МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан мэндчилгээ илгээв

2019 Оны 9 Сарын 13

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон билээ. Мөн энэ жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа юм. Эдгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд улс төрийн намууд өнөөдөр (2019.09.13) "Монгол Улс - Ардчиллын замаар 30 жил:, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ?" сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулав.  

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын мэндчилгээг дамжууллаа. 

Мэндчилгээнд "Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш 27 жил өнгөрч улс төр, нийгэм, хүн ам зүй, эдийн засгийн олон хүчин зүйлс өөрчлөгдлөө. Эдийн засаг, иргэний нийгэм, мэдээллийн технологийн  салбарт ихээхэн дэвшил гарч нааштай үр дүн гарч байгаа ч улс төрийн салбарт асуудал бэрхшээлүүд байна. Төрийн тогтолцоон дахь хяналт-тэнцвэрийн зарчим алдагдах, шүүх эрх мэдэлтний талд үйлчлэх, улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурах  зэрэг бэрхшээл сорилтууд Монголын ардчилалд тулгарч байна.

Тиймээс Монгол Ардын Нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Эрх мэдлийн харилцан хяналт, тэнцэлтэй, тогтвортой хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхээр зүтгэн ажиллаж байна.

Бүтээж бий болгосон ардчиллын үнэт зүйлсээ улам бататган, хүний эрх, ардчилал, аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглал, түүнийг баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төлөө саналаа өгнө гэдэгт итгэж байна" гэлээ.

Онол практикийн бага хурлаар “Монгол Улс -Ардчиллын замаар-30 жил:”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” зэрэг сэдвийн дор улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд илтгэл хэлэлцүүлэв.

Мөн “Үндсэн хуулийн өөрчлөлтүүд Монгол Улсын ардчиллын хөгжилд цаашид хэрхэн нөлөөлөх вэ?” сэдвийн хүрээнд өрнөх хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г. Занданшатар үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “1992 оны Үндсэн хуулийг баталж, түүний хүрээнд иргэдийн эрхийг хангах, сонгох сонгогдох эрхийг хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог боловсронгуй болгох гээд олон хуулийг боловсруулсан гаргасан. Түүнээс хойших 29 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурал алдаа, оноогоо цэгнэж, сайныг уламжлан саарыг засаж явсаар ирсэн. Сүүлийн таван парламент дамжин яригдаж, түүний гурван парламентад нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон өргөн баригдаж хэлэлцэгдсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг энэ удаагийн УИХ хэлэлцэн баталлаа. Энэ бол парламентын засаглалаа бэхжүүлэх зорилготой хийгдсэн томоохон өөрчлөлт гэдэгт эрдэмтэн судлаачид санал нэгдэж байгаа. Арав гаруй жил яригдаж байгаа асуудлыг шийдэж байна. Цоо шинээр “тэнгэрээс бууж ирсэн” нэг ч асуудал байхгүй. Одоо энэ төслөө ард нийтээсээ асуухаар шийдвэрлэлээ. Энэхүү “Ард нийтийн санал асуулга” бол засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар олгогдсон иргэний онцгой эрхийг 1945 оноос хойш анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа түүхэн үйл явдал юм. Үүнийг түүхэн өөрчлөлт, шинэчлэл гэж улс төрийн намууд хүлээн авч, хамтран ажиллахыг уриалж байна.

Өнөөдрийн Монголын нийгэм 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж байсан үеэс эрс өөрчлөгдсөн. Үүнтэй зохицуулж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхийг иргэд, улс төрийн намууд ч санал нэгтэй дэмжиж байсан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гол зорилтууд хангагдсан гэж бид үзэж байгаа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй байдаг. Хэлэлцүүлгийн үеэр шүүлтүүрээр торж унасан зүйлүүд бий. Ард нийтийн санал асуулгаар оруулахаар бэлтгэсэн эхийн гол агуулгыг товчоор хэлбэл Нэгдүгээрт, дордуулсан гэх долоон өөрчлөлтийг засаж, сайжруулсан. Хоёрдугаарт, УИХ-ын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлсэн. Гуравдугаарт, шүүх засаглалын хараат бус, бие даасан байдлыг хангасан. Дөрөвдүгээрт, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, улсын болон орон нутгийн статустай хоттой болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Үндсэндээ энэ өөрчлөлт хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг парламентат ёсонд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдсэн. Энэ нэмэлт, өөрчлөлтийн гол үндэс нь 2015 онд Ардчилсан намаас өргөн барьж байсан төслийн үзэл санаатай нэг гэдгийг хэлмээр байна. Ганцхан 99 гишүүнтэй байх гэсэн тоо заасан заалт нь дэмжигдээгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хамтдаа баталгаажуулж, ардчиллаа, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг нийт улс төрийн намууддаа уриалж байна. “Сайжруулъя гэвэл өөрчлөх хэрэгтэй, төгс байхын тулд үргэлж өөрчлөгд” гэсэн Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн үгийг энд хэлэхийг хүсэж байна” гээд энэхүү онол практикийн бага хурлыг УИХ-д суудалтай хоёр нам хамтран зохион байгуулж байгаагийн ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн юм.

Уг онол практикийн хуралд бусад улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид оролцож өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо хэлэлцлээ.

Монгол Улс ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлдэг. Тэр тусмаа ардчилсан үзэл, эрх чөлөөг иргэн бүр эдэлж, Ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг.

Олон улсын ардчиллын өдөр нь ардчиллын замаар замнаж буй тухайн улс, дэлхий нийтийн хүрээнд ардчиллын ололт амжилт, алдаа оноогоо үнэлж, цэгнэдэг өдөр. Монгол Улс олон улсын ардчиллын өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлснээр олон улсад ач холбогдлоо улам өргөж байгааг оролцогчид онцолж байлаа.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал