Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа агсны мэндэлсний 127 жилийн ой тохиож байна

2020 Оны 2 Сарын 6

Ардын хувьсгалын их жанжин Дамдины Сүхбаатарын гэргий Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулагч, Монголын анхны эмэгтэй удирдагчдын нэг,  Нэмэндэйн Янжмаа 1893 оны 2-р сарын 6-ны өдөр “Их хүрээ” /одоогийн Улаанбаатар хот/-д мэндэлжээ.

Н.Янжмаа нь Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 17 жил  удирдсан, эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг юм. Тэрээр XX зууны эхэн үеийн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч байсан бөгөөд эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулан хөгжүүлж, бэхжүүлж, олон улсад таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.

Н.Янжмаа нь 1924 онд Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг гэх Азид анхдагчдын нэг болсон эмэгтэйчүүдийн байгууллагыг байгуулалцан эмэгтэйчүүдийг соёлжуулах бичиг үсэгтэй болгох, ахуйд соёл нэвтрүүлэх асар том ажил үүргийг манлайлж байжээ.

Түүнчлэн хань Д.Сүхбаатарын манлайлан оролцож байсан хувьсгалын их үйл хэрэгт ч гар бие оролцсон байдаг.  Тухайлбал 1920 оны 3-р сард ЗОУ-аас тусламж гуйхаар явахад өөрсдийн орон гэрээ зарж, замын зардалд хандивлаж байжээ. Ингээд өвлийн хүйтэнд айлын пинд хорогдож байсан ч хувьсгалын үйл хэргээс ухарч байгаагүй гэдэг. Тэрээр нөхрийгөө насан эцэслэсний дараа ч эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн сэтгэлээр ажиллаж, улс төрийн хүрээнд хариуцлагатай албан тушаалуудыг хашиж явсан бөгөөд нийгмийн дэвшилтэт үзэл санааг бэхжүүлэхийн төлөө нэгэн амьдралаа зориулсан байдаг.

Тэрээр

  • 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга, Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга
  • 1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга,
  • 1921-1924, 1940-1947 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, 1941-1947 онд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар
  • 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар
  • 1948 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч
  • 1949 онд улсын Бага хурлын гишүүнээр
  • 1948-1949 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газрын дэд даргаар,
  • 1950 оноос эхлэн Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар
  • 1951 оноос БНМАУ-ын Ардын Их Хурлын 1,2,3,4 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар
  • 1953 онд Ардын Их Хурлын даргаар тус тус сонгогдон ажиллаж,

дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь  эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.

Нэмэндэйн Янжмаа нь эмэгтэйчүүдийн төлөө зүтгэсэн их зүтгэл, хөдөлмөрийнхөө хажуугаар МАН-ын Төв хорооны тэргүүлэгч, Намын Төв комиссын гишүүн, Үйлдвэрчний Ерөнхий хорооны орлогч дарга, Эд хэрэглэгчдийн хоршоо, Улсын хэвлэлийн хорооны дарга зэрэг сонгуульт болон хариуцлагатай ажлуудыг хашсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв. Түүний ийнхүү олон жил идэвх зүтгэлтэй ажилласныг үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр хоёр удаа, “Алтан гадас” одон, бусад медалиар шагнажээ. Мөн Зөвлөлт, Монголын ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж Зөвлөлт Засгийн газраас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал