Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын хорооны XXXIII бага хурал болж байна

2018 Оны 1 Сарын 26

Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Улс төрийн бодлогын газрын дарга Н.Дэмбэрэл, Хяналтын ерөнхий хорооны гишүүн Батсүрэн, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нар Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өвөрхангай аймагт өнөөдөр аймгийн намын хорооны бага хурал болж байгаа юм. Уг бага хурал нь Намын их хурлын дараагаар 4 жилд нэг удаа болдогоороо онцлогтой.

Энэ үеэр Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан аймгийн намын хорооны гишүүдэд мэнд хүргээд ИТГЭЛ-ЗҮТГЭЛ-ХАРИУЦЛАГА уриан дор зохион байгуулагдсан Монгол Ардын Намын ээлжит ХХVIII Их хурлын талаар товч мэдээлэл өгсөн юм.

Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын Хороо нь Монгол улсын 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн намын хороодоос өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа, үр дүнгээрээ ямагт тэргүүлж ирсэн намын байгууллага юм. Тухайлбал 2016 оны Улсын Хурлын сонгуульд 19, 20, 21-р тойргуудад 100 хувийн ялалт байгуулсан. 2016 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 41 тойргийн 38-д нь үнэмлэхүй ялалт байгуулсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 шатны санал хураалтад тус бүрт нь ялалт байгуулсан амжилтыг үзүүлсэн.

Эгнээндээ 12 мянга гаруй гишүүдийг нэгтгэсэн энэ намын байгууллага улам бэхжиж гишүүд, дэмжигчдийнхээ хүрээг тэлсээр байна. Өнөөдрийн байдлаар  сумдын намын хороо бүгд өөрийн байртай, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал