“Хүүхдийн эндэгдлийг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав

2016 Оны 11 Сарын 23

2016.11.23

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан 2016 оны 11 дүгээр сарын 18-нд “Хүүхдийн эндэгдлийг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, Мэргэжлийн хяналтын газрын дарга болон Эрүүл мэндийн газрын газар, Нэгдсэн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн төрөх, Хүүхдийн тасгийн эмч, мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ахлагч, эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд зэрэг нийт 50 хүн оролцов.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, Эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын улсын байцаагч нар Хүүхдийн эндэгдлийн шалтгаан нөхцөлд хийсэн судалгааны дүнг танилцуулсан. Уг шалгалтын мөрөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улсын ахлах байцаагч Б. Мухамед Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт зөрчил арилгах, хүүхдийн эндэгдлийг бууруулах албан шаардлага өгч биелэлтийг хангуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар үүрэг даалгавар өглөө.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан цаг үеэ олсон тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж буй Мэргэжлийн хяналтын газарт талархсанаа илэрхийлээд “Эрүүл мэнд бол аймгийн 100 мянга гаруй хүн амын эрүүл мэндийн асуудлыг хариуцсан маш чухал салбар. Тиймээс цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй хандах, хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр даацтай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэв. Тэрбээр энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад албан даалгавар хүргүүлэхээр боллоо. Мөн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, “Жансая” өрхийн эмнэлгийн удирдлагууд өөр өөрсдийн чиглэлээр тулгамдаж буй асуудлаар хүсэлт тавьсан. Үүнд, Нэгдсэн эмнэлгийг шинэ байртай болгох, өрхийн эмнэлгийн эмч нарыг унаатай болгох, төрж буй эхчүүдэд эх барихын цомог авч өгөх төсөв хөрөнгийг шийдвэрлэх зэргийг дурдаж болно.

 Хэлэлцүүлгийн үеэр мөн Нэгдсэн эмнэлэгт хийсэн гүйцэтгэлийн шалгалтын дүнг танилцуулж, зарим нийтлэг зөрчил давтагдаж буйг анхааруулаад цаашид анхаарах 17 асуудлаар улсын байцаагчийн албан шаардлага, үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, эмч мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцааг сайжруулах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тоонд бодитой дүгнэлт хийх, эмнэлгийн төлбөрт үйлчилгээ зэргийг хөндлөө. 

Сүүлийн: Баян-Өлгий аймаг

Онцлох: Баян-Өлгий аймаг