МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН НИЙТ АРД ТҮМЭНД ХАНДАЖ САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2018 Оны 2 Сарын 15

Эрх чөлөөт тусгаар Монгол улсын ард иргэд, Элэг нэгт Монгол ахан дүүс,

Эв санаа нэгт эрхэм журмын нөхөд өө,

Та бүхэндээ айлчлан ирж буй тийн унжлагат хэмээх шар нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Өв соёл, ёс заншлаараа бахархан, өвгөд буурлуудаа хоймортоо залж, өнөр хотлоороо бэлэг ерөөлийн үгсээ хэлэлцэн золгодог хосгүй уламжлал, ховорхон  баяр бол цагаан сар билээ. Сар шинийн энэ өдөр үдэж буй жилийнхээ амжилт бүтээл, алдаа оноог дэнслэн, угтаж буй жилийнхээ ажил хөдөлмөрийг төлөвлөн ярилцдаг. Харьж буй алтан унжлагат тахиа жил Монгол түмэнд өгөөжөө ч өглөө,  бас ухаарал ч үлдээлээ.

Эрх баригч МАН-ын хувьд Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд  иргэдийнхээ 40 гаруй хувийн саналыг авсан. Гэвч олонхийн саналыг авч чадсангүй. Ард түмэн, сонгогчдоос өгсөн энэ  “дүн”-д МАН дүгнэлт хийж, Засгийн газраа шинээр эмхлэн байгууллаа. Намын их хурлаа хийж, шинэ удирдлагаа ч сонголоо. Цаашид, УИХ-ын сонгуулиар ард түмэндээ өгсөн амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн биелүүлэхийн төлөө МАН хичээн ажиллах болно. Үүний тулд итгэж нэр дэвшүүлсэн Их хурал, Иргэдийн хурлын төлөөлөгчид, итгэл хүлээлгэж томилсон албан тушаалтнуудаа шахаж шаардан, амжилтыг нь дэмжиж, алдаа гаргасанд нь хариуцлага тооцож ажиллана.

Хатуу өвөл дуусч, эх оронд маань урин дулаан цаг ирж байна.

Эдийн засаг маань сэргэж, тогтворжлоо. Өмнө тавьсан өр зээлийг ч төлж барагдууллаа. Энэ хэрээр гадны түншүүд, хөрөнгө оруулагчдын итгэл найдвар сэргэж, эерэг сайн мэдээ цөөнгүй дуулдаж байна. Иргэд олон нийтийн зүгээс  ч хүлээлт өндөр байна. Тэр хүлээлтийг хий хоосон яриагаар биш хийсэн ажлаараа бид хариулах болно.

Тайван нөхөрсөг шар нохой жилд  иргэд хотлоороо энх саруул, элбэг сайхан байж,  их бүтээн байгуулалт өрнөн,  улс орон маань хөгжин цэцэглэхийн ерөөл өргөе.

Монгол түмний минь цог хийморь өндөр, заяа буян тэгш байх болтугай.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

 

 

 

 

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал