НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Г.Ганбаяр: Энэ амбулаторид өдөрт 300-400 хүүхэд оношлуулж, эмчлүүлэх бүрэн боломжтой

2015 Оны 11 Сарын 4

Хүүхдийн амбулаторийг барих санаачлагыг гаргаж, Монголын талаас шалтгаалах бүхий л ажлыг хариуцан ажилласан НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяраас дараах асуултад хариулт авсан юм.

-Хүүхдийн эмнэлэг барих санаа анх хэрхэн төрж ажил хэрэг болгосон бэ?

-Хүүхдүүдэд эмчилгээ хийх эмнэлэг, эмч, орон байр, тоног төхөөрөмж, хүртээмж муутай байгаа энэ үед эмнэлэг барих шаардлагатай юм байна гэх бодол тээж явсан. Ингээд өнгөрсөн 2014 оны тавдугаар сард БНХАУ-д ажлаар явж байхдаа дэлхийн 26 улсад хандивын олон улсын үйл ажиллагаа явуулдаг тус сангийн хамт олонтой танилцаж уулзсан. Тус сангийн танилцуулга дээр эмнэлгийн тоног төхөөрөмж, машин бусад орнуудад өгч байсан тухай мэдээлэл байсан юм. Ингээд тус сангийнханд Монгол Улсад хүүхдийн эмнэлэг барьж туслах хүсэлтийг гаргаснаар энэхүү ажил эхэлсэн. Ингээд тус сангийнхан манай улсын эмнэлгийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж тэр үед нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа, хүүхдээ хараад эмчлүүлж байгаа ээжүүд газар дээр байгааг хараад бидэнд туслахыг дэмжсэн. Зөвхөн энэ эмнэлгийн барилгад зорилж 500 мянган ам.доллар, мөн рентгений аппарат, 4D эхо аппарат зэрэг тоног төхөөрөмжид 250 орчим мянган ам.долларыг буцалтгүй тусламжаар олсон.

-Тус эмнэлгийн боловсон хүчинг БНХАУ-д сургаж, дадлагажуулсан гэсэн. Хүүхдийн амбулатори ямар ямар үйлчилгээг үзүүлэх боломжтой вэ?

-Тус дүүргийн 51 мянган хүүхдээс тус амбулаторид өдөрт 300-400 хүүхэд оношлуулж, эмчлүүлэх бүрэн боломжтой. Нийтдээ 56 хүний орон тоотой үүнээс 26 нь хүүхдийн эмч байх юм. БНХАУ-д 13 эмч, долоон сувилагчийг БНХАУ-д нэг сарын турш сургалтад хамруулсан. Бүх төрлийн шинжилгээ, оношлогоо, эмчилгээг хийнэ. Мөн гэмтэл, мэс заслын кабинетийг байгуулсан. Жишээлэхэд, нохойд хазуулах, унаж бэртэх, ахуйн чиглэлээр гэмтэл авахад ирж эмчлүүлэх бүрэн боломжтой юм.

-Цаашид тус сантай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ. Өчигдөр тус сангийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулж ярилцсан. Цаашдаа зөвхөн хүүхэд гэхгүйгээр эмэгтэйчүүдийн, эхчүүдийн, хүүхдийн шүдний гэж төрөлжүүлсэн эмнэлэг барих эсвэл оношлогооны төв байгуулах тухай яриа эхэлсэн. Ирэх 2016 онд энэхүү хүүхдийн амбулаторийн хэмжээний санхүүжилттэй дүйцэхүйц эмнэлгийг барихаар тохиролцоонд хүрсэн.  

Дашрамд, Энхтайван хөгжлийн сан 2011 оны нэгдүгээр сард Бээжин хотноо байгуулагдсан бөгөөд хятадын төрийн бус байгууллагад туслан олон улсын солилцоо хамтын ажиллагаанд оролцуулах, олон улсын нийгмийн халамжийн үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнуудад хандсан томоохон нийгэм, хүмүүнлэгийн ажлууд зохион байгуулдгаараа онцлогтой ажээ.

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Юү Шяо Шуан “Энхтайван хөгжлийн сан дэлхийн олон оронд хандив тусламж үзүүлж хамтран ажиллаж ирсэн. Монгол Улсад эрүүл мэнд болон боловсролын чиглэлд цаашид хамтран ажиллаж туслана гэдгээ илэрхийлье. Энэхүү бүтээн байгуулалт нь хоёр орны нөхөрсөг харилцаанд багагүй хувь нэмэр оруулах болов уу” гэсэн юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал