Анхны долоогийн түүхэнд гүйцэтгэсэн 5 чухал үүрэг

2020 Оны 2 Сарын 28

Монголын улс төрийг ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 99 жилийн ой энэ жил тохиож байна. Жил бүрийн 3 дугаар сарын 1-ний Эх орончдын баярын энэ өдөр бид улс төрийн намыг үүсгэн байгуулж, Ардын хувьсгалыг удирдан, тусгаар тогтнолоо сэргээж чадсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, эх орончдоо дурсах учиртай юм.

Ардын нам, Ардын хувьсгалын “анхны долоо” хэмээн мөнхөрсөн Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Дансранбилэгийн Догсом, Дамбын Чагдаржав, Дарьзавын Лосол нарын Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг асар их. Эдгээрээс хамгийн чухал 5 үйл явдлыг онцолж байна. 

Анхны улс төрийн нам байгуулав

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын намыг анхлан байгуулж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бүтэц, зохион байгуулалтыг хийж, байгууллагын соёл, үнэт зүйлийг бий болгосон.

Анхны долоогийн үүсгэн байгуулсан Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6 сарын 25-нд нэгдэж “Монгол Ардын нам” нэртэй улс төрийн байгууллага болсон нь Монголын анхны улс төрийн нам байв. 1921 оны 3-р сарын 1-нд Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, улмаар Түр засгийн газрыг байгуулав. Ардын хувьсгал ялсны дараа анхны долоо нь Ардын засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллацгаасан байдаг. Ардын түр Засгийн газар нь

-          Ард олны эрх ашгийг хамгаалах

-          Эрдэм соёлыг хөгжүүлэх

-          Монголын ард түмний төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулж Үндсэн хууль цаазыг тогтоох,

-          Хөрш зэргэлдээ улсуудтай найрсаг харилцаа тогтоон бэхжүүлэх зорилгоор ажиллаж байв.

Монгол орныг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээв

ХХ зууны эхэн үед Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн алдагдаж, Монгол орон нийгмийн хоцрогдол, харийн дарлалд нэрвэгдэж, дөнгөж олсон үндэсний эрх чөлөө, автономит төрийн тусгаар тогтнолоо бүрэн алдаж, гадаад ертөнцөд төв Азийн өндөрлөг дэх мөхөж буй үндэс гэгдэж байв. Энэ үед Монголын хатан зоригт эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг буцаан сэргээх зорилго дор бүлгэм болж нэгдэж, тэмцлийн замыг эрэлхийлж эхэлсэн нь анхны долоо байв. Ийм эгзэгтэй цаг үед тэд тусгаар тогтнолын төлөөх ард олныхоо хүчийг нэгтгэн, зохион байгуулж, тэмцлийг манлайлан удирдсан. Ингэснээр 1921 онд Монгол Улс тусгаар тогтнолоо дахин сэргээж, Монголын ард түмний 200 гаруй жилийн чин хүслэн биелсэн билээ. Тэд эх орноо чөлөөлөх тэмцэлд ард түмнээ удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэснээр улс үндэснийхээ тусгаар байдлыг сэргээн тогтоож, нийгмийн  шинэчлэлийн  үйл хэргийг эхлүүлсэн түүхтэй.

 

Түүнчлэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо гадаад дотоодод хүлээн зөвшөөрүүлж, Бүрэн эрхт бүгд найрамдах Улсыг байгуулахын төлөө олон чухал ажлуудыг хийсэн байдаг. Үүнд:

-          1924 онд Анхдугаар үндсэн хууль баталж

-          1945 онд Ялтын гурван улсын гэрээг амжилттай хийж, гадаад орнуудад тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж

-          1945 онд улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулж,

-          1946 онд Монгол Улсыг тусгаар тогтнолыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд  НҮБ-д элсэх хүсэлтийг анх удаагаа гаргав.

Ардчилсан засаглалыг тогтоож, феодализм хамжлагат ёсыг халав

Монголын түүхэнд нийгмийн гишүүдийн олонхийн эрх ашгийг хамгаалсан, төлөөллийн ардчиллаар бүрдсэн засаг төрийн тогтолцоог анхлан бий болгож, хамжлагат ёсыг халсан.

Ардын хувьсгалын гол зорилго нь тусгаар тогтнолоо олох явдал байсан боловч уг хувьсгалын үр дүн нь нийгмийн эрс өөрчлөлт авчирч чадсан. 1921 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч эрх мэдлийг хязгаарлан зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарласан, илүү ардчилсан засаглал тогтоож, нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан феодализм, хамжлагат ёсыг халсан. Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан нь Монгол орны хувьд улс төр, нийгмийн хөгжлийн үсрэнгүй том дэвшил, Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэх чухал үйл явдал болсон билээ.

Орчин үеийн Монгол Улсыг Цогцлоон байгуулав

1921 оны Ардын хувьсгалын дараа нийгэм, эдийн засгийн бүх салбарт цогц шинэчлэл хийж, эдийн засгийн бодлогын баримт бичгийг батлан, ХАА, газар тариалан, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлэх суурийг тавьж, орчин үеийн Монгол Улсыг цогцлоон байгуулав.

Үндэсний ардчилсан хувьсгалын дараа хүн амын ихэнх нь үндэсний бичиг үсгээ мэдэхгүй байв. 1923 онд хуралдсан МАХН одоогийн /МАН/-ын II их хурлаас ард түмнийг бичиг үсэг ба бусад олон зүйлийн эрдэмд боловсруулах шийдвэр гарч, үүний үр дүнд 1921-1940 оны хооронд 127000 гаруй хүнийг үндэсний бичиг үсэгтэн болгов.

ХХ зууны Монгол орны хөгжил дэвшлийн түүх нь анхны долоогийн үүсгэн байгуулсан Монгол Ардын Намтай салшгүй холбоотой бөгөөд монголчууд үйлдвэр байгуулж, цахилгаан станц барьж, уурхайгаас ашигт малтмал олборлож, галт тэрэг барьж, онгоц жолоодож, сансарт нисэж чадсан түүхэн үйл явдлууд нь тэдний тэмцлийн үр дүн байв.

Ардын армийг бий болгож, эх орныхоо аюулгүй байдлыг батжуулав

Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, ардын арми бий болгон 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтыг авч ирсэн.

Монгол улсын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээст түүх нь монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой. 1921 онд ардын журамт цэрэг бүрэлдэн бий болсноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчний шинэ үеийн эхлэлийг тавьсан гэж үздэг. 1939 оны Халхын голын болон 1945 оны Чөлөөлөх дайны түүхэн ялалт, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлст хувь нэмэр оруулж байгаа Монгол улсын цэрэг, армийн түүх нь 1921 оны Ардын хувьсгал, газар нутгийнхаа халдашгүй дархан байдлыг хамгаалахын төлөө анхны долоо тэр дундаа их жанжин Д.Сүхбаатарын эмхлэн байгуулан ардын журамт цэргээс эхтэй билээ.

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал