Д.Хаянхярваа: БНСУ-аас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг орон сууцжуулахад зарцуулна

2018 Оны 1 Сарын 23

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2018.01.22/ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын танилцуулгыг сонслоо.Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг,  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Засгийн газраас төвлөрсөн хотуудад ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон тогтоолын төсөл боловсруулж, УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж буйтай холбогдуулан Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэй утаагүй түлш үйлдвэрлэхэд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Түүнчлэн МАН-ын бүлгийн хуралдаанаар  утаа, хөрс, агаарын бохирдлыг цогцоор нь шийдэхийн тулд “Амьдралыг тэтгэгч цэвэр агаар” санаачилга гаргаж, ажиллахаар боллоо. Энэхүү санаачилгын талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ “Энэ аяны хүрээнд эхний ээлжинд түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах, хоёрдугаарт, сайжруулсан түлшний хангамжийг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжих, гуравдугаарт, гэр хорооллыг орон сууцжуулахад төвлөрч ажиллана. Гэр хорооллын айл өрхүүдэд дэд бүтцийг нь шийдээд өгвөл хашаандаа тав тухтай амьдрах боломжтой гэж иргэд үздэг. Тиймээс Улаанбаатарт дэд бүтцийн бичил төвүүдтэй болох санхүүжилтийг шийднэ. Мөн дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, агаарын чанарыг сайжруулах тулд орон сууцны зээлд хамруулах санал оруулж байна.

 

Бүлгийн хуралдааны мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авах  500 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?

-БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авах 500 сая ам.долларыг орон сууцжуулахад зарцуулна гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Ирэх гуравдугаар сард Солонгосын талын төлөөлөгчид Монголд ирж ажиллана. Тухайн үед асуудал тодорхой болно.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зуух тараана” гэж мэдэгдсэн салбарын сайдаа сошиалаар “загнасан”. Цаашдаа зуух тараах юм уу?

-Агаарын бохирдол буурахгүй байгаа шалтгааныг өмнөх төслүүдийн ач холбогдолтой холбон тайлбарлаж байгаа. Өмнөх төслүүдийн нэг болох бүхэлдээ зуух тараасан нь огт үр дүнгүй ажил байгаагүй гэдгийг гишүүд бүлгийн хуралдааны үеэр хэлж байса. Дахин зуух тараах уу, болих уу гэдэг асуудлыг нарийвчлан судалж үзнэ.

Сайжруулсан түлш тараах ажил танил талтай нэгнийх нь  хувийн бизнесийг дэмжсэн ажил болохвий гэсэн болгоомжлол байна. Энэ талд ямар байр суурьтай байна вэ?

-Сайжруулсан түлшинд нэг стандарт тогтооно гэж ярьж байгаа. Сайн чанарын түлш үйлдвэрлэх компаниудтай хамтран ажиллана гэдгээ хэлж байгаа. 3,4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд Солонгосын талтай ярилцсан. Сайжруулсан түлш хэн нэгний хувийн бизнес болохвий гэсэн болгоомжлол байгааг ойлгож байна. МАН өмнөх гаргасан алдааг давтаж болохгүй гэдгийг гишүүд анхааруулж ярьсан.Тиймээс сайжруулсан түлшний асуудал бизнес болохгүй гэж ойлгож болно.

-Татвар нэмэгдсэнтэй холбоотой асуудлыг ОУВС-тай ярилцахаар болсон уу?

-Энэ сарын 25-нд Олон улсын валютын сангийнхан ирнэ. Тэдэнтэй энэ чиглэлээр ярилцана.

Шатахууны хомсдол үүссэн хэвээрээ байна. Цаашид урт хугацаандаа шатахууны хомсдол, үнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Засгийн газар шатахуун импортлогчидтой ярилцаж байгаа. Ялангуяа А80, Ай92 бензиний үнийг нэмэхгүй, Дизель түлш, АИ 95, АИ 98 дээр нэмэгдэл өгөөд явахад тохиролцсон байна. Шатахууны 45 хоногийн нөөц бий.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал