Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо


НАМЗХ

Нийгмийн Ардчилал монголын залуучуудын холбоо

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбоо нь 1997 онд байгуулагдан 18 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулан 70 гаруй мянган гишүүд, дэмжигчтэй, нийслэл, 21 аймаг, 9 дүүрэгт нийт 30 гаруй салбар холбоод бүхий үндэсний хэмжээний залуучуудын, төрийн бус байгууллага.

1.    НАМЗХ-ны эрхэм зорилго:

НАМЗХ-ны эрхэм зорилго нь үндэсний язгуур эрх ашиг, эрх чөлөө, тусгаар тогтнол, тэгш эрх, шударга ёс, эв нэгдэл, хүмүүнлэг чанар, эх оронч үзэл, үндэсний бахархал, даяаршсан сэтгэлгээ гэсэн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг, нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх эрмэлзлэл бүхий Монголын залуучуудын хүсэл сонирхлыг илэрхийлэн хамгаалж, улс орны болон нийгмийн хөгжил дэвшилд залуу хүн бүрийн оролцох оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

2.    "Нийгмийн Ардчилал" МЗХ-ны 5 бодлого

1. Эх оронч Монгол залуу
2. Боловсролтой Монгол залуу
3. Хариуцлагатай Монгол залуу
4. Эрүүл Монгол залуу
5. Бүтээлч Монгол залуу

3.    "Нийгмийн Ардчилал" МЗХ-ны 5 боломж

1. Хувь хүний хөгжих боломж
2. Залуусын нөхөрлөл, хамтын ажиллагааны боломж
3. Улс эх орон, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж
4. Олон улсын түншлэлийн боломж
5. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломж

4.    НАМЗХ-ны тунхаг

Бид Нийгмийн Ардчилсан үзэл баримтлалд итгэдэг

 

Эх орны тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл

Эрхэмлэн дээдлэх үнэт зүйл гэдэгт

 

Ардчилсан шударга ёс, хүний эрх чөлөө

Аливаа бүхнээс илүү амьдралын тулгуур зарчим гэдэгт

 

Хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхан

Хүний төлөө хүлээх хариуцлага мөн гэдэгт

 

Эх орон, ард түмнийхээ төлөө

Эрхзүйг дээдэлсэн, тунгалаг төртэй байна гэдэгт

 

Хүн төрөлхтний ариун нандин зүйлс

Хүнлэг сэтгэл, итгэл найдвар, нандин нөхөрлөлд оршдог гэдэгт

 

Эцэг өвгөдийн минь үлдээсэн өв соёл, газар шороо

Эд эс бүхэнд минь шингээсэнтэй гэдэгт

 

Өчигдрийг түүчээлж маргаашийг цогцлоох

Өнөөдрийн эзэд нь залуус гэдэгт

 

Монголын залуусын зүрхэнд тархинд

Монгол эх орны маргаашийн хувь заяа зураастай гэдэгт

 

БИД ИТГЭДЭГ

5.    "Нийгмийн Ардчилал" МЗХ-ны бүтэц, зохион байгуулалт

“Нийгмийн Ардчилал” МЗХ нь дараах бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Үүнд:
1. “Нийгмийн Ардчилал” МЗХ-ны Их хурал,
2. “Нийгмийн Ардчилал” МЗХ-ны Ерөнхийлөгч,
3. “Нийгмийн Ардчилал” МЗХ-ны Бага хурал,
4. “Нийгмийн Ардчилал” МЗХ-ны Удирдах зөвлөл,
5. “Нийгмийн Ардчилал” МЗХ-ны Дэд ерөнхийлөгчид,
6. “Нийгмийн Ардчилал” МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
7. “Нийгмийн Ардчилал” МЗХ-ны салбар холбоод,
8. Хяналтын хороо.
9. “Нийгмийн Ардчилал” МЗХ нь дэргэдээ Синиор лидершип клуб (Senior leadership club), Хөгжлийн сан, Сургалтын төвтэй байж болох бөгөөд тэдгээрийн ажиллах журмыг Удирдах зөвлөл тогтооно.
10. “Нийгмийн ардчилал” МЗХ нь дэргэдээ сонирхогчдын клуб, дугуйлан байгуулах эсхүл үйл ажиллагаагаа явуулж буй сонирхогчдын клуб, дугуйлантай хамтран ажиллаж болно.

6.    НАМЗХ-ны үйл ажиллагааны зарчим: 

НАМЗХ нь үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг баримтална. Үүнд:

  • Хүний эрхийг дээдлэх,

НАМЗХ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэж үйл ажиллагаагаа явуулна.

  • Ил тод байх,

НАМЗХ-ны бүхий л үйл ажиллагаа нь нийт гишүүд, дэмжигчдэд нээлттэй, ил тод байна. 

  • Ардчилсан,

НАМЗХ-ны бүхий л үйл ажиллагаа нь цөөнхийн эрхийг хүндэтгэж, олонхийн саналд үндэслэсэн байна.

  • Эв нэгдлийг хангах,

НАМЗХ нь үндэсний язгуур эрх ашиг, эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн ардчилсан үзэл санааг эш үндэс болгон түүнийг түгээн дэлгэрүүлэхэд эв нэгдлийг эрхэмлэн  үйл ажиллагаагаа явуулна.

  • Тэгш эрх,

НАМЗХ-ны бүхий л үйл ажиллагаанд гишүүдийг тэгш эрхтэйгээр оролцох боломжийг хангана. 

7.    НАМЗХ-ны үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Төрийн бодлого боловсруулахад залуучуудын дуу хоолойг хүргэх, дэмжих, хэрэгжүүлэхэд оролцох,
  • МАН-ын үзэл санаа, үнэт зүйлс, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг таниулан сурталчлах, залуучуудын талаар намын баримтлах бодлогыг тодорхойлон боловсруулахад оролцох, сурталчилах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
  • Залуучуудын нийтлэг эрх ашигт нийцсэн, тэдний мэдлэг, боловсрол, чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах,
  • Олон Улсын болон гадаад улс, орнуудын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэх,
  • Эх орон, нийгмийн хөгжлийн төлөө санаачлага гарган ажиллаж буй залуучуудын үйл ажиллагааг дэмжин, тэднийг алдаршуулах.