Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2019 Оны 2 Сарын 1

Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойн хүрээнд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.

Энэхүү хүндэтгэл үзүүлэх ёслолд Монгол Ардын Намын гишүүд, Их жанжны төрөл төрөгсөд, Нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Ойн хүрээнд Тусгаар тогтнолын ордонд эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгын дор Их жанжин Д.Сүхбаатар, түүний гэргий, хамтран зүтгэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжимаа нарын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, түүхэн гэрэл зураг, урлагийн бүтээлд мөнхрөн үлдсэн баримал зэргийг нэг дор харуулсан 100 гаруй үзмэртэй үзэсгэлэн нээгдсэн байна.

Мөн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос Их, Дээд сургууль, Коллеж, МСҮТ-ийн оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол бахархал” сэдвийн хүрээнд зарласан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан залууст шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болов.   

Энэхүү  уралдааны тэргүүн байрт МУИС ХЗ сургуулийн 5 курсын оюутан Б.Буянхишиг шалгарсан бөгөөд эсээ бичлэгийн уралдаанд оролцсон 200 гаруй бүтээлүүдээс эхний 10 байрыг шалгаруулж шагнаж урамшуулсан байна.     

Мөн энэ өдөр Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жил, Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 124 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намд Нийслэлийн есөн дүүргээс 200 орчим шинэ гишүүн элсэж намын батлахаа гардан авчээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал