Монгол ардын намын дэргэдэх ахмадын холбоо


Ахмадын холбоо

ТАНИЛЦУУЛГА

Аймаг, нийслэлийн Намын хорооны дэргэдэх Ахмадын холбоодын 2013 оны ажлын тайланг хянан үзэж монигоринг хийсний үндсэн дээр 2013 оны ажлын үзүүлэлтээр “Шилдэг ахмадын холбоо”, “Тэргүүний ахмадын холбоог шалгаруулах санал гаргаж, танилцуулга бэлтгэв.

1.Дархан-Уул аймгийн Намын хорооны дэргэдэх Ахмадын холбоо /дарга нь Г.Эрдэнэбат/-г 2013 оны ажлаар нь “Шилдэг ахмадын холбоо”-гоор шалгаруулах саналтай байна.

2013 оныг намын залуу гишүүдтэй ажиллах, тэдэнд намын үзэл баримтлал, эрмэлзэх зүйл, дүрмийг ойлгуулж итгэл, үнэмшлийг төлөвшүүлэх ажлын жил болгох зорилттой ажиллаж уралдааны болзол гарган шинэ жилийн өмнө дүгнэж 10 ахмад, 10 залуу гишүүнийг шагнаж урамшуулжээ.

Аймгийн хэмжээнд намын гишүүдийн 33 хувийг эзэлж байгаа ахмад гишүүдийн сонгогч олон түмэнд нөлөөлөх чадварыг түшиглэж 100 орчим лидер ахмадын судлагаа гарган сүлжээ байгуулж ажиллуулсан нь УИХ, орон нутгийн сонгуульд ялалт авчрах хүчин зүйл болсон байна. Үүний үр дүнд Дархан-Уул аймгийн Монгол Ардын Нам орон нутгийн сонгуульд ялалт байгуулж ИТХ, Иргэдийн нийтийн хуралд олонхи болж баг, сум, аймгийн засаглалын эрхийг олж авчээ.

Мөн Дархан-Уул аймгийн Намын хороо 2013 оны ажлаараа Намын тэргүүний байгууллага болсон байна.

2.Орхон аймгийн Намын хорооны дэргэдэх Ахмадын холбоо /дарга нь Х.Буянхишиг/-2013 оны ажлаар нь “Тэргүүний ахмадын холбоо”-гоор шалгаруулах санал гаргаж байна. 

Тус Холбоо тэргүүлэгчид, анхан шатны салбарын сонгуультны ажлыг улирал тутам дүгнэн идэвхижүүлж ажилладаг байна.

Оны шилдэг гишүүдээ 22 номинациар шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан Ахмадын өдөр, Цагаан сараар тэдгээрийн урам зоригийг сэргээх, хүндэтгэл үзүүлэх ажил зохиож хэвшсэн байна.
Олон жил гэр бүлээрээ намын гишүүн байгаа өрх, үр хүүхэд, ойр дотнын хүмүүст нөлөөлөн намд санал өгүүлсэн ахмад гишүүдийг урамшуулдаг болжээ. 

3.Баянхонгор аймгийн Намын хорооны дэргэдэх Ахмадын холбоо /дарга нь Б.Дагва/-г 2013 оны ажлаар нь “Тэргүүний ахмадын холбоо”-гоор шалгаруулах саналтай байна. 

Аймгийн бүх сумдын намын үүр, хорооны дэргэдэх Ахмадын хэсэг, аймгийн төвийн найман багт сонгуулийн сурталчилгаанд оролцож ажиллах нэрс гаргаж чиглэл, семинар өгч ажиллуулжээ.

Жил бүр намын ахмад гишүүдийн сүлд модны наадам хийж, гишүүдээ шагнаж урамшуулах, ахмадын өдрөөр монгол гоёл зохион, бүжгийн уралдаан, спортын тэмцээн зохиож ирсний гадна “манлайлагч ахмад”, “шилдэг ухуулагч ахмад”, “шилдэг малчин ахмад” шалгаруулан шагнал олгожээ.

УРИАЛГА

Монгол орны хөгжил дэвшлийг нэгэн зууны турш удирдаж түүчээлсэн улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам XXYII Их хурлаа өнгөрөгч 2013 оны 10 дугаар сард “Урагшаа” уриан дор хийж намын шинэчлэл, улс орны хөгжлийн олон чухал асуудлуудыг хэлэлцэж, Их хурлаас “Монгол Ардын Намын Үндсэн дүрэм”, “Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл” (Мөрийн хөтөлбөр), Монгол Ардын Намын “Урагшаа” үйл ажиллагааны шинэчлэлийн үндсэн чиглэл, “Монгол Улс-2021 оны хөгжлийн зорилтууд” гэх зэрэг бодлого, үйл ажиллагааны баримт бичгүүдийг баталж түүхэн чухал шийдвэр гаргасныг Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбоо, тус холбооны мянга мянган гишүүд, ахмадууд бид Монгол түмэн, Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчдийнхээ нэгэн  адилаар талархан хүлээн авч, үйл ажиллагаандаа мөрдөж хэрэгжүүлэхээр шамдан ажиллацгааж буй энэ үед манай намын Ахмадын холбоо ээлжит IY чуулганаа хуралдуулж ойрын болон хэтийн зорилтоо тодорхойлж байна.

Монгол Ардын Намын бодлого, зорилт, үйл ажиллагаа, хүчин чармайлтыг ямагт дэмжиж, итгэл үзүүлсээр байгаа Монголын нийт иргэд, сонгогчиддоо, түүний дотор бидний залгамж залуу хойч үеийнхэндээ ахмадууд бид гүн талархал илэрхийлж байна.

Монгол Ардын Нам сонгуульд ялж олонхи болсон үедээ улс орныхоо язгуур эрх ашиг, ард түмний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө цөөнхтэйгөө эрх мэдлээ хуваалцаж,  үндэсний эв нэгдэл, улс төрийн соёл, эдийн засаг, төр нийгмийн тогтвортой байдлыг ямагт эрхэмлэн дээдэлж, намын эрх ашгаас төр, түмнийхээ эрх ашгийг дээгүүр тавьж ирсэн билээ.

Гэтэл улс төрийн өнөөгийн нөхцөлд эрх баригч Ардчилсан намынхан, шинэчлэлийн гэгч Эвслийн засгийн газар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудад хэт улс төржин, зөвшилцлийг хааж, олонхиороо хүч түрэх өрөөсгөл ажиллагаа явуулж байгаагаас ёс зүйт төрийн бодлогын залгамж чанар, хууль, шударга ёс илт алдагдаж, улс орны эдийн засаг, ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтсоор байгаа нь бодит үнэн. 

Энэ байдалд Монгол Ардын Намын XXYII Их хурал зарчмын дүгнэлт хийгээд:

-Улс орныг тогтвортой хөгжүүлэх хөгжлийн загвар, хөтөлбөрийг улс төрийн намууд хамтран боловсруулж төрийн баримт бичиг болгон батлаад, түүнийгээ аль ч нам Засгийн эрх барих үедээ хэлбэрэлтгүй мөрддөг болгох
-Үндэснийхээ язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэж, эх орноо хөгжүүлэхийн тулд улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагуудтай Үндэсний зөвшилцөлд хүрч хамтран ажиллах тухай чухал уриалга гаргасныг Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбооны IY чуулганы төлөөлөгч бид халуунаар дэмжин, санал нэгтэй сайшааж байна.

Монгол Ардын Намын энэ түүхэн санаачлага, уриалгыг амьдралд хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбооны IY чуулганы төлөөлөгчид бид өөрийн орны нийт иргэд, хүмүүс, улс төрийн намууд, нутгийн удирдлагын хийгээд иргэний нийгмийн байгууллагуудад хандан, улс, нутаг орон, хүн ардын хувь заяа, хөгжил дэвшилтэй холбогдох аливаа асуудлыг бүх шатанд шийдвэрлэхдээ намчирхаж талцахгүйгээр харилцан хүндлэл, ойлголцол, зөвшилцөлд суурилан  ухаалгаар эвсэн, хамтарч ажиллахыг уриалж байна. 

Монгол Ардын Намын бүх шатны байгууллага, удирдлагууд “Дараагийн сонгууль хол байна даа” гэж тайвшран алгуурлахгүйгээр намыг дэмжигч төрийн бус байгууллагуудтайгаа хамтран намынхаа шинэ Үндсэн дүрмийн дагуу одооноос өөрийн гишүүд, дэмжигчид, иргэд сонгогчиддоо ойртон, мэдээллээр хангаж, хурдтай ажиллаваас цаашдын сонгуулиудад Ардын Нам ялалт байгуулж, “Монгол Улс-2021” зорилтот хөтөлбөрийнхөө их бүтээн байгуулалтыг урьдынхаа адил бүтээлчээр үргэлжлүүлж чадна гэдэгт намын ахмадууд бид бат итгэлтэй байна.

Монгол Ардын Намын XXYII Их хурлын түүхэн шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлэхдээ намын Үндсэн дүрэм, дотоод ардчиллын хэм хэмжээг тууштай баримтлан, эх орон ард түмнийхээ эрх ашгийг ямагт дээдлэн, шударгаар манлайлан ажиллахыг Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчиддээ, Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагааг байнга дэмжиж итгэл үзүүлдэг ард түмэн, иргэд сонгогчиддоо сануулан уриалж байна.

Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, сонгогч олон түмний хүсэн хүлээсэн бүхнийг тэдгээрийн ашиг сонирхолд нийцүүлэн эерэгээр шийдвэрлэсэн Монгол Ардын Намынхаа XXYII Их хурлын түүхэн шийдвэрийг ХХ зууны Монголын түүхийг бүтээлцсэн ахмадууд бид идэвхтэй сурталчлан бүтээлчээр хэрэгжүүлэхэд чармайн оролцох болно.

“Монголын үнэн” сониноо өргөнөөр захиалж, Намын бодлого, шийдвэрийг олон түмэнд зөв ойлгуулан сурталчилж байхыг намын ахмад гишүүд, дэмжигчдэд уриалж байна.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ татах