Анхан шатны үүрийн дарга нар Хамрын хийдэд аялав.

2015 Оны 12 Сарын 3

Булган аймгийн Монгол Ардын Намын хорооноос “Бид хамтдаа” аяны хүрээнд олон нийтийн дунд олон шинэлэг ажлуудыг зохион байгуулж байгаа билээ. Намын гишүүд дэмжигчидээ идэвхжүүлж, урам зоригийг нь сэргээх зорилгоор өнгөрсөн 8-р сард Сумдын намын хорооны дарга, дэд дарга нараа Байгаль далайд амраасан бол 9 сарын 10-13-ны хооронд намын анхан шатны үүрийн дарга нар нийт 71 хүнийг Энергийн төв Хамрын хийдэд аялуулав. Аяллын хүрээнд Байгалийн үзэсгэлэн, өвөрмөц тогтоцоороо алдаршсан Тэрэлж Горхитын цогцолбор газар, Энергийн төв Хамрын хийд, Хүслийн Баянзүрх хайрхан уул, Цонжин болдог цогцолбор буюу дэлхийн хамгийн том морьт хөшөө болох Чингис хааны морьт хөшөөнд зочиллоо.

Мөн Монгол Ардын Намын төв байр Тусгаар тогтнолын ордонд зочилж, Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалт, улс төрийн газрын улс төрийн ахлах ажилтан Б. Баттогтох, Хангайн бүс хариуцсан улс төрийн ажилтан Д. Золбаяр нар улс орны нийгэм эдийн засгийн байдал болон нийгэмд ихээхэн дуулиан тариад байгаа “Өршөөлийн тухай хууль”, Ардын Намын орон гарсан сайдуудын оронд шинээр томилогдсон сайд нар, сонгуулийн хуулийн өөрчлөлт, улс орон даяар өрнөж байгаа “Бид хамтдаа” аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, манай үүрийн дарга нар маань асуулт асууж, өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.

Энэхүү аялалд оролцсон  анхан шатны үүрийн дарга нар хоорондоо танилцаж, ажлын арга барил, туршлагаа солилцож, нэг баг, нэг хамт олон болж, харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгосон үнэхээр үр дүнтэй ажил байсныг аялалд оролцогчид илэрхийлж байв. Аяллын гишүүдээс хамгийн өндөр настай нь Тэшиг сумын намын ахмад гишүүн 87 настай Морх гуай байсан бол хамгийн балчир нь  Рашаант сумын 6 сартай Бат-Ирээдүй нар байлаа.

Бидний аялал Монгол Эх орныхоо говь хангайн байгалийн гоо үзэсгэлэнг бахдан биширсэн, бүжиг наадам, дуу хууртай үдшүүд, бодрол бясалгал хийж зүүд манасан шөнүүд, ажил амьдралаа өгүүлсэн чин сэтгэлийн ярилцлага зэрэг хүн болгоны сэтгэлд хөгжилтэй, гэгээлэг дурсамж үлдээсэн эрч хүч, энерги шингээсэн сайхан аялал байлаа.