МАН-ын Хяналтын ерөнхий хороо: УИХ дахь намын бүлгийн дотоод эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлээр намын гишүүддээ шаардлага тавина

2018 Оны 7 Сарын 30

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүнтэй хамт тус намын  Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогт,Ёс Зүйн Хорооны Нарийн бичгийн дарга Д.Батмөнх нар  байлцав.

Д.БАТБААТАР:

Найман сарын өмнө МАН-ын XXVII Их хурал хуралдсан. Уг хурлаар гишүүдийнхээ ёс зүйн асуудалд онцгой  анхаарал хандуулсан. Мөн намын удирдлагаа шинэчилж, намын даргаа шинээр сонгож, Удирдах зөвлөл, Бага хурлаа өөрчилсөн. Гишүүдийнхээ ёс зүйн асуудалд онцгой анхаарна гэж Ёс зүйн хороог шинээр байгуулсан. Ёс зүйн хорооны дарга маань  намын Хяналтын хорооны дэд  дарга байхаар дүрмийн өөрчлөлт хийгдсэн. Энэ өөрчлөлтүүд нь МАН-ын их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх өөрчлөлтүүд байсан. Бид намынхаа Хяналтын хорооны 250 гаруй гишүүд оролцсон нэгдсэн сургалт, семинарыг хийсэн. Энэ үеэр хэд хэдэн асуудал яригдсан.

Нэгдүгээрт, тохиолдлын чанартай хүмүүс МАН-ын нэрээр ажил, албан тушаал дээр томилогдсоноос намын нэр хүндэд сэв суулгаж байна, тиймээс намын боловсон хүчний асуудалд  онцгой анхаараач гэдэг саналыг олон хүн хэлсэн. 

Хоёрдугаарт, хоёр сонгууль дамнан үргэлжилсэн 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь шийдээч гэх асуудлыг олон хүн хэлсэн.

Гуравдугаарт, тодорхой нэр бүхий хүмүүс, албан тушаалтнууд офшор дансны хэрэгт холбогдсон бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах, эсвэл өөрөө тайлбараа хэлэх хэрэгтэйг сануулж байгаа. Түүнчлэн нийгэм дэх шударга ёсыг тогтооход намын гишүүдийн манлайллыг дээшлүүлэх,   хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа гүтгэлэг дайралтаас намын гишүүдээ хамгаалах талаар  намын байгууллагууд, намын ХЕХ анхааралдаа аваач гэсэн нийтлэг асуудлуудаар санал шүүмжлэл гарсан.

МАН-ын ХЕХ цаашид хэд хэдэн асуудлаар анхаарч ажиллахаар болсон.

Нэгдүгээрт, намын гишүүдийнхээ сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ажиллана. Ялангуяа УИХ дахь намын бүлгийн дотоод эв нэгдэл, зохион байгуулалтыг бэхжүүлэх чиглэлээр намын гишүүддээ өндөр шаардлага тавьж ажиллана.

Хоёрдугаарт, намын Удирдах зөвлөлийн хурал удахгүй болох байх. Үүгээр намын  гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой санал санаачлага гаргаж ажиллахыг намын удирдлагууддаа хатуу шаардлага тавьж ажиллана.

Гуравдугаарт, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хурлаа зарлан хуралдуулж чадахгүй байгаа.Үүнд МАН-ын Хяналтын хороо онцгой анхаарал хандуулж байгаа. 

Ер нь МАН-ын анхан шатны үүр хороодын идэвх нэлээд суларсан.Үүнийг идэвхжүүлэх чиглэлээр зохих ёсны шаардлага тавьж ажиллана. Үнэхээр намын нэр хүндэд сэв суулгаж байгаа намын зарим сонгуульт албан тушаалтнуудын асуудлыг удахгүй болох намын Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцэнэ.

МАН-ын XXVIII Их хурлаас нийгэмд шударга ёс, сахилга,хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр дорвитой алхам хийх байх гэж хүлээж байсан,одоо ч хүлээж байгаа. Тиймээс намынхаа дүрмийг хэрэгжүүлэх чиглэлээр намын удирдлага, гишүүд нэгдэж ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал