МОНГОЛ, ГЕРМАНЫ СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМУУД ХАРИЛЦАН ТУРШЛАГАА СУДАЛНА

2018 Оны 5 Сарын 14

         

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Германы Социал Демократ Намын сургалт, судалгааны мэргэжилтэнүүд болох Клаус Товар болон Селина Шарэк нар Монгол улсад айлчилж байна. Клаус Тобар нь Германы Социал Демократ Намын Бранденбург муж улсын удирдах зөвлөлийн дэргэдэх Өмнөд Бранденбург бүсийн ГСДН-ын дарга, төдийгүй ГСДН-ын удирдах зөвлөлийн дэргэдэх намын сургуулийн захирлын алба хашдаг. Өдгөө холбооны улс даяар хэд хэдэн хөтөлбөрийн удирдан зохион байгуулж байгаа юм. Тухайбал  “ГСДН-ын инноваци, боловсон хүчний хөгжил, мэргэжил дээшлүүлэх сургалт”,  Социалдемократ орон нутгийн академи“ холбооны улс даяар залуу халааг дэмжих гэх мэт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Харин  Селина Шерик нь Герман, Австри, Итали улсад олон улсын сургалт явуулж зөвлөгөө өгдөг туршлагатай сургагч багш, зөвлөх юм. Тэрээр олны өмнө гарах, удирдлага, зөрчлийн менежмент, мэргэжлийн өндөр түвшинд ярилцлага хийх, өөрийн менежмент, багийн хөгжил, хэвлэл-олон нийтийн  чиглэлээр стратегийн зөвлөгөө өгч ажилладаг байна. Тэднийг МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаягалан хүлээн авч уулзахдаа: Монгол улсад тэр дундаа Монгол Ардын Намд зориулж сургалт хийх болсонд талархаж байгаагаа илэрхийлээд намын талаар товч мэдээлэл өгсөн юм. Монгол Ардын Нам 1990 он хүртэл намын дэргэдээ их сургуультай байсан бөгөөд 1990 оноос хойш Академик боловсрол олгодог "Стратеги Академ"-ыг байгуулж өдгөө хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгааг уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга онцолж байлаа.

Маргааш буюу 05 сарын 15нд болох сургалт хэлэлцүүлгийн үеэр ГСДН-ын гишүүдийн менежментийн асуудлын талаар Товар Клаус мэдээлэл хийх бол Селина Шарэк ГСДН-ын гишүүдийн цахим бүртгэл,программ хангамжийн тухай танилцуулга хийх юм байна.

Дашрамд дуулгахад Германы Социал Демократ Нам нь 1875 онд "Гота" хөтөлбөрөө нийтэлснээр байгуулагдсан Социнтернийн гишүүн бөгөөд түүнийг анх үүсгэн байгуулагчдын нэг юм. Германы Социал Демократ Намын удирдах зөвлөл 45 гишүүнтэйгээс 25 гишүүн нь намын дэргэдэх сургууль төгссөн байдаг байна.

Нийт 450 мянган гаруй гишүүнтэй ХБНГУ-ын улс төрийн томоохон хүчнүүдийн нэг. 1991 оноос Фридрих Эбертийн сан  Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Монгол Ардын Нам, Германы Социал Демократ нам хоорондын харилцаа эхэлсэн гэж үздэг байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал