ЭМГЭНЭЛ /1921-2019/

2019 Оны 1 Сарын 22

ЭМГЭНЭЛ

ЦЭНДИЙН АДЪЯА /1921-2019/

Монгол Ардын Нам, Монгол төрийн зүтгэлтэн Цэндийн Адъяа 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд  гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

      Цэндийн Адъяа нь Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр мэндэлжээ. 1938 онд Улаанбаатар хотод сувилагчийн курс, 1949-1954 онд Намын шинэ хүчний сургууль, 1962-1965 онд Зөвлөлт Холбоот Казахстан улсын Намын дээд сургуулийг ХАА-н эдийн засагч мэргэжлээр төгссөн юм.  

          Тэрээр 1938-1941 онд Өмнөговь аймгийн Цогтчандмань, Баян-Овоо, Аргалант сумдын эмнэлэгт сувилагч, бага эмч, эрхлэгч, МХЗЭ-ийн үүрийн дарга, 1950-1958 онд Дундговь аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга,1958-1962 онд Архангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга, 1966-1971 онд Завхан аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1971-1981 онд Төв аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1981-1982 онд Намын Төв хороонд зааварлагч, 1982-1985 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1985-1990 онд Хотын захиргааны харъяа өндөр настны үйлдвэрт даргаар тус тус ажиллаж байжээ.

          Ц.Адъяа нь 1941 онд Ардын хувьсгалд цэргийн албанд татагдаж, Цэргийн ерөнхий сургуулийн офицер, Хэнтий аймаг дахь зургаадугаар морин бригадад салаан захирагч, ротын даргаар ажиллаж, дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхлэн армид 9 жил алба хаажээ. Цэргийн алба хааж байх үедээ Хэнтийгээс Алтайн цаадах Үенч хүртэл морин маршад нэр төртэйгөөр оролцож байсан юм.

          Тэрбээр Ардын их хурлын депутатад таван удаа, Монгол Ардын Намын Их хуралд төлөөлөгчөөр 10 удаа, Намын төв хорооны бүгд хурлын гишүүнээр гурван удаа сонгогдож байв.

          Нам, төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, Алтангадас одон болон бусад төрийн одон медалиар шагнаж байсан бөгөөд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин юм.

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Ардын Намын ахмад ажилтан Цэндийн Адъяагийн бүтээлч, оюунлаг, ажилч хичээнгүй зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд гэрэлтэн орших болно.

УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОЛБОО

ДУНДГОВЬ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО

АРХАНГАЙ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО

ЗАВХАН АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО

ТӨВ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал