Сон Чинлин сангийн төлөөлөгчид Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р сургуульд зочиллоо

2019 Оны 4 Сарын 5

Монгол Ардын Намын урилгаар БНХАУ-ын Сон Чинлин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад албан ёсны айлчлал хийх явцдаа Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуульд зочиллоо.

Тус сургуульд Монгол-Хятадын Бадминтоны баг тамирчдын туршлага солилцох өдөрлөгийг зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Монголын Бадминтон сонирхогчдын холбооны тэргүүн Б.Баттүшиг, Сон Чинлин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй болон Хятадын Афин, Бээжингийн олимпийн аварга Жан Нинь, Лондон, Риогийн олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Фу Хайфөн, Дэлхийн аварга Ван Ихань нар оролцов.

Монгол улсад Бадминтоны спортоор хичээллэж буй 10 мянга гаруй хүүхэд залуучууд байдаг бөгөөд энэ тоог цаашид өсгөх, тив, дэлхийн аваргуудыг төрүүлэхэд хоёр улсын  Бадминтоны холбоод хамтарч ажиллахаар боллоо.  Сон Чинлин сан Монголын Бадминтон сонирхогчдын холбоонд 200 000 юанийн тусламж үзүүлж, Афин, Бээжингийн олимпийн аварга Жан Нинь, Лондон, Риогийн олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Фу Хайфөн, Дэлхийн аварга Ван Ихань нар 2-р сургуулийн Бадминтоны спортоор хичээллэж буй хүүхэд багачуудтай туршлага солилцсон юм.

Мөн Сон Чинлин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй, Лондон, Риогийн олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Фу Хайфөн, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Монголын Бадминтон сонирхогчдын Холбоооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нар нөхөрсөг тоглолтыг хийлээ.

 

Сон  Чинлин сангийн Ерөнхийлөгч Ван Жаруй Монгол улсад айлчлах үеэрээ Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Шадар сайд Ө.Энхтүвшинтэй мөн уулзалт хийлээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал