Мэдээ мэдээлэл
МОНГОЛ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ТОМИЛЛОО

УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 87,9 хувийн саналаар  Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Өдгөө 41 настай Л.Оюун-Эрдэнэ ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хамгийн залуу Ерөнхий сайдуудын нэг болж байна.  

Өнгөрсөн Баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр 100 хувийн санал нэгдсэн юм. Үүний дараа МАН-ын Бага хурал хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг эцэслэн тодруулсан.
Засгийн газрын тэргүүний ажлаа хүлээлгэн өгч буй У.Хүрэлсүх түүнийг төрийн байгууллага, Засгийн газар, УИХ-д ажилласан туршлагатай, төрийн ажил, Засгийн газрын бодлогыг цааш залгамжилж авч явж чадах чадварлаг боловсон хүчин гэж тодорхойлжээ. 
Түүний хувьд Бага хурлын үеэр намынхаа нөхөддөө баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулахдаа "Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна" гэжээ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОВЧ НАМТАР: Тэрээр 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. Ам бүл 5. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.

БОЛОВСРОЛ 
- 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
- 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
- МУИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
- 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
- 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
- “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
- “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч

СОНГУУЛЬТ АЖИЛ
- 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
- 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
- 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
- 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
- 2016-2020 онд УИХ-ын гишүүн
- 2019-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2020 оноос УИХ-ын гишүүн
- 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 

Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.