа.

Гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосон юм. Энэ дагуу  Цагдаагийн ерөнхий газраас дараах ажлыг хийж эхлүүлээд байна.

ЦЕГ-ын даргын тушаалаар ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  хэлтсийг байгуулжээ.

Нийслэлийн сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийн нарийвчилсан судалгаа хийж, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран тэдний оролцоог нэмэгдүүүлж “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургуулийг барьж эхэлнэ. Эдгээр сургууль, сургуулийн өргөтгөл баригдаж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал