МОНГОЛ АРДЫН НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ


Монгол Ардын Намын ХХVIII Их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 тоот Тогтоолын хавсралт

                                                                                                           

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДҮРЭМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 ЕРӨНХИЙ ЗАРЧИМ, ЗҮЙЛ

 

 1 дүгээр зүйл. Монгол Ардын Намын зорилго, үйл ажиллагааны нийтлэг зарчим

1.1. Монгол Ардын Нам нь Монгол Ардын Хувьсгалт Нам \МАХН\-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий улс төрийн байгууллага \хуулийн этгээд\ мөн.

1.2. Ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалж, улс орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн төлөө зүтгэх нь Монгол Ардын Намын эрхэм зорилго мөн.

Монгол Ардын Нам нь төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах  сонгуульд ялалт байгуулах буюу олонх болж бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

1.3. Монгол Ардын Нам Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг чандлан сахиж хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.4. Монгол Ардын Намын төв байгууллага Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлана.

1.5. Нам үйл ажиллагаандаа дараах нийтлэг зарчмыг баримтлан ажиллана

1.5.1. хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилалтай байх зарчмыг баримтлан иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалах:

1.5.2. намын бүх шатны байгууллагын аливаа үйл ажиллагаанд гишүүдийн идэвхтэй оролцоог хангах;

1.5.3. намын удирдах байгууллагыг сонгож байгуулах бөгөөд намын бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод, нээлттэй, чөлөөт өрсөлдөөний зарчмаар явуулж, саналыг нууцаар хураах;

1.5.4. намын бүх шатны байгууллага асуудлыг чөлөөтэй хэлэлцэн цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж, олонх нь дэмжсэн шийдвэрийг нийтээрээ дагаж биелүүлэх. Цөөнх үндэслэлтэй гэж үзвэл саналаа намын холбогдох дээд байгууллагад тавьж хариу авах;

1.5.5. намын бүх шатны байгууллага улс төрийн аливаа шийдвэрийг энэ дүрэмд заасны дагуу албан ёсны хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба хурал             нь олонх ирснээр хүчинтэйд тооцогдох;

1.5.6. намын сонгуульт байгууллага, сонгуультан үйл ажиллагааныхаа талаар тухайн шатны болон дээд шатны байгууллагад тайлагнах;

1.5.7. намын ажлыг ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулах;

1.5.8. намын бүх шатны сонгуульт байгууллагад 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Санал хураалтыг энэ шаардлагад нийцүүлэн зохион байгуулна;

1.5.9. намын бүх шатны байгууллага хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, тэмдэглэл хөтлөх бөгөөд энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол уул баримт бичигт хуралдаан даргалагч буюу тэргүүлэгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

 

2 дугаар зүйл. Намын бэлгэдэл

2.1. Монгол Ардын Нам бэлгэдэл, далбаатай байна.

2.2. Монгол Ардын Намын бэлгэдэл нь гол төвдөө үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл алтан соёмбыг хөх дэвсгэр дээр байрлуулсан, нийгмийн ардчиллын бэлгэдэл болсон таван хошуу хэлбэртэй, улаан өнгийн сарнай цэцэг байна.

2.3. Монгол Ардын Намын далбаа нь улаан, цагаан, хөх хосолсон өнгөтэй, урт, өргөн нь 2:1-ийн харьцаатай байна. Далбааны гуравны нэгийн хэмжээстэй эхний хэсэг нь Монгол Улсын тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл улаан, дунд хэсэг нь шударга ёс, эв нэгдэл, ариун нандины бэлгэдэл цагаан, төгсгөл хэсэг нь хөгжил дэвшил, төрт ёсны бэлгэдэл мөнх тэнгэрийн хөх өнгөтэй байна.

Далбааны төв хэсэг дэх цагаан дэвсгэрийн дунд Монгол Ардын Намын бэлгэдлийг байрлуулна.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ

 

3 дугаар зүйл. Монгол Ардын Намд гишүүнээр элсэх

3.1 Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно. Намын гишүүнээр элсэж байгаа иргэн нь Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг судалсан байвал зохино.

3.2. Намд гишүүнээр элсэхээ илэрхийлсэн иргэний хүсэлтийг оршин суугаа газарт нь үйл ажиллагаа явуулдаг намын анхан шатны байгууллага /НАШБ/ хүлээн авч шийдвэрлэн намын бат илэрхийлэх олгож, бүртгэнэ. Монгол Ардын Намд элсэх өргөдлийг бичгээр гаргана.

 

4 дүгээр зүйл. Монгол Ардын Намын гишүүний эрх, үүрэг

4.1. Гишүүн дор дурдсан эрх эдэлнэ:

4.1.1. намын үзэл баримтлал, бодлого боловсруулах, хэлэлцэхэд болон намаас явуулж буй үйл ажиллагаанд оролцох;

4.1.2. намын Удирдах байгууллагад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох, сонгогдох:

4.1.3. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд намаас нэр дэвших хүмүүсийн талаар намын байгууллагад саналаа тавих;

4.1.4. улс орны болон намын дотоод амьдралын асуудлаар санал тавьж хариу авах, шүүмжлэх, мэдээлэл өгөхийг шаардах;

4.1.5. намын байгууллагаас өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцох;

4.1.6. үзэл бодол, гишүүнчлэлийн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах;

4.1.7. намд туслах зорилгоор гишүүд бүлгэм, клубт нэгдэн ажиллаж болно;

4.1.8. гишүүдийн төлсөн татвар, өргөсөн хандив, намын сан хөмрөгийн зарцуулалтын санхүүгийн тайланг сонсох.

4.2. Намын гишүүн дор дурдсан үүрэг хүлээнэ:

4.2.1. намын дүрмийг чанд сахин биелүүлэх;

4.2.2. гишүүн байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад харъяалагдан намын ажилд идэвхтэй оролцон намын мөрийн хөтөлбөр, бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх;

4.2.3. намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөхөд тус дөхөм үзүүлэх;

4.2.4. төрийн болон орон нутгийн аливаа сонгуульд Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), нэр дэвшигчийг сурталчлан дэмжих;

4.2.5. намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх;

4.2.6. намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах;

4.2.7. гишүүний татвар, хураамжийг тогтоосон хугацаанд тогтмол төлөх, хандив өргөх, намын хэвлэл захиалах зэргээр намын сан, хөмрөгийг арвижуулахад идэвхитэй оролцох;

4.2.8. намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх;

4.2.9. намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;

            4.2.10. намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах.

4.3. Монгол Ардын Намын гишүүн улс төрийн өөр намын гишүүн байхыг хориглоно.

4.4. Энэхүү дүрмийн 4.2.5, 4.2.8, 4.2.9-ийг зөрчсөн гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана:

4.4.1. намаас санал болгож сонгогдож, томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэх;

4.4.2. хуульд өөрөөр заагаагүй бол одоо ажиллаж байгаа албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах;

4.4.3.намын боловсон хүчний нөөцөд бүртгэх.

4.5 Энэхүү дүрмийн 4.4-т заасан хариуцлагыг тооцохдоо намын Удирдах Зөвлөл болон тухайн гишүүнийг хүний нөөцдөө бүртгэсэн намын байгууллагын тэргүүлэгчид нь намын хяналтын байгууллагын дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Гаргасан шийдвэрийг тухайн гишүүнд өөрт нь болон анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.

4.6. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа намын гишүүд дэмжигчдийн үүсгэл санаачилгыг нь дэмжих зорилгоор намын Бага хурал хуульд нийцүүлэн журам гаргаж болно.

 

5 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс түдгэлзэх

5.1. Намын гишүүн хууль тогтоомжид заасан тохиолдолд Монгол Ардын Намын гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа НАШБ-д бичгээр мэдэгдэж бүртгүүлнэ.

5.2. Түдгэлзэх үндэслэл арилсан бол НАШБ-д хүсэлтээ гаргаж гишүүнчлэлээ сэргээнэ. Намаас түдгэлзсэн нь намын гишүүн байсан нийт хугацаанаас хасагдахгүй.

 

6 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс гарах

6.1. Монгол Ардын Намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно.

6.2. Монгол Ардын Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж харъяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, Монгол Ардын Намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө.

6.3. Энэ дүрмийн 6.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс гараагүйд тооцно.

6.4. Намын гишүүн нас барсан бол түүний үр хүүхдийн хүсэлтээр намын бат илэрхийлэхийг дурсган хадгалуулж болно.

6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:

6.5.1. Намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн;

6.5.2. Намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

6.5.3. Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан;

6.5.4. Намын албан ёсны шийдвэр буюу олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4-т заасан зарчмыг зөрчсөн.

6.6. Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо энэ дүрмийн 6.5-д заасан намын гишүүний зөрчлийг бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачлагаар хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган намын хорооны тэргүүлэгчдэд танилцуулна. Намын хорооны тэргүүлэгчид дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаж тухайн гишүүнд болон харьяалагдах намын анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.

6.7. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.

6.8. Энэ дүрмийн 6.5-д заасан дутагдлаа иргэн арилсан гэж үзвэл Монгол Ардын Намд гишүүнээр дахин элсэх хүсэлтээ намын НАШБ-аар уламжлуулан Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.

 

7 дугаар зүйл. Монгол Ардын Намыг дэмжигч

7.1. Намын үйл ажиллагааг дэмжиж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн иргэнийг намын анхан шатны үүр, хороо дэмжигчээр бүртгэнэ.

7.2. Дэмжигч өөрийн санал, санаачлагаар намын ажилд оролцоно.

7.3. Дэмжигч НАШБ-ын зөвшөөрснөөр бүх гишүүдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар саналаа илэрхийлж болно.

7.4. Дэмжигч намын нэрийн өмнөөс орон нутгийн сонгуульд нэр дэвших саналаа НАШБ-д оруулж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА /НАШБ/

 

8 дугаар зүйл. НАШБ-ын бүтэц, түүнийг байгуулах

8.1. Намын анхан шатны удирдах дээд байгууллага нь нийслэлийн дүүрэгт Бага хурал, сум, баг, хороонд бүх гишүүдийн хурал байна НАШБ нь 300 түүнээс дээш гишүүнтэй тохиолдолд Удирдах дээд байгууллага нь Бага хурал байна.

8.2. НАШБ нь нийслэлд дүүргийн намын хороо, хорооны намын хороо, үүр; аймагт сумын намын хороо, үүр, багийн намын үүр байна. Шаардлагатай бол намын үүрт намын хэсэг байгуулна.

8.3. Намын гишүүдийн тоо, байршлыг харгалзан намын удирдах зөвлөлөөс баталсан журмыг үндэслэн НАШБ-ыг аймаг, нийслэлийн намын хорооны тогтоолоор байгуулна. Сум, дүүргийн хороо нь харъяа нутаг дэвсгэрийн намын хороо, үүрийг удирдлагаар хангана.

8.4. УИХ-ын сонгуулийн үед үйл ажиллагаагаа нэгтгэн зохицуулах зорилгоор намын анхан шатны хэд хэдэн байгууллага хамтран тойргийн намын байгууллага байгуулан ажиллуулж болно.

8.5. Сум, дүүргийн намын хорооны болон бүх гишүүдийн хурлаар дарга, дэд дарга, тэргүүлэгчдийг 9-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр, хорооны намын хорооны хурлаар дарга дэд дарга тэргүүлэгчдийг 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр жилийн хугацаагаар тус тус сонгоно. Сум, дүүргийн намын хорооны нийт гишүүдийн 75 хувиас илүү нь, бүх гишүүдийн хурлын 50 хувиас илүү нь оролцож байгаа бол тус хурлыг хүчинтэйд тооцно.

8.6. НАШБ-ын гишүүдийн хурал /зөвлөлгөөн, цуглаан, ярилцлага/-ыг улиралд нэгээс доошгүй, тайлангийн хурлыг жил тутам хийнэ.

8.7. НАШБ албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.

8.8. Намын анхан шатны байгууллага үйл ажиллагаандаа намын эрх бүхий байгууллагаас баталсан стандартыг баримтлан ажиллана.

 

9 дүгээр зүйл. НАШБ-ын эрх, үүрэг

9.1. НАШБ нь бие даан, ил тод ажиллах бөгөөд дараах эрх, үүрэгтэй байна:

9.1.1. намын бодлого, шийдвэрийг сурталчилан хэрэгжүүлэх;

9.1.2. гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөтгөж, тэдэнтэй ажиллах, намын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх;

9.1.3. намын амьдрал, улс орны тулгамдсан асуудлаар гишүүддээ мэдээлэл өгөх;

9.1.4. намын хэвлэл захиалах, хүргэх, түгээх ажлыг зохион байгуулах;

9.1.5. төрийн болон орон нутгийн сонгуулийн үед намаас нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

9.1.6. намын удирдах дээд байгууллагаас гаргах баримт бичиг, шийдвэрийн төслийн талаар саналаа илэрхийлэх;

9.1.7. сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх;

9.1.8. намын удирдах дээд байгууллагад сонгогдох, түүнчлэн харьяалах нутаг      дэвсгэрт УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль, ИТХ-ын болон Засаг даргад нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар саналаа илэрхийлэх;

9.1.9. санхүүгийн хувьд бие даан ажиллахыг эрмэлзэн, намын санхүүг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;

9.1.10. гишүүдийнхээ нэр төрийг хамгаалах;

9.1.11. намын нэрээр сонгогдож, томилогдсон гишүүдийнхээ ажил байдлын тайлан, мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх, шаардлагатай бол намын хариуцлага хүлээлгэх талаар санал гаргах; 9.1.12. энэ дүрмийн 14.3-т заасан зүйлийг харгалзан тухайн шатны ИТХ дахь намын бүлгийн ажиллах журмыг тогтоох.

9.2. Сум, дүүргийн намын хороо, үүр нь сонгуулийн өмнө болон дараа “Эвсэл” байгуулах саналыг аймаг, нийслэлийн намын хороонд тавьж      болно.

9.3."Сум, дүүргийн намын хороо холбогдох хөтөлбөр, удирдамжийн дагуу тогтмол хугацаанд сургалт, судалгааг байнга явуулж, намын бусад байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр ханган ажиллана.

 

10 дугаар зүйл. НАШБ-ын тэргүүлэгчдийн эрх, үүрэг  

10.1. НАШБ-ын тэргүүлэгчид нь намын хорооны болон хороо, үүрийн бүх гишүүдийн хурлын чөлөө цагт энэ дүрмийн 9.1.1-9.1.5, 9.1.7-9.1.11-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

            10.2. НАШБ-ын тэргүүлэгчид нь аймаг нийслэлийн намын хорооноос өгсөн чиглэлийг үндэслэн бага хурлын тов, төлөөлөгчийн тоог Бага хурал хуралдахаас 14 хоногийн өмнө тогтоож төлөөлөгч сонгох журмын батална.

 

 

 

 

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН НАМЫН БАЙГУУЛЛАГА

 

11 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн намын дээд байгууллага

11.1. Аймаг, нийслэлд намын удирдах дээд байгууллага нь аймаг, нийслэлийн намын Бага хурал, түүний чөлөөт цагт аймаг, нийслэлийн намын хорооны хурал байна.

11.2. Аймаг, нийслэлийн намын Бага хурал нь НАШБ-аас сонгосон төлөөлөгчдөөс бүрдэнэ.

11.3. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид нь Удирдах Зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн Бага хурлын тов, төлөөлөгчийн тоог Бага хурал хуралдахаас 30 хоногийн өмнө тогтоож, төлөөлөгч сонгох журмыг батална.

 

12 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн намын Бага хурлын эрх, үүрэг

12.1. Бага хурал нь дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

12.1.1. аймаг, нийслэлийн намын байгууллагуудын бодлого, зорилтыг тодорхойлох;

12.1.2. аймаг, нийслэлийн намын хорооны тайланг хэлэлцэх;

12.1.3. аймаг, нийслэлийн намын хорооны санхүүгийн тайланг хэлэлцэх;

12.1.4. аймаг, нийслэлийн намын Хяналтын хорооны тайланг хэлэлцэх;

12.1.5. аймаг, нийслэлийн намын хорооны болон Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тоог тогтоох.

 

 

13 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн намын Бага хурлын хуралдаан

13.1. Аймаг, нийслэлийн намын Бага хурлыг дөрвөн жилд нэгээс хоёр удаа хуралдуулна.

13.2. Намын хорооны гишүүдийн олонх нь, эсхүл намын анхан шатны үүр, хороодын гуравны нэгээс доошгүй нь шаардсан бол Бага хурлын ээлжит бус хуралдааныг зарлах бөгөөд чингэхдээ энэ дүрэмд заасан журмыг баримтална.

13.3. Бага хуралд сонгогдсон төлөөлөгчдийн олонх нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

13.4. Бага хурлын хуралдааныг түүнээс сонгогдсон дарга, орлогч дарга удирдана.

 

14 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн намын хороо, түүний эрх, үүрэг

14.1. Аймаг, нийслэлийн намын хороог аймаг, нийслэлийн намын Бага хурлаас дараагийн Бага хурал хүртэл хугацаагаар сонгох бөгөөд дараах эрх, үүрэгтэй байна:

14.1.1. намын анхан шатны байгууллагыг удирдах, тэдэнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;

14.1.2. намын дүрэм, Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), намын Их, Бага хурал, аймаг, нийслэлийн намын Бага хурлын шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах;

14.1.3. намын бодлого, шийдвэрийг гишүүдэд ил тод мэдээлж, сурталчлан таниулах болон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг нь дүгнэж намын гишүүдэд мэдээлэх;

14.1.4. намын хорооны дарга, дэд даргыг сонгох;

14.1.5. аймаг, нийслэлийн намын хорооны дарга, дэд даргыг оролцуулан 13-17 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийг сонгох;

14.1.6. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэгт чиглэл өгөх;

14.1.7. Аймаг нийслэлийн намын байгууллагын удирдлагыг намын хүний нөөцийн нэгдсэн бодлого, журмын хүрээнд хэрэгжүүлж намын сургалт, судалгааг тогтоосон журмын дагуу зохион явуулах;

14.1.8. Монгол Улсын Ерөнхийлөгчид болон УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар санал гаргах, нэр дэвшигчийн сонгуулийн ажлыг орон нутагт зохион байгуулах;

14.1.9. аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, сонгуулийн ажлыг зохион байгуулах;

14.1.10. аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг намын Удирдах Зөвлөлтэй зөвшилцөн шийдвэрлэх;

14.1.11. орон нутгийн сонгуулийн үр дүнд “Эвсэл” байгуулж, ажиллах шаардлага гарвал энэ тухай намын Удирдах Зөвлөлтэй зөвшилцөн шийдвэр гаргах;

14.1.12. намын гишүүдийн тоо, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэн нэгдсэн бүртгэл хөтлөх:

14.1.13. намын санхүүг бэхжүүлэх;

14.1.14. намын байгууллагын архив, албан хэрэг хөтлөх ажлыг зохих хууль тогтоомж, дүрэм, зааврын дагуу зохион байгуулах;

14.1.15. намын хорооны хурлыг жилд хоёроос доошгүй удаа хуралдуулах.

14.2. Аймаг, нийслэлийн намын хорооны хуралд намын гишүүдийг урилгаар оролцуулан хуралдааныг өргөтгөн хийж болно. Намын хорооны тэргүүлэгчид аймаг, нийслэлийн намын хорооны хуралдаанд урилгаар оролцох гишүүдийн тоог тогтооно.

14.3. Аймаг, нийслэлийн намын хороод нь энэ дүрмийн 40, 41 дүгээр зүйлийг харгалзан тухайн шатны ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ажиллах журмыг тогтооно.

14.4. Аймаг, нийслэлийн намын хороо Бага хурлын чөлөөт цагт орон гарсан гишүүнээ нөхөн сонгоно.

 

15 дугаар зүйлАймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид, дарга

15.1. Аймаг, нийслэлийн намын хороонд гүйцэтгэх байгууллага нь тэргүүлэгчид байна.

15.2. Аймаг, нийслэлийн намын хорооны хурлын чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид энэ дүрмийн 14.1.1-14.1.3; 14.1.6; 14.1.11-14.1.14-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлж үр дүнг намын хорооны хуралд тайлагнана. Тэргүүлэгчид намын хорооны жилийн төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлана.

15.3. Тэргүүлэгчид бүрэлдэхүүнийхээ олонхийн ирцтэйгээр асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар тогтоол гаргах бөгөөд хуралдааныг аймаг, нийслэлийн намын хорооны дарга, түүний эзгүйд дэд дарга удирдаж, шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулна.

15.4. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн тогтоолоор намын хорооны дарга, дэд дарга, ажлын албаны улс төрийн болон санхүүгийн ажилтнуудаас оролцуулан аймаг, нийслэлийн намын хорооны нарийн бичгийн дарга нарын Зөвлөлгөөнийг байгуулж болно. Зөвлөлгөөн нь намын хорооны өдөр тутмын үйл ажиллагаа, намын хорооны аж ахуй санхүүгийн холбогдолтой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, намын гишүүд, иргэдээс намын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан санал хүсэлт, өргөдөлд хариу өгөх ажлыг зохион байгуулна. Зөвлөлгөөний тэмдэглэл хөтөлж, тогтоол гаргана.

 

АВДУГААР БҮЛЭГ

НАМЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА

 

16 дугаар зүйл. Намын дээд байгууллагын тогтолцоо

16.1. Монгол Ардын Намд удирдах дээд байгууллага нь Намын Их Хурал, төлөөллийн төв байгууллага нь Монгол Ардын Намын Бага хурал байна.

 

17 дугаар зүйл. Намын Их хурал, түүний бүрэн эрх

17.1. Ээлжит Их хурлыг дөрвөн жилд нэгээс хоёр  удаа хуралдуулна.

17.2. Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана.

17.3. Намын Их хурал хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно.

17.4. Намын Их хурал намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

17.4.1. намын дүрэм, Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), Хяналтын Ерөнхий Хорооны дүрмийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах;

17.4.2. намын Бага хурал, Хяналтын Ерөнхий Хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх;

17.4.3. Монгол Ардын Намын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах.

 

 

 

18 дугаар зүйл. Намын Их хурлын хуралдаан

18.1. Намын Их хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос илүү нь оролцож байгаа бол Их хурлыг хүчинтэйд тооцно.

18.2. Намын Их хурлыг түүнээс сонгогдсон тэргүүлэгчид удирдана.

 

19 дүгээр зүйл. Намын ээлжит бус Их хурал

19.1. Намын Бага хурлын гишүүдийн гуравны хоёр, эсхүл намын нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулна. 

19.2. Монгол Ардын Намын дарга намын ээлжит бус Их хурлыг хуралдуулах саналыг Бага хуралд оруулах эрхтэй бөгөөд Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл ээлжит бус Их хурал хуралдуулах шийдвэр гаргана.

19.3. Энэ дүрмийн 19.2-т зааснаар намын ээлжит бус Их хурлыг хуралдуулахад 17.3-т заасан журмыг баримтална

19.4. Намын ээлжит бус Их хурал нь энэ дүрмийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдэлж, хуралдааныг 18 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулна.

 

20 дугаар зүйл. Намын Бага хурал, түүний эрх, үүрэг

20.1. Намын Их хурал намын Бага хурлыг 369 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулна. Бага хурлын гишүүдийг сонгохдоо Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, аймаг, нийслэлийн намын хорооны дарга, орон тооны дэд даргаар сонгогдож томилогдсон гишүүдийг оролцуулан нэр дэвшүүлж саналыг нууцаар хураана. Бага хурлын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

20.2. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, аймаг, нийслэлийн намын хорооны дарга, орон тооны дэд дарга өөрчлөгдвөл түүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлж, оронд нь сонгогдож, томилогдсон гишүүнийг намын Бага хурлын гишүүнд нэр дэвшүүлж энэ дүрэмд заасан журмын дагуу сонгоно.

20.3. Намын Бага хурал дараах эрх, үүрэгтэй байна:

20.3.1. намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох;

20.3.2. УИХ-ын сонгуульд оролцох намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, Монгол Ардын Намаас УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлгчийн сонгуульд нэр дэвшүүлэх;

20.3.3. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд “Эвсэл” байгуулж оролцох шаардлагатай гэж үзвэл энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;

20.3.4. УИХ-ын Сонгуулийн үр дүнд “Эвсэл”-ийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;

20.3.5. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах;

20.3.6. намын Удирдах Зөвлөлийг байгуулж ажиллуулах, түүний тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх;

20.3.7. намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох;

20.3.8. намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнийг сонгох;

20.3.9 намын Их хурлын чөлөөт цагт намын Бага хурлын бүрэлдэхүүнд орон гарвал нөхөн сонгох:

20.3.10. намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн журмыг тогтоох;

20.3.11. намын бодлогын тодорхой асуудлаар намын хэмжээний хэлэлцүүлэг явуулах;

20.3.12. намын шагнал бий болгох, түүнийг олгох журам,батлах.

20.3.13. намын Их хурлын чөлөө цагт дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэхүү өөрчлөлт нь намын бүтэц, зохион байгуулалттай холбоотой болон намын дотоод ардчилал, эв нэгдэлд сөргөөр нөлөөлсөн, гишүүдийн эрх тэгш байдлыг алдагдуулсан, эрхийг хязгаарласан байхыг хориглоно.

20.3.14.Намын хүний нөөцийг бүрдүүлэх шилж сонгох, дэвшүүлэх хариуцлага тооцох журмыг батлах.

20.4. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг хүлээвэл намд жигүүр байгуулахыг зөвшөөрнө.

20.5. Жигүүр нь намын нэгдэл, зохион байгуулалтад хохирол учруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу өөрөө хүсэлт гаргавал Монгол Ардын Намын Бага хурлаас татан буулгана.

 

21 дүгээр зүйл. Бага хурлын хуралдаан

21.1. Намын Бага хурлын ээлжит хуралдааныг жилд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулна.

21.2. Намын Бага хурлын хуралдааныг Монгол Ардын Намын дарга, намын Удирдах Зөвлөлийн санаачлагаар, эсхүл намын Бага хурлын гишүүдийн гуравны нэг шаардсанаар зарлан хуралдуулж болно.

21.3. Намын Бага хуралд намын гишүүдийг урилгаар оролцуулан Бага хурлын хуралдааныг өргөтгөн хийж болно. Удирдах Зөвлөл намын Бага хурлын хуралдаанд урилгаар оролцох гишүүдийн тоог тогтооно.

21.4. Намын Бага хурлын хуралдааныг түүнээс сонгогдсон дарга, орлогч дарга удирдана.

21.5. Нийт гишүүдийн гуравны хоёроос илүү нь оролцож байгаа бол намын Бага хурлыг хүчинтэйд тооцно.

 

 

22 дугаар зүйл. Монгол Ардын Намын Бодлогын хороо

22.1 Намын Удирдах Зөвлөлийн дэргэд Үндэсний хөгжил; боловсрол, соёл, залуучууд, гэр бүл, эрүүл мэнд; нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт; байгаль орчин, хөдөөгийн хөгжил; хууль эрхзүйн зэрэг асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий Бодлогын хороод ажиллаж болно.

22.2. Бодлогын хороо өөрийн эрхлэх асуудлыг тогтмол судалж, санал боловсруулж намын Удирдах Зөвлөлд оруулна.

22.3.Бодлогын хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, ажиллах журмыг намын Удирдах Зөвлөл батална.

 

23 дугаар зүйл. Намын Бага хурлын гишүүний эрх, үүрэг

23.1. Намын Бага хурлын гишүүн дараах эрх, үүрэгтэй:

23.1.1 намын Их хурал, Бага хурлаас батлан гаргасан намын бодлого, шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах ажилд биечлэн оролцох;

23.1.2. НАШБ-д намын ажлын зохион байгуулалтын туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

23.1.3. Бодлогын хороонд ажиллах;

23.1.4. намын залуу гишүүдийг намын ажилд сургаж, бэлтгэх

23.1.5. Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн сонгуулийн ажилд биечлэн оролцож, ажлын тайланг намын сонгуулийн Төв байгууллагад хүргүүлэх.

23.1.6. Харъяалагдах аймаг, нийслэл, дүүргийн  намын хороонд жил бүр Бага хурлын гишүүний хувьд ажлаа тайлагнах бөгөөд энэхүү тайлангаа дараа оны эхний улиралд багтаан намын Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газар /ажлын алба/-т” ирүүлж байх;

23.1.7. Намын дүрмийн заалт болон гэмт хэрэгт холбогдсон буюу эсхүл хэвлэл мэдээллээр тухайлан шүүмжлэгдэн намын нэр хүнд, эрх ашиг хөндөгдөж, уг асуудлаар  Хяналтын ерөнхий хорооноос тайлбар хүссэн тохиолдолд Бага хурлын гишүүний хувьд намын Хяналтын ерөнхий хороонд хариуг шуурхай өгч байх;

23.1.8.Намын Бага хурлын гишүүнээс дараах тохиолдолд намын Хяналтын ерөнхий хорооны дүгнэлт гарч, намын Бага хуралд оруулан танилцуулснаар Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн шийдвэр гарсанд тооцно;

23.1.8.1. Намын Бага хурлын гишүүний татвараа дөрвөн  улирал төлөөгүй бол;

23.1.8.2. Бага хурлын хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа оролцоогүй бол;

23.1.8.3. Аймаг нийслэлийн намын хорооноос энэ дүрмийн 23.1.6-д заасны дагуу тухайн Бага хурлын гишүүний ажлын тайланг авч хэлэлцээд хангалтгүй гэж үзэн Бага хурлын гишүүнээс эргүүлэн татах саналыг гаргасан бол;

 

 

 

 

 

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА

 

24 дүгээр зүйл. Монгол Ардын Намын дарга, түүний бүрэн эрх

24.1. Монгол Ардын Нам даргатай байна. Монгол Ардын Намын дарга нь намын тэргүүн мөн.

24.2. Монгол Ардын Намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгох бөгөөд намын дарга дараах бүрэн эрхтэй байна:

24.2.1. намын ардчилал, эв нэгдлийг хангах;

24.2.2. намыг дотоод, гадаадад төлөөлөх;

24.2.3. намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулах;

24.2.4. намын дүрэм, намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар Удирдах Зөвлөлд санал оруулах.

24.3. УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын  даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ.

24.4. Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус Зөвлөхүүдийн танхим ажиллана. Танхимын бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөннхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ АРДЫН НАМЫН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА

 

25 дугаар зүйл. Намын гүйцэтгэх төв байгууллага

25.1. Монгол Ардын Намд гүйцэтгэх төв байгууллага нь Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл байна.

 

26 дугаар зүйл. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл

26.1. Удирдах Зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргыг оролцуулан 29 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Бага хурлаас намын Их хурлын бүрэн эрхийн хугацаагаар сонгоно.

26.2. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүний 25 хувь намын анхан, дунд шатны төлөөлөл байна.

26.3. Удирдах Зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга толгойлно.

26.4. Удирдах Зөвлөл ажлаа намын Бага хуралд тайлагнана.

 

27 дугаар зүйл. Удирдах Зөвлөлийн эрх, үүрэг

27.1. Удирдах Зөвлөл дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

27.1.1. намын Их, Бага хурлын шийдвэрийн биелэлтийг хангаж, намын өдөр тутмын ажлыг удирдах;

27.1.2. улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын асуудлаар санал дүгнэлт гаргах;

27.1.3. намын бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

27.1.4. намын боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлж, сахилга, хариуцлагын талаар намаас баримтлах чиглэл гаргах;

27.1.5. намын гадаад харилцааг эрхлэх, гадаад орны улс төрийн намтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх;

27.1.6. намын санхүү, аж ахуйг эрхэлж, энэ асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтны ажилд хяналт тавих, жилийн төсөв батлах;

27.1.7. намын аж ахуй, санхүүгийн байдлын талаар намын Их, Бага хуралд тайлагнахын хамт Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороонд тухай бүр мэдээлж байх;

27.1.8. намын Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнийг байгуулах;

27.1.9. намын Нарийн бичгийн дарга нарын ажил үүргийн хуваарийг батлах;

27.1.10. намын төв хэвлэл “Монголын үнэн” сонин болон эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх;

27.1.11. Хяналтын Ерөнхий Хорооны дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн намын хорооны даргыг огцруулах эсэх тухай шийдвэрийг гарган аймаг, нийслэлийн намын хороонд хүргүүлэх;

27.1.12. Удирдах Зөвлөлийн хуралдааны дэгийн тухай журмыг тогтоох;

27.1.13. Намын Бага хурлаас шилжүүлсэн буюу даалгасан бусад эрх, үүрэг;

27.2. Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн нь Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга нараас бүрдэх бөгөөд намын Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газар /ажлын алба/-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах, аж ахуй санхүүгийн холбогдолтой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй. Намын гишүүд, иргэдээс намын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан санал хүсэлт, өргөдөлд хариу өгөх ажлыг зохион байгуулна.

 

28 дугаар зүйл. Удирдах Зөвлөлийн хуралдаан

28.1. Удирдах Зөвлөлийн хуралдааныг намын Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулна.

28.2. Намын дарга эсхүл Удирдах Зөвлөлийн гишүүдийн олонх нь шаардсан бол Ерөнхий нарийн бичгийн дарга хуралдааныг зарлан хуралдуулах үүрэгтэй.

28.3. Удирдах Зөвлөлийн хуралдааныг Ерөнхий нарийн бичгийн дарга удирдана, түр эзгүйд нь түүний даалгаснаар аль нэг Нарийн бичгийн дарга удирдана.

28.4. Удирдах Зөвлөлийн хуралдаанд гишүүдийн олонх нь оролцсон бол хүчинтэйд тооцно.

28.5. Удирдах Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.

28.6. Удирдах Зөвлөлийн тогтоолд гишүүд, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.

28.7. Шаардлагатай тохиолдолд Удирдах Зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж болно.

 

 

 

29 дүгээр зүйлМонгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

29.1. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

29.1.1. Удирдах Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

29.1.2. Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газар /ажлын алба/-ыг толгойлж, өдөр тутмынх нь ажлыг удирдах;

29.1.3. намын санхүү, аж ахуйг эрхлэн хөтлөх, батлагдсан төсвийг захиран зарцуулах;

29.1.4. намын архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомж, дүрэм, зааврын дагуу зохион байгуулах;

29.1.5. Монгол Ардын Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх;

29.2. Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.

 

30 дугаар зүйл.Удирдах Зөвлөлийн ажлын алба

30.1 Удирдах Зөвлөл хэрэг эрхлэх газар /ажлын алба/-тай  байна.

30.2. Ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийг Удирдах Зөвлөл батална.

30.3 Хэрэг эрхлэх газар /ажлын алба/-ын нэгжийн удирдлагыг Ерөнхий нарийн бичгийн даргын санал болгосноор Удирдах Зөвлөл, бусад ажилтныг “сонгон шалгаруулалтын үндсэн дээр” холбогдох нэгжийн удирдлагын санал болгосноор Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн томилж, чөлөөлнө. Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газар (ажлын алба) УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагаанд эрх хэмжээнийхээ хүрээнд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

 

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

НАМЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА

 

31 дүгээр зүйл. Намын Төв хэвлэл

31.1. Намын Төв хэвлэл нь “Монголын үнэн” сонин мөн.

31.2. Намын Төв хэвлэл нь намын гишүүдийн үзэл бодлыг илэрхийлж, нээлттэй, бие даасан үйл ажиллагаа явуулна.

31.3. Намын Төв хэвлэлийн эрхлэгч нь сонины үйл ажиллагаа, гишүүдээс намын ажлын тухай ирүүлсэн санал, хүсэлт, шүүмжлэлийн талаар намын Удирдах зөвлөлд мэдээлнэ.

31.4. Орон нутгийн намын байгууллага хэвлэлтэй байж болно.

31.5. Намын сонгуульт гишүүн бүр намын хэвлэл захиалах үүрэгтэй бөгөөд намын Бага хурлын гишүүний хандиваас намын хэвлэлийг бэлтгэх ажлыг санхүүжүүлэн  намын гишүүн бүхий айл өрх бүрт улирал тутмын тусгай дугаарыг үнэ төлбөргүй хүргэх, намын мэдээллийн нэгдсэн үйлчилгээг намын Удирдах Зөвлөл, аймаг, нийслэлийн намын хороод хамтран хариуцаж, намын анхан шатны байгууллагаар дамжуулан зохион байгуулна.

32 дугаар зүйл. Намын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллага

З2.1. Нам хараат бус бие даасан эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагатай байна.

З2.2. Намын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг намын Удирдах Зөвлөл батална.

32.3. Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны байгуулага нь МАН-ын Удирдах Зөвлөлд ажлын тайлагнана.

32.4.Судалгаанд тулгуурлан МАН-ын удирдах бүх шатны байгууллагуудыг арга зүйн зөвлөмжөөр хангах, намын боловсон хүчнийг бэлтгэхэд туслалцаа үзүүлэх үүрэгтэй байна. 

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

НАМЫН ХЯНАЛТ

 

33 дугаар зүйл. Намын хяналтын байгууллага, түүний бүрэлдэхүүн

33.1. Намын дотоод хяналт нь хараат бус бие даасан байна.

33.2. Монгол Ардын Намын дотоод хяналтыг Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо, аймаг нийслэл, сум дүүргийн Хяналтын хороо тус тус хэрэгжүүлэх ба НАШБ-д Хяналтын хэсэг байгуулна.

33.3. Хяналтын Ерөнхий Хороог намын Их хурлаас 15 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх, аймаг нийслэлийн Хяналтын хороог тэдгээрийн Бага хурлаас 9-11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Бага хурал хүртэлх хугацаагаар, НАШБ-ын бүх гишүүдийн хурлаас Хяналтын хэсгийг 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр тайлангийн хугацаагаар тус тус сонгоно. Сум дүүргийн намын Бага хурлаас 7-9 хүний бүрэлдэхүүнтэй Хяналтын хороо байгуулна. Хяналтын байгууллагын гишүүнээр сонгогдох намын гишүүн нь намд гишүүнээр элсээд арваас доошгүй жил болсон, гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд холбогдон ял шийтгэл хүлээж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй, гучин таван нас хүрсэн, намын дүрмийг хэрэглэх мэдлэг чадвар сайтай намын гишүүн байх шаардлагыг хангасан байвал зохино.

33.4. Хяналтын Ерөнхий Хорооны болон аймаг, нийслэл, сум дүүргийн хяналтын хороодын дарга, дэд даргыг гишүүд дотроосоо сонгоно. Хяналтын Ерөнхий Хорооны дарга болон аймаг, нийслэл, сум дүүргийн хяналтын хороодын дарга нар бүтэн орон тоогоор ажиллана. Хяналтын Ерөнхий Хорооны дарга намын Бага хурал, Удирдах Зөвлөлийн хуралдаанд; аймаг, нийслэл, сум дүүргийн хяналтын хороодын дарга аймаг, нийслэл, сум дүүргийн намын хорооны хуралдаанд тус тус зөвлөх эрхтэй оролцоно.

33.5. Намын Их хурал, аймаг, нийслэлийн намын Бага хурлын чөлөөт цагт Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн орон гарвал Хяналтын Ерөнхий Хороо намын даргатай зөвшилцөн, аймаг, нийслэлийн хяналтын хороо  Хяналтын Ерөнхий Хороотой, дүүргийн хяналтын хороо  нийслэлийн хяналтын хороотой тус тус зөвшилцөн нөхөн сонгоно.

33.6. Намын хяналтын байгууллагын хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцлийг тухайн шатны байгууллага хариуцан ажиллана. Хяналтын Ерөнхий Хороо болон аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороо жилийн төсвөө боловсруулан батлаж, намын Удирдах Зөвлөл болон тухайн шатны намын хорооны төсөвт тусгана.

33.7. Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэргэд намын сонгуульт болон намаас санал болгож сонгогдож, томилогдсон албан тушаалтны ёс зүйн асуудлыг хариуцсан намын Ёс зүйн хороо ажиллана. Ёс зүйн хорооны дарга нь Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга байна.

33.8.  Намын Хяналтын Ерөнхий Хороо, Аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороо нь  тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа намын сонгуульт болон намаас санал болгон сонгогдож,томилогдсон албан тушаалтны ёс зүйн байдалд хяналт тавина.

33.9. Ёсзүйн хорооны бүрэлдэхүүн ажиллах журмыг Хяналтын ерөнхий хороо батална.”

 

34 дүгээр зүйл. Намын хяналтын байгууллагын эрх, үүрэг

34.1. Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо дараахь эрх, үүрэгтэй байна:

34.1.1. Намын дүрмийн биелэлтэд хяналт тавих;

34.1.2. Намын боловсон хүчний бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;

34.1.3. Намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих;

34.1.4. Намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

34.1.5. Нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, Монгол Ардын Намын нэр хүндийг гутаан доромжлох зорилгоор тараасан мэдэгдэл, мэдээлэлд намын хэвлэл мэдээлэл хариуцсан нэгжтэй хамтран тухай бүр хариу өгөх;

34.1.6. намаас хасагдсан гишүүний гомдлыг хянаж шийдвэрлэх;

34.1.7. намын сонгуульт болон төрийн улс төрийн албан тушаалд сонгогдох, томилогдох гишүүн, түүнчлэн намын Их, Бага хурлын хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн талаар намын зохих шатны байгууллагад санал дүгнэлт оруулах;

34.1.8. намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах;

34.1.9. аймаг, нийслэлийн Хяналтын хороог арга зүйн удирдлагаар хангах;

34.1.10. энэ дүрмийн 34.1.1, 34.1.2, 34.1,4-т заасан асуудлаар жил бүр намын Бага хуралд мэдээлэл хийх;

34.1.11. Хяналтын Ерөнхий Хорооны шалгалтаар аймаг, нийслэлийн намын хорооны үйл ажиллагаанд ноцтой зөрчил гарсан болон хангалтгүй ажиллаж байгаа нь тогтоогдсон тохиолдолд намын Удирдах зөвлөлөөс баталсан намын байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний шалгуур үзүүлэлт тогтоох, хариуцлага тооцох журмын дагуу холбогдох удирдах албан тушаалтныг огцруулах хүртэл арга хэмжээ авах саналыг намын Ерөнхий нарийн бичгийн даргад гаргах;

34.1.12. намын дүрмийг нэг мөр ойлгон хэрэглэх талаар маргаан үүссэн тохиолдолд тайлбар гаргах;

34.2. Аймаг, нийслэлийн Хяналтын хороо нь энэ дүрмийн 34.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Энэ дүрмийн 34.1.9, 34.1.12 үүнд үл хамаарна.

34.3. НАШБ-ын дэргэдэх Хяналтын хэсэг энэ зүйлийн 34.1.9, 34.1.11, 34.1.12-д зааснаас бусад эрхийг хэрэгжүүлнэ.

34.4. Намын хяналтын байгууллага нь тухайн шатны намын болон доод шатны хяналтын байгууллага, сонгуульт албан тушаалтны гаргасан дүрмийн хэм хэмжээг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно.

 

35 дугаар зүйл. Хяналтын хорооны хуралдаан

35.1. Хяналтын хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.

35.2. Хяналтын хорооны хуралдааныг дарга нь зарлан хуралдуулж удирдана.

35.3. Хорооны гишүүдийн олонх нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

35.4. Хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.

35.5. Хорооны хурлын тогтоолд хуралдаанд оролцсон гишүүд, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.

 

АРАВДУГААР БҮЛЭГ

 НАМААС СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙГ ТОДРУУЛАХ

 

36 дугаар зүйл. Намаас УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд тавих нийтлэг шаардлага

 

36.1. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших гишүүн нь “Монгол Ардын Намаас төр, улс төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдох, томилогдох гишүүний ёс зүйн хэм хэмжээ”-г зөрчөөгүй байна.

36.2. Намаас сонгуульд нэр дэвшигчид тавих шалгуур болон бусад асуудлыг Бага хурлаас баталсан журмыг баримтлан шийдвэрлэнэ.

 

37 дугаар зүйл. Ерөнхийлөгч, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшүүлэх

 

37.1. НАШБ нь Ерөнхийлөгч, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой гишүүнийг намын Бага хурлаас баталсан журмын дагуу явуулах намын гишүүд болон гишүүн бус иргэдийн өргөн оролцоотой чөлөөт, ардчилсан, шударга өрсөлдөөнт хэлэлцүүлгийн үндсэн дээр тодруулна.

37.2 Энэ дүрмийн 37-.1-т заасан хэлэлцүүлгээр тодорсон 2 хүртэл УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой гэж үзсэн мандатын тоотой тэнцүү гишүүд дэмжигчдийн  талаар намын Бага хурал хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах бөгөөд  нэр дэвшигчдийг холбогдох байгуулагад бүртгүүлэх ажлыг Удирдах Зөвлөл зохион байгуулна.

37.3. Аймаг, нийслэлийн намын хороо нэр дэвшигчийг хурлаараа хэлэлцэж саналаа нууцаар хураан шийдвэрлэж, сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлнэ.

 

38 дугаар зүйл. Сум, дүүргийн ИТХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх

38.1. Сум, дүүрэг, хорооны ИТХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг сум, дүүрэг, хорооны намын хороо, үүрийн хурлаар хэлэлцэн нууц санал хураалтаар шийдвэрлэж сонгуулийн холбогдох байгууллагад хүргүүлнэ.

 

39 дүгээр зүйл. Сонгуулийн дүнгээр хариуцлага хүлээх

39.1. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам   дангаар болон эвсэн Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болсон тохиолдолд намын дарга огцрох хүсэлтээ Намын Их хуралд тавина. Шинээр намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийг сонгох хүртэл  намын дүрмээр хүлээсэн  эрх, үүргээ өмнөх намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөл хэрэгжүүлнэ. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөл ийнхүү огцорсон нь сонгуульт үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн Удирдах Зөвлөлийн гишүүн намын удирдах албан тушаалд нэрээ дэвшүүлэхэд саад болохгүй.

 

 

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ

УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ

 

40 дүгээр зүйл. Намын бүлгийг байгуулах

40.1. УИХ-д сонгогдсон өөрийн гишүүдээр Монгол Ардын Намын бүлгийг байгуулна.

40.2. Бүлэг өөрийнхөө дотроос бүлгийн ахлагчийг сонгоно.

40.3. Бүлэг асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

40.4. Бүлэг нь хууль тогтоомж, Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийн хүрээнд бие даан ажиллана.

40.5. Монгол Ардын Намын Удирдах байгууллага намын бодлогын асуудлаар бүлэгт чиглэл өгч, санал солилцож болно.

40.6. Бүлэгт УИХ-ын бусад гишүүд нэгдэн ажиллаж болно.

 

41 дүгээр зүйл. Намын бүлгийн эрх, үүрэг

41.1. УИХ-аас гаргах хууль, шийдвэрт намын бодлогыг тусгаж, тэдгээртэй холбогдсон асуудлаар намын байр суурийг илэрхийлнэ.

41.2. Намын бодлого боловсруулахад бүлгийн гишүүдийг идэвхитэй оролцуулна.

41.3. УИХ дахь гишүүдийнхээ үйл ажиллагаа, сахилга, ёс зүйд тодорхойлолт гаргаж Удирдах Зөвлөл, Хяналтын Ерөнхий хороо болон ёсзүйн хороонд өгнө.

41.4 Үйл ажиллагааныхаа талаар Монгол Ардын Намын Бага хурал, Удирдах Зөвлөлд мэдээлнэ.

 

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ АРДЫН НАМ БА БУСАД БАЙГУУЛЛАГА

 

42 дугаар зүйл. Монгол Ардын Намын дэргэдэх болон дэмжигч байгууллага

42.1.Монгол Ардын Намын дэргэд намын эрхэм зорилго, хичээн эрмэлзэх зүйлийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ татан оролцуулж дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр Ахмадын холбоо, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо үйл ажиллагаагаа хууль болон тус тусын дүрмийн хүрээнд явуулна.

42.2. Намын гишүүд, дэмжигчид Монгол Ардын Намыг дэмжигч байгууллагыг байгуулж болно.

42.3. Намын дэргэдэх болон дэмжигч олон нийтийн байгууллага өөрийн үйл ажиллагаатай холбоотой аливаа хариуцлагыг бүрэн хүлээнэ.

42.4. Монгол Ардын Нам үндэсний эрх ашгийн үүднээс үйлдвэрчин болон иргэний нийгмийн бусад байгууллагатай хүний эрх, ногоон хөгжил, байгаль хамгаалал, иргэдийн соёл боловсрол, биеийн тамир спортын чиглэлээр түншлэлийн зарчмаар идэвхтэй хамтран ажиллана. Нам  нийгмийн чанартай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, судалгааны ажил явуулахыг дэмжих бөгөөд энэ зорилгоор гэрээний үндсэн дээр намын дэргэдэх болон иргэний нийгмийн бусад байгууллагуудад зарим ажил үүргийг шилжүүлэн гүйцэтгүүлэх буюу эсхүл хамтран зохион байгуулж болно.

42.5. Улс төрийн бусад нам, эвсэл, холбоо, хөдөлгөөнтэй харилцахдаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, ард түмний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд хамтран ажиллаж болно.

42.6 Намын дэргэдэх төрийн бус байгууллагын салбар нэгжийн дарга нь тухайн шатны намын байгууллагын тэргүүлэгч гишүүн байна

 

АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ

НАМЫН ӨМЧ ХӨРӨНГӨ

 

43 дугаар зүйл. Намын хөрөнгийн бүрдэлт, зарцуулалт

43.1. Монгол Ардын Намын хөрөнгө нь гишүүдийн татвар, байгууллага, хүмүүсээс өргөсөн хандив, төрөөс олгосон санхүүгийн дэмжлэг, гэрээслэсэн зүйл, намын бэлгэдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, намын өмчлөлд байгаа барилга байгууламж, эд юмс, намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны болон хуульд заасан бусад орлогоос бүрдэнэ.

43.2. Намын архив, сан хөрөнгө нь түүний халдашгүй бөгөөд хуваагдашгүй өмч мөн.

43.3. Намын бүх шатны байгууллага, хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүр гишүүдэд мэдээлж байна.

44 дүгээр зүйл. Намын гишүүний татвар, түүний хэмжээ

44.1. Гишүүний татвар нь намын анхан шатны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр мөн.

44.2. Татвар төлөх гишүүдийн жагсаалт, төлөх татварын хэмжээ, хугацааг НАШБ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж баталгаажуулна.

44.3. НАШБ гишүүний сард төлөх татварын хэмжээг намын Бага хурлаас баталсан санхүүжилтийн журмын дагуу тогтооно.

44.4. Намын гишүүний татварын хэмжээг энэ дүрмийн 42.3-т зааснаас илүү тогтоох, татвар төлөхөөс гишүүнийг чөлөөлөх, татварын хэмжээг бууруулах, татварыг бэлэн бусаар буюу бараа оролцуулах, ажил гүйцэтгэх журмаар төлөх асуудлыг НАШБ-ын бүх гиишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

45 дугаар зүйл.  Татварын хураалт, зарцуулалт

45.1. Татвар хураах ажлыг гүйцэтгэх гишүүдийг НАШБ-ын тэргүүлэгчдийн хурлаас томилж, ажлын үр дүнг улирал бүр дүгнэн зохих урамшуулал өгч болно.

45.2. Гишүүний татварыг намын үүр, анхан шатны хороодын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан зарцуулна.

45.3. Намын гишүүн харъяалагдах НАШБ-д татвараа төлнө.

46 дугаар зүйл. Намын сонгуульт гишүүний татвар түүний хэмжээ

46.1. Намын сонгуульт гишүүн намын санхүүжилтын журмын дагуу намд сонгуульт гишүүний татвар төлөх бөгөөд энэ нь түүнийг гишүүний татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй.

46.2. Намын шат шатны байгууллагад давхар сонгуультай гишүүн нь өөрийн сонгогдсон хамгийн дээд шатны байгууллагад тогтоосон

46.3. Намын сонгуульт гишүүний татварын хэмжээ, түүний хуваарилалт, зарцуулалтыг намын Бага хурлаас баталсан намын санхүүжилтын журмаар тогтооно.

 

47 дугаар зүйл Татварын бүрдүүлэлт, зарцуулалт

 

47.1. Намын сонгуультны татварын төлөлтөд намын хяналтын байгууллага хяналт тавина.

47.2. Намын сонгуультан хүндэтгэн үзэж шалтгаангүйгээр татвараа төлөөгүй нь намаас хариуцлага хүлээлгэх үндэс болно.

47.3. Намын байгууллага татварын орлого, зарцуулалтын тайланг дараа оны эхний сарын 15-ны дотор гаргаж намын дээд шатны байгууллага, тухайн шатны намын хяналтын байгууллагад хүргүүлнэ. Намын Бага хурлын гишүүдийн татварын тайланг жилийн тайлан тэнцлийн хамт гаргаж, намын Удирдах Зөвлөлөөр батлуулан Хяналтын Ерөнхий Хороонд танилцуулж Бага хуралд оруулан хэлэлцүүлнэ.

47.4. Намын байгууллага татварын орлого, зарцуулалтын тайланг дараа оны эхний сарын 15-ны дотор гаргаж намын дээд шатны байгууллага, тухайн шатны намын хяналтын байгууллагад хүргүүлнэ. Намын Бага хурлын гишүүдийн татварын тайланг жилийн тайлан тэнцлийн хамт гаргаж, намын Удирдах Зөвлөлөөр батлуулан Хяналтын Ерөнхий Хороонд танилцуулж Бага хуралд оруулан хэлэлцүүлнэ.

 

48 дугаар зүйл  Гишүүд, дэмжигчдийн хандив

48.1. Намын бүх шатны байгууллага намын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, хандив хуримтлуулах ажлыг зохион байгуулна.

48.2. Хандивыг зөвхөн сайн дурын үндсэн дээр өгөх бөгөөд гишүүд дэмжигчдийн өргөсөн хандив нь намаас хариу нэхэх үндэслэл болохгүй.

48.3. Хандивлагчдын нэрсийн жагсаалт, мөнгөн дүн, түүний зарцуулалтыг хандив цуглуулах болсон арга хэмжээ бүрээр тухайн үед нь гаргаж жил тутам дээд шатны намын байгууллагад мэдээлнэ.

48.4. Хандивын нэгдсэн тайланг намын ажлын албаны санхүүгийн асуудал эрхэлсэн хэлтэс жилийн дүнгээр нэгтгэн гаргаж Удирдах Зөвлөлд танилцуулан Хяналтын Ерөнхий Хороонд хүргүүлнэ.