Түүхэн товчоо


    Монгол Ардын Намын түүх бол  ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүхийг бүтээхдээ нэн төвөгтэй, ээдрээ нугачаатай замыг туулж өнгөрүүлсэн юм. Их гүрнүүдийн дарамт шахалтанд орж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, нэг хүний дарангуйлах дэглэмд нухлагдаж, зовж шаналж ирснийг ч энэ намын түүхээс харж болно. 

    ХХ зууны эхэнд “Талын монголчууд”  төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, өөртөө эзэрхэх бүрэн улсыг байгуулсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс болж олсон амжилтаа алдахад хүрсэн билээ. Гэвч уугуул монгол хүний улс монголоо гэсэн үзэл санааг харийн хар санаатнууд няцааж үл чадсан төдийгүй монголчуудын тусгаар тогтнолын галыг сэтгэлд нь улам бадраасан юм. Тэрхүү гал нь 1921 оны “Ардын хувьсгал” байв. Ардын хувьсгалыг өдөөж асаасан тал нутгийн монголчууд нь Монгол Ардын Нам хэмээх улс төрийн бүлэглэлийг 1918-1919 оны заагт Хүрээнд байгуулж сэтгэл нэгдэж, зорилго тодорхой болж “цусан тангараг”-ыг бурханы мэлмийн өмнө өргөж эх монголынхоо төлөө тэмцэж эхэлсэн. Аливаа түүхийн үйл явдал нь тухайн түүхэн үеийнхээ бүтээгдэхүүн байдаг тул харь улсын эсрэг хамаг олноо цуглуулан босох зоригт хөвгүүд нь хожмын МАХН-ын бахархалт ахмадууд, баатарлаг тэмцэгчид байлаа.

    Тэр  үеэс Монголын төрийг босгох, шашин үндсээ бодох, ард олны эрх мэдлийг эрхэмлэх зорилт дэвшүүлж, монголын нийгмийн улс төрийн тавцанд тодрон гарч ирсэн МАН 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг оройлон манлайлсан билээ. Монгол орныг улс төрийн хувьд бусдаас шууд хараат, эдийн засаг аж ахуйн хувьд дундад зууны үед хоцрогдсон, хүн амын өсөлт, соёлын түвшингийн хувьд мөхлийн ирмэгт ирсэн улс монголоо сэргээн хөгжүүлэх хүнд үүрэг МАХН-д ногдсон билээ. 

    Монгол орны хөгжлийн  чиг баримжаа, сонголт шинэ тутам төрийн эрх барьж эхэлсэн МАХН-д нэн төвөгтэй асуудал болж тулгарсан юм. Намын удирдах зүтгэлтнүүдийн нэг хэсэг нь улс орныхоо түүхэн тодорхой онцлог, өвөрмөц нөхцөл байдлыг нягт харгалзан, үндэсний, өөрийн гэсэн арга замыг эрэлхийлж байхад, нөгөө хэсэг нь улс орныхоо цаашдын хувь заяаг социалист хэтийн төлөвтэй холбон үзэж, үйл хэрэг гүнзгийрэхийн хэрээр туйлширсан коммунист чиг шугам руу хальтрах болсон билээ.

    МАХН нь түүхийн бараг нэгэн зууныг туулахдаа монголын нийгмийн бүхий л хүрээнд томоохон үүрэг гүйцэтгэхдээ алдаа оноог дэнслүүлж байсан ч алдахаасаа онох нь их байсныг түүхийн баримт материал, ахмад үеийнхний бичиж үлдээсэн, босгож байгуулсан бүхэн тодхон гэрчилнэ. МАХН монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, тухайн нийгмийнхээ тогтолцоо, хэр хэмжээндээ зохицсон эдийн засаг, оюуны чадамжтай, туурга тусгаар Монгол Улсыг олон улсын нарийн ээдрээтэй нөхцөлд өнөө үеийнхэнд буухиалан авч ирсэн түүхэн гавъяаг өнөө ба хожим үеийнхэн бишрэн хүндэтгэх нь монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд байх үнэт зүйл юм. 

     Анх энэ намын эгнээнд Монгол улсын нийгмийн бүхий л давхарга багтаж тэдний төлөөлөл орж байлаа. Тэднийг нэгтгэж байсан цорын ганц зүйл нь монгол төрийн тусгаар тогтнол байлаа. МАХН-ын анхны гишүүдийн тангарагт “шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эгүүлэн аваад, төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндэс язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ард түмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухалчилна” хэмээн хожмын зорилгоо тов тодорхой зааж байсан юм.

    МАХН дангаар төрийн эрх барьж ирсэн хугацаанд Монгол орны дүр төрх үндсээрээ өөрчлөгдсөн нь түүхэн үнэн билээ. Эдийн засаг нь бараг бүхэлдээ мал аж ахуйгаас  бүрдэж байсан Монгол улс хөдөө аж ахуйн болон эрдэс түүхий эдэд түшиглэсэн аж үйлдвэртэй, тээвэр холбоо, барилга, газар тариалан бүхий олон салбарт эдийн засагтай болов. Үйлдвэрийн томоохон төвүүд сүндэрлэн босч, орчин үеийн хот суурин байгуулагдав. Боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухааны түвшингээрээ дэлхийн дайтад хүрч чадсан амжилтыг үзүүлэв. Монгол хүн үндсэндээ эрүүлжиж, монголын хүн ам 3.6 дахин өсөж, хүний дундаж наслалт 2 дахин нэмэгджээ. МАХН-ын мянга, мянган гишүүд дайн тулалдааны талбарт ч, бүтээн байгуулах хөдөлмөрийн талбайд ч ямагт тэргүүн эгнээнд явж, манлайлж байсан нь хэн ч няцаашгүй түүхэн үнэн бөлгөө.

    Түүхэн сургамжаас ухаарлаа хөглөж, нөхцөл байдлыг зөв эгээрсний үндсэн дээр МАХН өөрчлөлтийн салхийг хамгийн түрүүнд мэдэрч, удаа дараагийн Их, бага хурал дээр хэлэлцэж байсан төдийгүй шинэчлэлийн бодлогыг санаачлан эхлүүлж хэрэгжүүлсэн нь түүхэн баримтаар нотлогдоно. 
Ардчилсан өөрчлөлт бол аль нэгэн улс төрийн хүчин, ямар нэгэн эрдэмтэн мэргэн хүний ухаарал бус монгол түмний ухаарал, хүн төрөлхтөний шинэ сэтгэлгээ, ухаарлын хаялга, түүнийг тосон авсан монголын ард түмний хичээнгүй зүтгэлийн үр хэмээн МАХН үздэг юм.

    Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих явцад МАХН өөрөө улс төрийн амьд эд эсийн хувьд бүрэн шинэчлэгдэж чадсан. 

     Монгол Ардын Хувьсгалт Намын түүхт XXVI Их хурал Улаанбаатар хотноо  2010 оны 11 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд хуралдаж, намын 150 мянган гаруй гишүүнийг төлөөлж 801 төлөөлөгч сонгогдон оролцсон юм. Тус Их хурлаар МОНГОЛ АРДЫН НАМ хэмээх уугуул нэрээ сэргээж, "Монгол Ардын Нам бол Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн үзэл баримтлалаа тодорхой томъёолж ард түмэндээ тунхаглан зарласан юм.

    Монгол Ардын Нам улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо шинэ хандлагаар хандаж, хүний хөгжлийг гол болгож, ажилгүйдэл ядуурлыг бууруулах цогц арга хэмжээ авч, Монгол хүнээ эрүүл, боловсролтой, ажилтай болгоход бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэхээр намын Их хурлаар хэлэлцэн баталсан юм. 

    Өнөөдөр эгнээндээ 150 гаруй мянган гишүүн нэгтгээд байгаа нь Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн  10 хүн тутмын 1 нь тус намын гишүүн байдаг гэсэн үг юм. Монгол Ардын Намын гишүүдийн дундаж нас 41.5, намд элсэгчдийн дундаж нас 33.9 байна. 
Бид,  гишүүдийнхээ төдийгүй дэмжигчдийнхээ хүчинд тулгуурлаж Монгол Улсын хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхан аж амьдралын төлөө хамтдаа ажиллаж амжилтад хүрч байна.

   Монгол Ардын Нам өнгөрсөн түүхийн тодорхой цаг үеүдэд улс орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан өөрчлөлт шинэчлэлтийг өөрөөсөө эхлүүлж ирсэн бөгөөд өнөөдөр Нийгмийн ардчиллын хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлж байна. Бидний сонгосон Ардчилсан социализмын нэг дэвшилтэт хэлбэр нь энэхүү Нийгмийн ардчиллын үзэл баримтлал бөгөөд орчин үед тулгамдсан олон шаардлагуудыг ухаалгаар зохицуулж, улс төр, нийгмийн үндсэн эрхүүдийг амьдрал дээр хамгийн бодитойгоор хэрэгжүүлэхийг зорьж буй ардчиллын загвар юм. 

Намын үе үеийн дарга нар

Д/д

Нэр

Сонгогдсон огноо

Тайлбар

1

 

Солийн Данзан

1921. III. 3-1921.IX.26

  

Догсомын Бодоо

1921.IX.27-1921.XI. 22

2

Цэрэн-Очирын Дамбадорж

1921.XI. 22-1923.I.12

Нарийн бичгийн дарга (1922 оны 3 сарын 7 хүртэл үүрэг гүйцэтгэгч)

3

Ажвагийн Данзан

1923.I.12-1924.VIII.31

"Япон" Данзан

4

Цэрэн-Очирын Дамбадорж

1924.VIII.31-1928 .X сар

 

5

Өлзийгийн Бадрах

1928.XI.12-1932.I.30

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

6

Бат-Очирын Элдэв-Очир

1928.XI.12-1930.III.13

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

7

Пэлжидийн Гэндэн

1928.XI.12-1932.VI.30

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

8

Золбингийн Шижээ

1930.III.13-1932.VI. 30

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

9

Бат-Очирын Элдэв-Очир

1932.VI. 30-1937

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

10

Жамбын Лүмбэ

1932.VI. 30-1933

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

11

Доржжавын Лувсаншарав

1932.VI. 30-1937

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

12

Хас-Очирын Лувсандорж

1934.X. 5-1936.VIII.15

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

13

Банзаржавын Баасанжав

1936.X. 7-1940.II. 22

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

14

Дашийн Дамба

1932.VII. 4-1940.IV. 8

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

15

Юмжаагийн Цэдэнбал

1940.IV. 8-1954.IV. 4

Ерөнхий нарийн бичгийн дарга

16

Дашийн Дамба

1954.IV. 4-1958.XI.22

1-р нарийн бичгийн дарга

17

Юмжаагийн Цэдэнбал

1958.XI. 22-1984.VIII.24

Ерөнхий нарийн бичгийн дарга (1981 оны 5 сарын 30 хүртэл 1-р нарийн бичгийн дарга)

18

Жамбын Батмөнх

1984.VIII. 24-1990.III. 14

Ерөнхий нарийн бичгийн дарга

19

Гомбожавын Очирбат

1990.III.14-1991.II. 28

1990 оны 4 сар хүртэл Ерөнхий нарийн бичгийн дарга

20

Бүдрагчаагийн Даш-Ёндон

1991.II. 28-1996.X. 5

 

21

Намбарын Энхбаяр

1996.X. 5-1997.II сар

Ерөнхий нарийн бичгийн дарга

22

Нацагийн Багабанди

1997.II сар-1997.VI. 6

 

23

Намбарын Энхбаяр

1997.VI. 6-2005

 

24

Миеэгомбын Энхболд

2005-2007.XI сар

 

25

Санжаагийн Баяр

2007.X - 2010.IV сар

 

26

Сүхбаатарын Батболд

 

 

27

Өлзийсайханы Энхтүвшин

 

 

28

Миеэгомбын Энхболд