Ю.Цэдэнбал агсны хөргийг “Поп арт реалистик” чиглэлээр зуржээ

2019 Оны 9 Сарын 18

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсэний 103 жилийн ой энэ онд тохиож байгаа.  Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын Залуучуудын холбооноос санаачлан түүний хөрөг зургийг зуруулж, “Ю.Цэдэнбал Академи” болон түүний төрөл төрөгсдөд хүлээлгэн өглөө.  Монгол төрийн жолоог тасралтгүй 44 жил удирдсан, БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол Ардын намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан маршал Ю.Цэдэнбал нь түүх соёлоо дээдэлдэг Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үнэтэй хувь нэмэр эзэлдэг.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбал агсны хөрөг зургийг хүлээлгэн  өгөх ёслолын үеэр Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны /НАМЗХ/ Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир хэлэхдээ: -“Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо нь 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага юм.  Шинэ үеийн залуучуудад хуучны түүх болоод намынхаа лидер удирдлагуудын хийсэн бүтээснийг хүргэхийн тулд бид залуучуудын сүүлийн үед хамгийн ихээр сонирхож байгаа урлагаар нь дамжуулан хүргэх нь чухал гэж үзсэн. Тэр утгаараа  өнөөдрийн арга хэмжээ бол нам төрийн их удирдагч  агаад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг хүмүүсийн зургийг зурах төслийн нээлт гэж ойлгож болно. Монгол улсын түүхэнд гавьяа байгуулж, өнөөгийн хөгжилд хөтөлсөн хүмүүсээ залууст таниулан, алдрыг нь мөнхлөхийн тулд бид цаашдаа энэ чиглэлээр олон хөргийг бүтээлгэх болно” гэсэн юм.

Харин Ю.Цэдэнбал агсны дүү Ю.Жавзан “Үнэхээр сайхан бүтээл болсон байна. Монгол Ардын Намын залуу боловсон хүчин болсон залуус өөрсдөө санаачилж ийм сайхан зураг зурж өгсөнд маш их баярлаж байна. Зургийг бүтээсэн хүүхдүүддээ талархаад барахгүй байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсч, урт удаан наслахыг ерөөе” гэв. Уг зургийг “поп арт реалистик” чиглэлээр нийт таван цагийн турш зурсан бөгөөд нэг ч бийр оролцуулаагүй шүршдэг будгаар урласанаараа онцлог юм.

Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ уг төслийг  жил орчмын хугацаанд үргэлжлүүлэх бөгөөд бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргах юм байна.   

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал