НАМЭХ-ны удирдлагууд Хүүхэд түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа

2019 Оны 11 Сарын 26

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны шинээр сонгогдсон бүтэц бүрэлдэхүүн, Удирдах зөвлөлийн гишүүд жилийн ажлын төлөвлөгөөндөө  хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж цаашид хэрхэн шийдэж, ямар арга хэмжээ авах талаар тусгасан. Үүнтэй холбогдуулан улсын хэмжээнд ганц байдаг Хүүхэд түр хамгаалах байрны үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон тулгамдаж буй асуудлуудыг сонсох зорилгоор НАМЭХ-ны удирдлагууд Хүүхэд түр хамгаалах төвийн үйл ажиллагаатай очиж танилцан удирдлагуудтай нь уулзалт хийлээ. Уулзалтанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл, НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Л.Амгалан, Б.Сэмжидмаа, А.Энхзул болон НАМЭХ-ны Ерөнхий Нарийн бичгийн дарга Ү.Оюунзул нар оролцов.

Уулзалтын эхэнд Хүүхэд түр хамгаалах төвийн Хууль Эрх зүйн хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Энхбаатар хэлэхдээ: “Манай төвд ирж байгаа нийт хүүхдийн 30 хувийг 0-3 насны хүүхдүүд эзэлдэг. Гэтэл түр хамгаалах байранд  0-3 насны хүүхдэд үйчилгээг үзүүлэх эрх зүйн зохицуулалт байдаггүй. Гэвч ний нуугүй хэлэхэд оройн цагаар нярай хүүхдийн эрх зөрчигдөөд ирэхэд бид авахаас өөр арга байдаггүй. Дараа нь холбон зуучлах үйл ажиллагаа явагдахгүй байгаа учраас эдгээр хүүхэд олон сараар энд байх болдог. Энд ихэвчлэн суурь хүнд өвчлөлтэй, төрөлхийн эмгэгтэй хүүхдүүд ирдэг учраас асаргаа шаардагддаг. Үүн дээр эрүүл мэндийн яамнаас дүрмэнд өөрчлөлт оруулаад, төсөв хөрөнгийг нь суулгаад өгвөл цаашид эдгээр хүүхдүүдийг авах боломжтой болох юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирдэг. Эдгээр хүүхдүүдэд бид нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж чаддаггүй. Бидэнд эдгээр хүүхдүүдэд хөдөлгөөн засал, хугацаатай эм, тарианы үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг байхгүй. Энэ хоёр асуудал бол түр хамгаалах байрны хамгийн тулгамдсан асуудал. Мөн төсөв, хөрөнгө тавиад үйл ажиллагааны орчин нөхцлийг сайжруулах, ажилчдын орон тоог нэмэх шаардлагатай байгаа” гэв.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл: Түр хамгаалах байранд жилдээ 1000 орчим хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөн ирдэг гэлээ энэ бол маш харамсалтай. Бидний баримталж буй гол зүйл бол гэр бүл тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхэдтэй холбоотой, хүчирхийллийн асуудлыг чиглэлээ болгож, цаашид онцгойлон анхаарч ажиллана”гэсэн юм.

Хүүхэд түр хамгаалах төв нь 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2017 оноос 2019 оны 11-р сарын 1-ны байдлаар нийтдээ 2225 хүүхэд энэ төвөөр үйлчлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 2017 онд 321 хүүхэд, 2018 онд 995 хүүхэд, 2019 оны эхний 10 сарын байдлаар 909 хүүхэд тус бүр түр хамгаалах байранд ирж үйлчилгээ авчээ. 2017 онд 1 хүүхэд дунджаар 14 хоногийн үйлчилгээ авч байсан бол 2019 оны байдлаар нэг хүүхэд дунджаар 19 хоногийн үйлчилгээ авч байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хамгаалах байранд байрлах хугацаа уртасаж байна. Уг байр бол 72-168 цаг үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл үнэндээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаасаа хамаараад эсвэл холбон зуучлах, дараа нь хүлээн авах чиг үүргийн байгууллага байхгүй гэдэг шалтгаанаар энд хүүхэд дээд тал нь  6 сар хүртэлх хугацаагаар байрладаг байна

 Хүүхэд түр хамгаалах төвийн хажууд хүүхдийн тусламжийн 108 утсыг ажиллуулдаг бөгөөд жилдээ 174,000 дуудлага мэдээлэл ирдэг бол өдөртөө 400-500 дуудлага ирдэг аж. Үүнээс 60 хувь нь хүүхдүүд, 40 хувь нь эцэг эхчүүд, асран хамгаалагчид, багш нийгмийн ажилтнуудын дуудлага ирдэг байна.

Хүүхэд түр хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь буюу 90 хувь нь гэр бүл нь архины хамааралтай болчихсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирдэг байна. Тус төвд ирсэн хүүхдүүдэд дараах үйчилгээг үзүүлж байна. Үүнд  1. Нийгмийн ажлын үйлчилгээ 2. Эрүүл мэндийн үйлчилгээ, 3. Боловсролын үйлчилгээ, 4. Сэтгэл заслын үйлчилгээ, 5. Хүүхдийн хөгжлийн үйлчилгээ 6. Холбон зуучлах үйлчилгээ 7. Урлагийн сэтгэл заслын үйлчилгээг үзүүлж байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал