У.ХҮРЭЛСҮХ: МАН-ЫН ТҮҮХ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ, ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТҮҮХ

2018 Оны 3 Сарын 1

“Эх орончдын баярын өдөр”, Монгол Ардын Нам байгуулагдсаны 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тусгаар тогтнолын ордноо болсон баярын хурлыг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, Монгол Улсынхаа нийт иргэдэд Эх орончдын баярын мэнд хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн үе үеийн Эх орончдынхоо гавьяа зүтгэлийг бид эгнэгт мартах учиргүй” гэдгийг онцлоод энэ утгаараа Эх орончдын өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж байна” хэмээсэн юм. Түүнчлэн “Өнөөдөр улс төрийн намууд Эх орныхоо ирээдүйн төлөө Эв нэгдлийг эрхэмлэн, Нэгдмэл цул байж улс орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах ёстой. Энэ дэлхий дээр Монгол улс гэж ганц л бий.

Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Улс орны эрх ашгаас давсан намын эрх ашиг гэж бүр ч байхгүй. Бидэнд нэгдмэл нэг л эрх ашиг бий. Энэ бол Монгол улсын Тусгаар тогтнол, Монголын ард түмний язгуур эрх ашиг” гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр “эвдэрч хагаралдах, эсэргүүцэн тэмцэлдэхээ урьтал болгох бус, эвлэлдэн нэгдэж, эдийн засагаа сэргээж, эх орондоо шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, иргэн бүрийнхээ ажил амьдралыг дэвжин дээшлүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Монгол Ардын Намын даргын хувиар төрийн нам, хүчнүүдэд уриаллаа.

Эх орончдын Нэгдмэл хүч Эх орны хөгжлийн үндэс байх болно гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн юм. Арга хэмжээний үеэр Монгол Ардын Нам 2017 оны шилдэг намын байгуулага, үүр хороодоо шалгаруулж шагнал гардууллаа. Шилдэг намын байгууллагаар Увс аймгийн Монгол Ардын намын хороо, Дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай намын байгууллагаар Өвөрхангай аймгийн Монгол Ардын намын хороо, Үйл ажиллагаагаа олон нийтэд зөв, сайн сурталчилан таниулсан намын байгууллагаар Төв аймгийн Монгол Ардын намын хороо, Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон намын байгууллагаар Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын хороо, Мөрийн хөтөлбөрийн шилдэг хэрэгжилттэй намын байгууллагаар Дорноговь аймгийн Монгол ардын намын хороо тус тус шалгарчээ. Мөн “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Монголын түүх” олимпиадад амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш нарт шагнал гардууллаа. Нэгдүгээр байрт 13-р сургуулийн сурагч Г.Тэмүүлэн, хоёрдугаар байрт 1-р сургуулийн сурагч П.Бямбасүрэн, гуравдугаар байрт Улаанбаатар эмпати сургуулийн сурагч Б.Ариунзаяа нар тус тус шалгарчээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал