Азийн Социал демократ намууд чууллаа

2018 Оны 4 Сарын 20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх доктор Ц.Мөнхцэцэг Филиппин улсын Себу хотноо 2018 оны 4 сарын 13-16-ны хооронд явагдсан Азийн Социал демократ сүлжээний “Ази дахь нийгмийн хамгааллын бодлогыг эргэн харах нь” сэдэвт бүсийн хуралд оролцож Монгол улс дахь нийгмийн хамгааллын бодлого, МАН-аас нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн талаар танилцуулга хийсний зэрэгцээ “Дэлхийн улс орнуудын улс төрийн намуудад тулгарч буй сорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Энэхүү хуралд Монгол, Малайз, Индонез, Филиппин, Мьянмар, Непал, Тайланд зэрэг Азийн улсуудын болон Швед, ХБНГУ, Финланд, Австрали улсын социал демократ намын төлөөлөгчид оролцож дэлхий дахины болон Ази дахь ардчиллын үйл явц, социал демократ намуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.

Дэлхий дахины болон бүс нутгийн ардчиллын үйл явцад авторитар дэглэмүүдийн өсөлт, үндсэрхэг популист лидерүүд газар авч буй явдал, улс төрийн намуудын дэмжигчдийн хүрээ буурч буй явдал, цахим популизм буюу популистуудын үйл ажиллагаа сошиал сүлжээнд шилжин орж сонгуулийн үеэр хуурамч мэдээлэл, туйлшрал газар авахад нөлөөлж байгаа зэрэг асуудал ихээхэн бэрхшээл сорилт болж байгаад хурлын төлөөлөгчид санал  нэгдэж эдгээр бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар ярилцав. Ялангуяа Филиппиний ерөнхийлөгч Р.Дутертегийн хар тамхины эсрэг тэмцэл, Мьянмар дахь Рохинжагийн үндэстний цөөнхийн хямрал нь тус улсууд дахь ардчилал болон хүний эрхийн төлөв байдалд аюул учруулж байгааг оролцогчид онцлон дурьдаж байлаа.

Мөн Ази дахь социал демократ бодлогын хэрэгжилт, нийгмийн хамгааллын бодлогын үр нөлөө, улс орнуудад тулгамдаж буй бэрхшээлийг нэг бүрчлэн ярилцсан юм. Филиппин, Малайз, Мьямар зэрэг Зүүн Өмнөд Азийн улсуудад хөдөөнөөс хотыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нэгдсэн тогтолцоо тааруу байгаагийн улмаас ядуурал, эрүүл мэндийн бодлогын хувьд ихээхэн бэрхшээл тулгамдаж байгааг тус улсуудын төлөөлөгчид ярьж байсан юм. Харин Монгол улсын хувьд нийгмийн  хамгааллын тогтолцоо сайн хөгжсөн, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ нь бүс нутгийн бусад улсуудаас давуутай байгаа ч сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн их нэмэгдэж байгаагийн улмаас агаарын бохирдол, сургууль эмнэлгийн үйлчилгээний ачаалал ихсэж байгааг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг дурьдаж энэ асуудлыг шийдэх талаар МАН болон Засгийн газраас явуулж буй арга хэмжээ, бодлогыг танилцуулав.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал