Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамбын гэрэлт хөшөө сүндэрлэлээ.

2018 Оны 10 Сарын 1

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамбын мэндэлсний 110 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиосон. Үүнтэй холбогдуулан өнөөгийн Монголын хөгжлийн суурийг тавих их бүтээн байгуулалтын он жилүүдэд МАН-ын төв байгууллагыг удирдаж шинэ Монголыг бий болгох үйлсэд оройлон зүтгэж байсан эх орончид зориулсан гэрэлт хөшөөг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 39-р гудамжинд сүндэрлүүллээ. Уг арга хэмжээнд Д,Дамбын үр хүүхэд болон МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаныхан оролцсон юм. 

Энэ үеэр МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх хэлэхдээ: Хошууны бичээч, сумын нарийн бичгийн даргаас Монгол Улсын Ардын Их Хурлын дарга хүртэл, намын жирийн гишүүнээс МАН-ын Төв Хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажилласан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамбаын алдар гавьяаг хойш үе мартах учиргүй. МАН-ын зүгээс Монгол Улсын төлөө амь бие, сэтгэл зүрхээ зориулсан хүмүүсийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байх болно гэсэн юм.

Дашийн Дамба нь Булган аймгийн Тэшиг сумын нутагт 1908 оны 3 дугаар сарын 29-нд мэндэлжээ. Тэрээр Улс орныг хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх бодлого, чиглэлийг анх дэвшүүлж, нийт аймагт улсын авто өртөөг 180 гаруй автомашинтай байгуулж байжээ. Түүнчлэн уул уурхайн нилээд үйлдвэрүүд байгуулагдаж Наушка-Улаанбаатарын 400 км өргөн төмөр зам тавих, гурилын үйлдвэр, мах комбинат, Зүүнбаянд нефть олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах болон бусад томоохон объект, барилга байгууламж барих гэх мэт энх цагийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байжээ.

Дашийн Дамбын амьдарч байсан тухайн цаг үед Монгол улс долоон зуун мянган хүн амтай ихэнхи нь нэн ядуу, өвчин эмгэг бүхий, бичиг үсэгт тайлагдаагүй, бэлчээрийн мал аж ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, тусгаар тогтнолын баталгаагүй буурай орны нэг байсан. Энэ үед Д.Дамбын санаачилгаар Монголд Зөвлөлтөөс хүн амыг эрүүлжүүлэх болон арьс өнгө, сүрьеэ өвчнийг эмчлэх экспедицүүд ажиллан орон даяар, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажил хийж, манай хүн ам эрүүлжсэн. Үүний үр дүнд Монгол Улсын хүн ам 1960- аад онд огцом өсч, улмаар нийт хүн амын бүтцэд 16 хүртэлх насны хүүхэд 46 хувийг эзлэх болсон байдаг байна.

Түүний энэхүү гавьяа зүтгэлийг хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь энэ юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний төрсөн Булган аймагт хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан байна. Тухайлбал Дашийн Дамбын талаарх эрдэм шинжилгээний бага хурал, ЕБС болон МҮСТ-үүдэд эссе бичгийн уралдаан, Төрийн албан хаагчид дунд Шатрын тэмцээн болсон байна.

Мөн  цаашлаад Дашийн Дамбын төрсөн нутагт хөшөө болгох, ЕБС дээр кабинет байгуулах, Алдарын танхим бий болгох гэсэн ажлууд хийгдэх нь ээ.

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал