Баянзүрх дүүргийн зарим өрхийн эмнэлэг машинтай боллоо

2018 Оны 5 Сарын 1

      

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий дээр жилд 500 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөг бол Монголд жилд дунджаар 300-400 эмэгтэй энэ өвчнөөр өвчилдөг байна. Тэдний 80 хувь нь хожуу үедээ буюу оройтож мэддэг нь хамгийн том эрсдлийг дагуулдаг гэнэ. Мөн Монгол эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөлийн дотор умайн хүзүүний хавдар хоёрдугаарт бичигджээ. Умайн хүзүүний хорт хавдар нь гэнэт тусчихдаггүй, суурь, урьдал өвчнүүдийн үе шатыг дамжиж 5, 10, 15 жил болж байж хавдар үүсдэгийг анагаахын шинжлэх ухаан нотолсон байдаг байна.

Тиймээс байнга үзлэг оношлогоонд хамрагдаж, эрт илрүүлж чадвал энэ өвчнөөс сэргийлэх, эмчилж эдгээх бүрэн боломжтой гэж эмч нар сануулж байгаа юм. НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн санаачлагаар Баянзүрх дүүргийн 9, 17, 24-р хорооны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын үзлэг оношлогоонд үнэ төлбөргүй хамруулах ажил өнөөдөр эхэллээ. Тойргийнхоо иргэд сонгогчдын тавьсан санал хүсэлтэд анхааралтай хандаж, Хавдар судлал төвтэй хамтран энэ ажлыг зохион байгуулж байгаагаа НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан хэлж байлаа.

           Мөн энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2-р амбулатори болон 17, 24-р хорооны өрхийн эмнэлэгт аж ахуйн зориулалттай бага оврын ачааны автомашин хүлээлгэн өглөө. Баянзүрх дүүрэг хүн амын тоогоороо нийслэлд тэргүүлдэг. Шилжин ирэгсэд ихтэй. Тиймээс өрхийн эмч нарын хувьд яаралтай дуудлага, ахмад, жирэмсэн эмэгтэйчүүд, нярай хүүхдүүдийг гэрээр нь очиж үзэх, эм тариа, шинжилгээ зөөх зэрэгт автомашин зайлшгүй хэрэгтэй байдаг ч өөрсдийн санхүүжилтээр шийдэх боломжгүй байдаг байна. Тиймээс гэр хорооллын бартаа саадтай замаар явах боломжтой, шатахуун бага иддэг, аж ахуйн ажилдаа ч ашиглах боломжтой машинаар хангаж гэдэг хүсэлтийг тойргоосоо сонгогдсон төлөөлөгчид тавьжээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан тэдний хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, 17, 24-р хорооны өрхийн эмнэлэг болон дүүргийн ЭМН-ийн 2-р амбулаторид машин гардуулан өгсөнд талархаж байгаагаа 24р хорооны өрхийн эмнэлэгийн дарга Ш.Наранчимэг ярьж байлаа.

           НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан хотын төвөөс алслагдмал байрладаг айл өрхийн хүүхдүүдийн эрүүл мэнд мөн онцгойлон анхаарал хандуулж байгаагаа энэ үеэр хэллээ. Тиймээс нэг дор 50 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай амбултор эмнэлэгийг Баянзүрх дүүргийн захын хороололуудын нэг болох 24- дүгээр хороонд нутаг дэвсгэр дээр нь барихаар болсоноо дуулгалаа.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал