Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2018 Оны 2 Сарын 2

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ-ын болон МАН-ын гишүүд Д.Сүхбаатарын төрөл төрөгсөд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Монгол Ардын намын зүгээс “Ардын хувьсгалын он жилүүдэд тусгаар Монгол Улсыг байгуулах тэмцлийг өрнүүлж, Ардын нам, Ардын засгийг үүсгэн байгуулсан түүний гавъяаг бид мартах учиргүй, түүний үйл хэргийг хойч үедээ сурталчилан таниулах учиртай” гэдгийн онцолж буй юм. Энэ дагуу Д.Сүхбаатарын мэндэлсний ойг жил бүрийн энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  Монгол Ардын Намаас энэ өдөр хэд хэдэн ажлыг санаачлан зохион байгуулж байна. Тодруулбал, Д.Сүхбаатарын үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Мөн Их жанжин Д.Сүхбаатар болон Маршал Х.Чойбалсан нарын төрөл төрөгсдийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Монгол Ардын Нам Стратеги академитай хамтран ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах юм. Хуралд ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Түүхийн ухааны доктор Д.Эрдэнэбат, Түүхийн ухааны доктор О.Бат-Амгалан, Стратеги академийн бодлогын зөвлөлийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, докторант Б.Батбаатар нар оролцож “Д.Сүхбаатар хувь хүний тухайд”, “Д.Сүхбаатар судлалын үүсэл хөгжил”, “Монгол Улсын тусгаар тогтнолд Д.Сүхбаатарын гүйцэтгэсэн үүрэг” зэрэг сэдвээр илтгэл тавих аж. 

Мөн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооноос ойд зориулж оюутан залуусын дунд илтгэлийн тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахын зэрэгцээ 1000 залуус цусаа хандивлах сайн үйлсийн аяныг өрнүүллээ.

Сонирхуулахад Дамдины Сүхбаатарын хөшөөг МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулахаар шийдвэрлэжээ. 1946 онд төр засгийн нэрт зүтгэлтэн маршал Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ю.Цэдэнбал, С.Янжмаа, Б.Ширэндэв, Д.Дамба зэрэг нам төрийн удирдлагууд болон олон түмэн ард иргэд Ардын хувьсгалын 25 жилийнхээ ойгоор өөрсдийн хүч хөдөлмөрөөр Сүхбаатарын талбайг засан тохижуулж Д.Сүхбаатар жанжны морьт хөшөөг байрлуулж байжээ. Хөшөөг барималч С.Чоймбол бүтээсэн байна

Энэ хөшөө нь Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө гэдгээрээ онцлог бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2008 онд хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ. 2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Д.Сүхбаатарын морьтой хөшөөг хүрэлджээ. Хөшөөний урт 4.1 метр, өргөн 1.85 метр, өндөр 10.62 метр, морьтой хөшөөний өндөр 4 метр аж.

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал