У.ХҮРЭЛСҮХ: ТУЛГАРСАН ХҮНДРЭЛ, ХЯМРАЛЫГ БИД НИЙТЭЭРЭЭ, ХАМТЫН ХҮЧЭЭР ДАВАН ГАРЧ БАЙНА

2018 Оны 5 Сарын 23
У.Хүрэлсүх: Тулгарсан хүндрэл, хямралыг бид нийтээрээ, хамтын хүчээр даван гарч байна

"Хүчээ нэгтгэе" уриан дор болсон  "Монголын эдийн засгийн чуулган-2018" Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Үүний өмнө хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, Санамж бичигт гарын үсэг зураг ёслол боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

“Хүчээ нэгтгэе” уриан дор болсон “Монголын эдийн засгийн чуулган”-д оролцож байгаа хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид болон нийт оролцогчиддоо энэ өдрийн мэндийг хүргэе.

“Монголын эдийн засгийн чуулган” хоёрдахь өдрөө үргэлжилж, улс орны хөгжлийн олон асуудлаар та бид хамтдаа хэлэлцэн зөвлөлдлөө. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодит биелэл бол бодлого, шийдвэр гаргахдаа олон нийтийг оролцуулах явдал юм.

Үр дүнтэй хуралдаж болдогийг өнөөдөр хамтран ажиллах чиглэлээр гэрээ зурснаас харж болно. Бид хүчээ нэгтгэж ажиллалаа.

Хэдийгээр энэ өдрүүдэд гадаа сэрүүхэн байгаа ч Төрийн ордон,  хуралдааны танхимуудад улс орноо цаашид хэрхэн тогтвортой, эрчимтэй хөгжүүлэх вэ гэсэн нэн чухал асуудлаар халуун хэлэлцүүлгүүд өрнөлөө.

Салбар хуралдаануудаар Монгол Улсын хөгжлийн загвар, хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээл, томоохон төслүүдээс эхлээд бодлогын тогтвортой байдал, монгол брэнд, хотын хөгжил, үнэт зүйлс зэрэг олон талын асуудлыг хэлэлцлээ.

“Монголын эдийн засгийн чуулган-2018” зорьсон үр дүндээ хүрч чадсан гэж үзэж байна.

Төр, засаг бодлогоо тодорхойлохдоо, шийдвэр гаргахдаа хувийн хэвшил, олон нийттэйгээ зөвлөлддөг байх, оновчтой санал, зөвлөмж, шүүмжлэлийг тогтмол сонсдог байх зарчмыг бид бэхжүүлэхийг зорьж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад илүү таатай боломжийг бүрдүүлэхээр тусгасан. Тухайлбал:

·  Үндэсний хөрөнгө оруулагчдыг бүхий л талаар дэмжиж, эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх,

·  Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасган, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах,

·  Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зэргийг нэрлэж болно.

УИХ-аас батлан гаргасан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засаг хүндрэлээс гарч тогтвортой өсөлтийнхөө замд орж байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа эдийн засаг хүндэрч, төсөв мөнгө, гадаад өр, төлбөр зэрэг олон хүндрэл, бэрхшээлтэй тулгараад байсан.

Эдгээрийн дотроос 2017-2018 онд төлөх ёстой ихээхэн хэмжээний өр зээл, төлбөрийн нэхэмжлэл Сангийн сайдын ширээн дээр байсан хүндхэн цаг үеийг та бүхэн санаж байгаа. 

Гадаад бондын энэ өр төлбөрийг төлөөгүй нөхцөлд улс орны нэр хүнд унаж, арилжааны банкууд, хувийн хэвшлийнхэн  өмнө авсан гадаад зээлээ яаралтай эргэн төлөх, шинээр зээл авах боломжгүй болох эрсдэлтэй байдалд хүрсэн юм.

УИХ-аас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг батлан гаргаж, эдийн засгийг хүндрэлээс гаргах үүрэг, даалгаврыг Засгийн газарт өгсөнөөс хойш 18 сарын хугацаа өнгөрч байна.

Засгийн газар олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилласны үр дүнд энэ үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлж байна.

Бизнес эрхлэгчид та бүхний хүчин чармайлтад тулгуурлан УИХ, Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах бодлогыг зохистой хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 6,1 хувийн өсөлтөд хүрээд байна. 

Бид гадаад, дотоод өрөө барагдуулж эхэллээ. Ннийт 2,8 их наяд төгрөгийн өрийг дарлаа. Худалдааны тэнцэл эерэг гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биелж эхэллээ. Гадаад валютын нөөц 3,2 тэрбум долларт хүрлээ.

Тулгарсан хүндрэл, хямралыг монголчууд бид нийтээрээ, хамтын хүчээр даван гарч байна. 

 Ингэж өсөхөд УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн макро эдийн засгийн зохистой бодлогоос гадна манай хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид Та бүхний оролцоо, хувь нэмэр нэн чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж байна.

Тухайлбал өнгөрсөн сард шалгаруулсан 2017 оны ТОР-100 аж ахуйн нэгжийн эдийн засагт оруулсан хувь нэмрийн талаархи тоон мэдээлэл ч үүнийг нотолж байна. ТОР-100 аж ахуйн нэгжийн улсын төсөвт төлсөн татвар төсвийн татварын орлогын 50 гаруй хувийг бүрдүүлж, эдгээр компаниудын нийт ажиллагсдын тоо 76 мянгад хүрээд байна.

Эдийн засгийн өсөлт зөвхөн макро түвшинд төдийгүй  аж ахуйн нэгж, айл өрхийн төсөвт ч эерэгээр нөлөөлж байна. Үүний нотолгоог өрхийн сарын дундаж орлого, зарлагын үзүүлэлтээс харж болохоор байна.

Статистикийн мэдээллээс үзвэл манай улсын өрхийн төсөв 2016 оны нэгдүгээр улиралд сард 116 мянган төгрөгийн алдагдалтай, айл өрхүүд ихээхэн өр, зээлтэй байсан бол 2018 оны нэгдүгээр улиралд өрхийн төсвийн алдагдал дөрөв дахин буурч 28 мянган төгрөгт хүрээд байна.

Өрхийн төсвийн алдагдал буурахын хэрээр өрхийн өр, зээл нимгэрч,  бодит орлого нэмэгдэж байна гэсэн үг юм. Өрхийн орлого, худалдан авах чадвар цаашид ч сайжрах төлөвтэй байна.

Манай зарим улс төрч, иргэд эдийн засгийн өсөлт айл өрхөд мэдрэгдэхгүй байна гэж шүүмжилдэг. Уналттай, бууралттай, алдагдалтай, өртэй эдийн засгийгэргэн сэргээж, өсөлтөд хүргэх, үр өгөөжийг айл өрхөд хүрэхийн тулд тодорхой цаг хугацаа шаардагддаг.

Аж ахуйн нэгжийн өсөн нэмэгдэж байгаа гадаад худалдаа, борлуулалтын орлого нь тухайн сар, өдөртөө айл өрх, иргэдийн орлого болохгүй гэдэг нь тодорхой.

Эдийн засгийн өсөлт ямар сувгаар иргэдэд хүрэх боломжтой вэ гэдгийг товчхон авч үзье.  Юуны өмнө гадаад, дотоод худалдааны эргэлт хурдацтай өсөн нэмэгдэж байна.

·  Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого өсөн нэмэгдэж, улмаар улирал, жилээр ашигт ажиллагаа нь өсөн нэмэгдэж байна.

·  Томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхижсэнээр тэд бусад ханган нийлүүлэгчээс илүү их бараа, материал худалдан авах замаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэж байна.

·  Борлуулалт, ашигт ажиллагаа нь нэмэгдсэн аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт төлөх татвар, хураамжийн орлого нэмэгдэж улсын сан хөмрөг өдрөөс өдөрт арвижиж байна.

·  Иймээс хувийн хэвшилд ажиллаж байгаа ажиллагсад цалин хөлсний орлогоор, төсвийн байгууллагын ажилтнууд төсвөөс авах цалин хөлс, урамшууллаар орлого нь нэмэгдэх боломж бүрдэж байна.

Зах зээлийн эдийн засагтай бүхий л улс оронд эдийн засаг нь ийм л замаар өргөжин тэлж, өсөлтийн үр өгөөж нь иргэддээ хүрдэг.

Ингэж олон сувгаар эдийн засгийн эргэлт идэвхжиж, мөнгөний урсгал сайжирснаар нийт ажиллагсад, айл өрхийн төсөвт орох орлого сүүлийн хоёр жилд тогтмол нэмэгдсээр байгааг өрхийн төсвийн үзүүлэлт нотлон харуулж байна.

Засгийн газар энэ өсөлтийг  цаашид ч хэвээр үргэлжлүүлж, иргэддээ хүртээмжтэй өсөлт бий болгох, том, жижиг гэлтгүй бүх аж ахуйн нэгжийнхээ орлого, ашгийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллах болно.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улсын цаашдын хөгжил ямар дүр төрхтэй байх вэ гэдэг нь өнөөдөр уул уурхайн салбарт баримталж байгаа бодлого, энэ салбарт ямар төслийг хэрэгжүүлж чадах вэ гэдгээс шууд хамаарна.

Хэдийгээр бид эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгууртай болгох зорилт тавьж, хэрэгжүүлж байгаа хэдий ч ойрын 5-10 жилд уул уурхайн салбар нийт эдийн засаг, экспортод эзлэх хувийн жин өндөр байсаар байх нь тодорхой байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт томоохон төслүүдийг эргэлтэд оруулах зорилт тусгагдсан. Энэ чиглэлээр Засгийн газрын түвшинд олон удаа ярилцаж, зөвлөлдөж ирсэн.

Газрын тос боловсруулах үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэрлэл болон бусад боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г боловсруулж, эцэслэх шатандаа орж байна.

Манай ард иргэдийн олон жилийн турш хүлээж байгаа Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хэрхэн  яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг нь Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн. Өчигдөр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар үүнийг  хэлэлцээд төслийг эрчимжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахаар тогтлоо.

Улс орны эдийн засаг, аж ахуйн нэгж, ард иргэдийн ашиг орлоготой шууд холбоотой энэ төсөл болон бусад хэрэгжиж байгаа томоохон төслийг эрчимжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллах болно.

Манай улсын аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хөндөж байдаг бас нэг чухал асуудал бол Худалдан авах ажиллагааны тухай хуулийг боловсронгуй болгох явдал юм.

Дотоодын бараа, үйлчилгээг түлхүү худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх, цахим худалдан авалтыг өргөнөөр нэвтрүүлэх, ногоон худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн барьсан. Хуулийг төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байна.

Одоогоос 10 жилийн өмнө 2008 онд Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ, хэлэлцээрийг нь байгуулсан Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын цогцолбор, Улаанбаатар-Хөшигтийн хөндийн хатуу хучилттай автозамын нийт нэг их наяд орчим төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалтын томоохон төсөл дуусах шатандаа орлоо.

Энэ ондоо багтаан шинэ нисэх буудлыг ашиглалтад бүрэн хүлээн авч, анхны нислэг үйлдэхээр төлөвлөж байна.  Энэ нь манай аялал жуулчлалын салбар болон бизнесийн орчныг идэвхжүүлэхэд чухал дэмжлэг болно.

Эдийн засгийн хүндрэл бэрхшээл, төсөв, хөрөнгийн дутагдлын улмаас саатаад байсан улсын төсвийн болон хувийн хэвшлийн олон тооны төсөл, хөтөлбөр эргэн сэргэж, хэрэгжилт идэвхжиж байгаа нь эдийн засаг сэргэж байгаагийн бодит нотолгоо юм. 

Энэ онынэгдүгээр улиралд 550 сая ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт орсон байна. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Бид энэ хандлагыг хадгалж, хамгаалах ёстой.

Өнгөрсөн 2017 оны жилийн эцсийн байдлаар ДНБ 11 тэрбум долларт хүрсэн бол  энэ оны эцэст 12 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого нааштай үр дүнгээ өгч байгаа хэдий ч бидний өмнө цаашид хэрэгжүүлэх ёстой олон зорилт, тулгарч болзошгүй эрсдэл байгааг огт мартах учиргүй.

Бид өмнөх жилүүдэд гаргаж байсан бодлогын алдаагаа дахин давтахгүй байхад “Эдийн засгийн чуулган”  онцгой ач холбогдолтой боллоо.

 Чуулганы үеэр өнгөрсөн жилүүдэд төр, засгаас явуулсан бодлого, үйл ажиллагааны алдаа оноо, сул талуудыг бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид хэлж, шүүмжилж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал, зөвлөгөө өгсөн нь бидэнд үнэтэй зөвлөгөө боллоо.

“Эдийн засгийн чуулган”-аас ямар дүн гарах вэ гэж манай иргэд, олон нийт асууж байгаа.

Чуулганы нэгдсэн болон салбар хуралдаануудаар яригдсан ажил хэрэгч, үнэтэй санал зөвлөмжүүдийг Засгийн газар, төр, засгийн байгууллагууд ажилдаа хэрхэн тусгаж хэрэгжүүлэх вэ, гаргаж байгаа алдаа, дутагдлаа хэрхэн засч сайжруулах вэ, хөрөнгө оруулалтын орчныг цаашид хэрхэн улам тогтвортой болгох вэ зэргийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, холбогдох яамд, агентлаг, Засаг дарга нарт үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг нь хангуулах болно.

Чуулганаар хэлэлцэж, олон нийтийн санаа бодол нэгдэж байгаа зарим зарчмын асуудлаар үүрэг, даалгавар өгье. Үүнд:

1)  Иргэд, олон нийт, бизнес эрхлэгчдээр олон удаа хэлэлцүүлж, саналыг нь тусгаад  байгаа Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын татварын хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах бусад хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар УИХ-д өргөн барих,

2)  Өмч хувьчлалыг эрчимжүүлж, төрийн оролцоог бууруулах бодлогын хүрээнд Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх,

3) Агаарын тээврийг либералчилж, өрсөлдөөн бий болгох асуудлаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-д өргөн барихыг холбогдох сайд нарт үүрэг болгож байна.

Манай ард иргэд, бизнес эрхлэгчид ч биднээс ийм тодорхой шийдэл, шуурхай ажиллахыг хүсэн хүлээж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

Төр, засгаас хувийн хэвшилтэйгээ хэлэлцэн, зөвлөлдөх нь зөвхөн энэ чуулганаар хязгаарлагдахгүй, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл, Эдийн засгийн бодлогын зөвлөлөөр дамжуулан хувийн хэвшлийнхэнтэй бодлогын гол гол асуудлаар зөвлөлдөх механизмийг цаашид улам боловсронгуй болгож ажиллуулна. Энэ чиглэлээр бид Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж байна.

“Монголын эдийн засгийн чуулган-2018” чуулганыг амжилттай зохион байгуулахад идэвхи санаачилгатай оролцож, хүч хөдөлмөрөө зарцуулсан мэргэжлийн холбоод, ивээн тэтгэсэн компаниуд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, салбар хуралдаануудыг удирдсан хүмүүс, төрийн албан хаагчид, сайн дурын ажилтнууд, нийт оролцогчид Та бүхэндээ хувиасаа болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Цаашид ард иргэдийнхээ аж амьдралын түвшинг сайжруулах, Монгол Улсаа хөгжүүлэх үйлстээ бүх нийтээрээ Хүчээ нэгтгэн зүтгэцгээе. 

Монгол Улс маань цэцэглэн хөгжиж, монгол түмний маань хүсэл мөрөөдөл бүхэн биелэх болтугай.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал