АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэлээ

2018 Оны 1 Сарын 24

Засгийн газрын хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр боллоо.

АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэлээ

Засгийн газрын хуралдаанаар АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвар гаргалаа.Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хийсэн тайлбарыг хүргэж байна 

Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барина Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны хоёрдугаар улирлаас газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Үүнтэй холбогдуулан сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтлоо.  

  Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх салаа төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын автозам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэнэ.

  Бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын үе шат бүрт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байнгын хяналт тавих юм.

2020 он хүртэлх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталлаа

  Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон шалгуур үзүүлэлтийг хэлэлцэн баталлаа.

  Энэ дагуу:

-  Жил бүрийн улсын төсөв, төсвийн тодотголд хөтөлбөрт заасан төслүүдийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг тусгах

-  Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцүүлэх, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг хөтөлбөртэй уялдуулахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.

Мөн улсын төсөв, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ, зээл, тусламжаас бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхийг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа.

  Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж Засгийн газар үзэн “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж 27 зорилт хэрэгжүүлэх юм.

  Хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ бүрэн ханган, хүнс экспортлогч орон болох, аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэр, аялал жуулчлал, тээвэр, дэд бүтцээ хөгжүүлэх зэргийг тусгажээ.

  Мөн нийгэмд шударга ёс тогтоон, хуулийн засаглалыг бэхжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, шүүх, хуулийн байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, ажлын байр нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал зэрэгт анхаарах юм.

Товч мэдээ

-  Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 468 сая ам.долларын санхүүжилтийг эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох чиглэлд зарцуулах юм.

-  “Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 0,2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээлийг хотын агаарын бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөөд байна.

-  Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийг хоног тутамт 0.050 хувь байхаар тогтов.

-  Орон нутгийн хөгжлийн индекс тооцох аргачлал, үүнд шаардагдах мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалтыг батлав. Индексийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан тооцож нийтэд зарлаж байхаар боллоо.

-  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлахаар тогтов.

-  “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ыг батлав. Журам нь мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх барилгын салбарын иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлагыг тогтоох, бүртгэх болон түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах юм

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал