Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэлээ.

2015 Оны 12 Сарын 3

Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой

Социализмийн ид бүтээн байгуулалтын үе буюу 1970, 80-иад оны үед Булган аймгийн эдийн засгийн нэгэн томоохон түшиц болж байсан салбар бол яах аргагүй авто тээврийн салбар юм. Тухайн үеийн 8-р авто бааз, Барилга трест, Нефть бааз, Зам анги, Усны аж ахуй зэрэг байгууллагууд нь аймаг орон нутгийнхаа эдийн засгийн тулгуур болж олон зуун ажилчин албан хаагчдийн амь амьдралыг нэгтгэсэн, хоёр дах гэр орон нь, өмөг түшиг болсон гэр бүл нь байлаа. Эдгээр томоохон байгууллагууд 1990 оноос хойш зах зээлийн шуурганд өртөн тарж бутарч  тэнд ажиллаж байсан олон зуун ажилчид, хөдөлмөрчид ажилгүйчүүдийн эгнээд шилжиж, олонх нь харж хандах албан байгууллага ч үгүй,  тэтгэвэр тэтгэмж ч үгүй хоцорсон билээ.

Булган аймгийн Монгол Ардын Намаас санаачлан Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан 8-р авто бааз, Зам анги, Барилга трест, Усны аж ахуйд ажиллаж байсан тээвэрчид, засварчид, инженер, механикууд, үйлчилгээний ажилтнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан боловч нийгмийн ороо бусгаа цаг үед анхаарал халамж дутагдаж авах ёстой зүй ёсны шагналаа авч амжаагүй ахмадуудаа  Онц тээвэрчин цол тэмдэг болон Авто тээврийн 90 жилийн ойн медаль, Намын шагналуудаар шагнаж алдаршууллаа.

Тээврийнхэн маань хэнээр ч хэлүүлэлтгүй микрофон авч ахмадууддаа, хамт олондоо, найз нөхөддөө мэгдчилгээ дэвшүүлж, Алтан шар зам дуугаа дуулцгааж, инээж баясан хөгжилдөцгөөж байв. Тээвэрчин хүн гэж хамт олондоо нөмөр нөөлөг нь, найз нөхөддөө үнэнч анд нь, гэр бүлдээ ноён нуруу нь, улс нийгмийнхээ хөгжилд хөдөлгөгч хүч нь болж байсан тэр сайхан цаг үеийг дурсан, нэгэн өдрийг сайхан өнгөрүүллээ.

Гар сэтгэл нийлсэн нэгэн хамт олон болж, хийж бүтээх хүсэл тэмүүллээр жигүүрлэж, саятан, зуун мянгатан жолооч болохын төлөө таван жилийн төлөвлөгөөгөө хугацаанаасаа өмнө биелүүлж,  залуу насныхаа ид хаваар гайхуулж, жаргал зовлонгоо хуваалцаж явсан нэгэн хамт олон уулзах нь юутай сайхан билээ.

Олон жил уулзаагүй тэд маань амьдрал ахуйгаа ярилцаж, ирж амжаагүй нэгнээ сураглаж, бурханы оронд одсон анд нөхдөө дурсан санагалзаж, ахмад буурлууддаа үнсүүлж, залуу насныхаа дурсамжийг ам уралдан өгүүлж, хөөр баяраар дүүрэн байх нь аргагүй л хүн хүнээ хайрлаж, нийгмийн сайн сайхны төлөө хүн бүр хичээж зүтгэж байсан нандин үед ажиллаж амьдарч, хийж бүтээж байсан та нараараа бахархахгүй байхын аргагүй байлаа.