Монгол Ардын Нам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2019 Оны 10 Сарын 1

Өнөөдөр “Олон улсын ахмадын баяр”-ын өдөр. 1990 онд НҮБ Ерөнхий Асемблийн шийдвэрээр 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын ахмадын өдөр болгон зарлан тунхагласан. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 1992 онд Монгол Улсын Засгийн газар 10 дугаар сарын 1-ний өдрийг ахмад настнаа хүндэлж талархал илэрхийлэн, сургааль үгийг нь сонсохын зэрэгцээ төр засгаас нэг жилийн хугацаанд ахмадуудынхаа талаар хэрэгжүүлсэн ажлаа тайлагнадаг ажил хэрэгч баярын өдөр болгон тэмдэглэсээр 27 дахь жилтэйгээ золгож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Ардын Нам Тусгаар тогтнолын ордноо 600 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээг нээж МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар үг хэлж, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг уншиж танилцуулсан юм.

Илгээлтэд: “Эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан 1939 оны халхын голын дайны ахмад дайчид, атарын анхдугаар аяныг өрнүүлсэн тариаланч буурлууд, аж үйлдвэрийн анхны шанг татсан хөдөлмөрч ахмадууд, орчин үеийн мал аж ахуйг бий болгосон ахмад зоотехникчид эрдэс баялгийн булгийг бий болгосон ахмад уурхайчид, Монгол хүнийг эрүүлжүүлсэн алтан гарт эмч сувилагч нар, аюулгүй тайван нийгмийг бүтээсэн ахмад цагдаа нар, соён гэгээрүүлэх үйлсэд оюун бодлоо чилээсэн ахмад багш нар, олон хот тосгоныг сүндэрлүүлсэн ахмад барилгачид, харилцаа холбооны гэрэлт шонг татсан ахмад инженерүүд  та бүхний сэтгэл зүрх, хөлс хүч, хөдөлмөрөөр шинэ Монгол улс хөгжиж оршин тогтнож байгааг энд дурьдахад бахархах сэтгэл төрж байна.

Монгол улсад өнөөдөр ахмад настан 273,4 мянга буюу нийт хүн амын 8,7 хувийг эзлэж байна. Монгол улсаас тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж 408 мянга гаруй, иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг боллоо.

Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг болгов. Засгийн газраас ахмад настан буурлууддаа зориулж, насны хишгийг жилд хоёр удаа олгож байгааг цаашид нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой ахмад настны тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг жил бүр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлаж, аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан хэрэгжүүлэхээр хуульчласны дагуу ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх төслийг 2018 оны 1-р сард шинэчлэн батлаад ажиллаж байна.

Түүнчлэн ахмад настан буурлууддаа зориулсан ахмадын өргөөг нийслэл хөдөө орон нутагт бий болгох талаар нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам эрчимтэй ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 2016 онд 18 хувьтай байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг  2018 оны 2-р сараас эхлэн жилийн 12 хувь болгон бууруулж Монгол банк арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна. Тэтгэврийн зээлтэй ахмадуудыг сар бүр бодит орлоготой байлгахын тулд тэтгэврийн 30 хувийг заавал ахмадуудын гар дээр очиж байх зохицуулалтыг хийж тэтгэврийн зээлийн нөхцлийг өөрчилсөн зэрэг ахмадууддаа зориулсан бодлогыг шат дараатай хийж, хэрэгжүүлж байна” гэжээ.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан Гарамгай баатар Дандарын түүхээр бүтээсэн “Бууны сумыг буцааж болохгүй” уран сайхны киног ахмадуудад үзүүлсэн юм.

Эрх баригч Монгол Ардын Нам 2016 онд Засгийн эрх авсан мөчөөсөө ахмад настнуудаа төр засгаас дэмжих олон ажлыг хийж хэрэгжүүлж буй бөгөөд иргэдээс ирсэн хүсэлтийг харгалзан өнөөдрөөс эхлэн ахмадуудын тэтгэвэрийн зээлийг /2019.10.01/ 18 хувийн хүүтэй олгож байсныг 15.6 хувь болгон бууруулахаар болсон мэдээг дуулгав. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж, 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай харилцан тохиролцсон байна. Цаашдаа ч төр засгаас ахмад настнуудыг дэмжсэн олон дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал