Д.Хаянхярваа:Төсөв мөнгөний бодлогын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам

2015 Оны 11 Сарын 2

Улс орныхоо тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хүрэлцэн ирсэн "Бид хамтдаа" форумын зочид, салбар хуралдааны төлөөлөгчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

МАН-ыг эрх барьж байх 2011 онд 17,6 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт бараг 6 дахин саарч энэ оны эцэст 3 хүрэхгүй хувьтай гарах төлөвтэй боллоо. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн 3 жилд 40 гаруй хувиар суларлаа. Энэ нь нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор авдаг манай улсын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний  үнийг 20-80 хувь өсөхөд гол нөлөөлөл үзүүллээ.

Сүүлийн гурван жил хагасын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт Монголоос дайжлаа. Энэ оны 8 сарын байдлаар гадаадын  хөрөнгө оруулалтын хэмжээ 96,4 сая ам.доллар болтлоо буурлаа. Энэ нь 2012 оны мөн үеийнхээс 34 дахин багассан үзүүлэлт юм. Эрх баригчдын буруу бодлого хөрөнгө оруулалтыг хөөж, эдийн засгийг агшаалаа. Аж ахуйн нэгжүүдийг өр зээлэнд оруулан дампууруулж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харахад 2012 оны хагасаас энэ оны 9 сар хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжийн тоо 30.000 орчим боллоо. Төсвийн орлого гурван жил дараалан тасалдлаа. Ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг гээд нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэх хандлагатай боллоо. Эдгээр нь төсөв, мөнгөний буруу бодлогын нэгэн илэрхийлэл болж эдийн засгийг хямрал, сүйрлийн хэмжээнд аваачлаа. Үүнийг дагаж засаглалын хямрал ч бодитой боллоо. Өөрөөр хэлбэл төсөв, мөнгөний буруу бодлого улс орныг бүхэлд нь хамарч сүүдрээ тусгалаа.

Төсөвөөс, мөнгөнөөс хамааралгүй салбар гэж байхгүй. Тиймээс төсөв, мөнгөний буруу бодлого эдийн засгаас эхлээд засаглалын хямралд хүртэл даамжирлаа. Ийм байдалд хүргэсэн алдаа дутагдал, буруу бодлогуудыг бүгдээрээ эргэцүүлэн дүгнэж үзье.

  1. Хязгааргүй өр зээл, тооцоогүй зарцуулалт газар авлаа. Эдийн засгийн тооцоо судалгаагүй, бэлэн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр байхгүй байхад Шинэчлэлийн гэх Засгийн газар 1,5 тэрбум ам.долларын "Чингис" бондын, 300 сая ам.долларын "Самурай" бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Мөн Хөгжлийн банкны, гэх мэт олон зээлийг авч зарцууллаа. Гурван жилийн хугацаанд Засгийн газрын авсан зээл 3 тэрбум ам.доллартай тэнцэж эхлэв. Энэ бүх зээлийг улсын төсөвт тусгалгүй, УИХ-аар хэлэлцүүлэлгүй зарцуулсан нь төсөв мөнгөний бодлого алдагдахад гол нөлөөлөл үзүүллээ.
  2. Зээлийн үйлчилгээний төлбөр пуужингийн хурдаар өслөө. МАН эрх барьж байх 2011 онд манай улс зээлийн үйлчилгээний төлбөрт төсвөөсөө 37.3 тэрбум төгрөг зарцуулж байсан. Гэтэл ирэх 2016 онд манай улс зээлийн үйлчилгээний төлбөрт 962.4 тэрбум төгрөг төсвөөсөө төлөхөөр болчихоод байна. Ганцхан жилд зээлийн үйлчилгээнд өгч байгаа энэхүү мөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын айлд болгонд приус маркийн автомашин авч өгөхөд хүрэлцэнэ. Ингэж тооцвол бид ямар хэмжээний мөнгийг зээлийн үйлчилгээнд өгч байгаагаа энгийнээр ойлгож болно. Зээлийн үйлчилгээний төлбөр ингэж дөрвөн жилийн хугацаанд 26 дахин өссөн нь төсөв мөнгөний бодлого алдагдсаны нэг том нотолгоо болно.  Мөн Монголбанкны гадаад өр 2012 оноос хойш 7 дахин нэмэгдэж 1,9 тэрбум ам.доллар болсон нь бидний анхаарлыг ихээхэн татаж байна.
  3. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" үнэ өсгөдөг боллоо. Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сараас эхлэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Монголбанк “уламжлалт бус мөнгөний бодлогын хэрэгсэл” гэгч нэрийн доор Засгийн газрын кассын машины үүргийг гүйцэтгэн зах зээлд 3,5 их наяд төгрөгийн хэвлэн өөрсдийн дэмждэг цөөн тооны аж ахуйн нэгжүүдэд өгсөн.  Энэ мөнгийг монголын бүх иргэнд сар болгон 21.000 төгрөгөөр олгоход........ хүрэлцэхээр байв. Уг хөтөлбөр нь бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нь битгий хэл хөөрөгддөг болсон. Үр дүнд нь  валютын ханш чангарч импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эрчимжүүлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл нь зориулалтын дагуу ашиглагдаагүй, эргэн төлөгдөөгүй ихээхэн асуудал үүсгэж байна.
  4. Монгол Улсын валютын нөөц шавхагдаж дууслаа. МАН 2012 оны зургадугаар сард Засгийн газрыг хүлээлгэн өгөхөд манай улс 2.8 тэрбум ам. долларын валютын цэвэр нөөцтэй байв. Энэхүү валютын нөөцийг өсгөн үржүүлэх биш үрэн таран хийх бодлого явуулсаны үр дүнд Монгол Улсын валютын нөөц дуусч байна. Гурван жилийн өмнө 1338 төгрөг байсан ам.долларыг ирэх жил 2030 хүрнэ гэж төсөвтөө тусгаж байна. Энэ бүхэн нь манай улсын мөнгөний бодлого буруу замаар будаа тээж байгааг тайлбаргүйгээр харуулна
  5. Төсвийг тооцоо, судалгаагүйгээр баталдаг боллоо. Сүүлийн 3 жил дараалан төсвийн орлого 1 их наяд орчим төгрөгөөр тасарлаа. Үүнээс үүдэн зарлага санхүүжилтаа цаг тухайд хийж чадахгүй төсвийг жилдээ 1-2 удаа тодотгож, төсвийн алдагдлыг нэмэгдүүлдэг жишиг 2013 оноос хойш уламжлал мэт тогтлоо. Өөрөөр хэлбэл, төсвийн хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаа гууль болсныг харуулаад зогсохгүй хариуцлагын тогтолцоо алдагдсаны илрэл юм. Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр тооцон зарлагаа нэмэгдүүлэн баталдаг байдал ужгирлаа. Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт алдагдаж, хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас гүйцэтгэл бага хувьтай гардаг боллоо. Тухайлбал, төсвийн тодотгол хийсээр байтал хөрөнгийн зардлын санхүүжилт 2013 онд 454 тэрбум төгрөгөөр, 2014 онд 352 тэрбум төгрөгөөр тасарлаа. Энэ оны эхний 9 сарын гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын санхүүжилт 800 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаж, гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна.  
  6. Төсөв, мөнгөний бодлогын хуулиуд хэрэгжихээ байлаа. Эрх баригчид 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхээ байлаа. Тухайлбал, Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8.-т Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно” гэсэн заалтыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй зөрчиж байна. Мөн УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоолд 4-т “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2013 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхгэсэн заалт мөн хэрэгжсэнгүй. Энэ мэт төсөв, мөнгөний олон бодлогын алдаа эдийн засагд бодитойгоор сөрөг нөлөөлөл үзүүллээ.

Эрхэм нөхөд өө,

            Төсөв мөнгөний эдгээр алдааг бид зүгээр хараад, дуугай суугаагүй ээ. УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс 2013 оны намраас эхлэн эрх баригчдын явуулж буй төсөв, мөнгөний бодлогын алдааг шүүмжлэн, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэл, хүндрэлийг урьдчилан харж, түүний эсрэг авах арга хэмжээ, баримтлах бодлого, чиглэлийг хэлж, зөвлөж ирсэн. Харамсалтай нь эрх баригчид “Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ” гэдгийн адилаар хандаж цаг хугацаа ихээхэн алдаж хүндрэлийг улам гүнзгийрүүлсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн удаа дараагийн шаардлага, тэмцэлийн үр дүнд төсөв, мөнгөний бодлогын зарим гажуудлыг засаж залруулсан. Бидний заавар зөвлөлгөөний дагуу бодлогын дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.

  • Нэг төсөвтэй болгосон. АН Засгийн эрхийг барьснаас хойш төсөв мөнгөний нэгдмэл бодлого алдагдсан. Улсын төсөв, Чинис бонд, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх олон төсөвтэй болсон. Бид энэ байдлыг зогсоож төсвөөс гадуур зарцуулагдаж байсан Чингис бондыг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгосон. Мөн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг жагсаалтыг 2015 төсвийн хуулиар хуульчлан баталж өгсөн.
  • "Үнэ тогторжуулах хөтөлбөр"-ийг зогсоолоо. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн удаа дараагийн шаардлагын үр дүнд Монголбанк "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өө үе шаттайгаар зогсоож байна. Түүнчлэн мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх эхлэлийг тавилаа.
  • Улсын өрийн хүрсэн түвшинг тодорхой болгож хуульчиллаа. Улсын өрийн бодит хүрсэн түвшинг хуульчлан тогтоож, үе шаттай бууруулах арга хэмжээ авахаар болсон. Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулж, өрийн менежментийг боловсронгүй болгох бодитой санал санаачлагуудыг дэвшүүлэн ажиллаж эхэлсэн.
  • Хувийн хэвшлийн өр зээлийг эргүүлэн төлж эхлэв. Төсвийн хөрөнгөөр он дамжин баригдаж байгаад царцаагдсан барилга, байгууламжийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөв. Мөн хөрөнгө оруулалтын жагсаалтаас хасагдсан барилга, байгууламжийг төсөвт суулгалаа.
  • Төрийн данхар бүтцийг цомхотгож байна. 2012 онд 121600 байсан төрийн албан хаагчдын тоог 180.000 болгож нэмэгдүүлсэн. 26900 байсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ажиллагсадын тоог 49600 болгож өсгөсөн. Зөвхөн нийслэлийн орон тоо 3000 орчимоор нэмэгдсэн. Үүнийг дагаад улсын төсөв данхайж, татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй зарцуулагдах боллоо. Бид төрийн энэ данхар бүтцийг цомхон чадварлаг болгож, бүтэц орон тоог бууруулж, урсгал зардлыг багасгах арга хэмжээнүүдийг авч байна.

            МАН-ын бүлгийн гишүүдийн эдгээр бодлого, санаачилгын үр дүнд 2012 оноос хойш алдагдалтай гарч байсан Монгол улсын төлбөрийн тэнцэл энэ оны 5 сараас эхлэн алдагдалгүй гарч эхэллээ. Хоёр оронтой тоонд байсан инфляци 2015 оны 9 дүгээр сарын байдлаар 4.9 хувь болж буурсан, 15-20 гаруй хувийн хөдөлгөөнтэй байсан валютын ханш оны эхнээс 5.7 хувийн хөдөлгөөнтэй байгаа зэрэг дотоод зах зээлийн эерэг дохио ажиглагдах болсон.

Эрхэм нөхөд өө,

            Өнөөдөр бид эдийн засгийн нөхцөл байдалдаа бодитой дүгнэлт хийж хямралыг даван туулах төсөв, мөнгөний бодлого явуулах шаардлагатай боллоо. Сүүлийн хэдэн жил үргэлжилсэн төсвийн тэлсэн бодлогыг үргэлжлүүлбэл төсвийн алдагдал нэмэгдэж, Засгийн газрын гадаад, дотоод өрийн дарамтыг улам өсгөхөөр байна. Төсвийн алдагдал их байх тусам мөнгөний бодлогын орон зай хумигдах, эдийн засгийн тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй боллоо. Дэлхий зах зээл дээр эрдэс бүтээгдэхүүний түүхийн эдийн үнэ ойрын 1-2 жилдээ өсөх хандлагагүй байна. Тиймээс томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхгүй, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхгүй тохиолдолд эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болох эрсдэлтэй тулгарлаа. Тиймээс төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог сайжруулах үүднээс дараах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

  1. Төсвийн орлого, зарлагыг бодитой тооцон төсвийг алдагдалгүй баталдаг зарчим руу орьё. Манай намын бүлгээс 2015 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байх, 2016 оны төсвийг алдагдалгүй батлах шаардлагыг тавьж байна.
  2. Төрийн албыг цомхон чадварлаг болгох замаар төсвийн урсгал зардлыг бууруулья.
  3. Төсвийн төлөвлөх, хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох чиглэлд бодлогын шинэчлэл хийцгээе.
  4. Өрийн менежментийн боловсронгүй болгох талаар цогц шийдвэртэй арга хэмжээ авцгаая.
  5. Төсвийн хариуцлалгыг нэмэгдүүлье.
  6. Төсөв, мөнгөний бодлогын хуулийг ягштал биелүүлж, хариуцлага тооцоцгооё.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, Засгийн газар нь төсвөө хариуцлагатай боловсруулж чаддаг болох, Монголбанк нь хараат бус бие даасан байдлаа ханган Засгийн газрын кассын машины үүрэг гүйцэтгэхгүй байх, УИХ нь шаардлагаа тавьж, хуулийг хэрэгжүүлээгүй этгээдүүдэд хариуцлага тооцож чаддаг болох нь өнөөгийн хямралаас гарах  хамгийн зардал багатай, үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байна.

Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа,

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье!

Сүүлийн: УЛСЫН ИХ ХУРАЛ

Онцлох: УЛСЫН ИХ ХУРАЛ